"Рио-2016" олимпийн наадмын боксын 60 кг-ын жинд ОУХМ Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль хүртсэн. Гэвч монголчууд мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаан будлиантай болсон гэж дүгнэж байна. Бид энэ асуудлаар Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасантай ярилцлаа.
-БОКС МЭДДЭГ БАЙТУГАЙ, МЭДДЭГГҮЙ ХҮН Ч ЛУЙВАРДСАН ГЭДГИЙГ
ОЙЛГОХООР БАЙСАН ШҮҮ ДЭЭ-
-Манай тамирчин Д.Отгондалай гурван үеийн турш илт давуу байсан ч өрсөлдөгч тамирчныг ялагч болголоо гэж манай монголчууд шүүмжлэлтэй хандаж байна. Зарим спортын төрлүүдэд ч энэ мэт буруу шүүлт ажиглагдсанаас манайхны сэтгэлзүй эмзэг болж ийн хардах болов уу?
-Би өглөө өөрөө энэ тоглолтыг тайлбарласан. Бокс мэддэг хүн байтугай, бокс мэддэггүй хүн ч улаан цайм луйвардсан гэдгийг ойлгохоор байсан шүү дээ. "AIBA”-ийн ийм хутгааныг алийн болгон хүлээн зөвшөөрч, эвлэрч явах билээ, энэ бол цэвэр луйвар. Нийт 197 орныг эгнээндээ нэгтгэсэн ийм том холбооноос 79 орон л олимпод оролцох эрх авч чадсан. Цаана нь 120 орны тамирчин орж чадаагүй. Гэтэл ийм хүнд замыг туулж "Рио”-д очоод, тэр хүнд тоглолтуудыг хийж, медалийн болзол хангачихаад байхад нь шийдвэрлэх тоглолт дээр нь луйвар хийнэ гэдэг тамирчны хөлс, хөдөлмөрийг ойлгохгүй, хүндлэхгүй байгаагийн л илрэл. Шүүгч нар гарынхаа аясаар л, хуруугаараа коноп дээр дараад л хүний хувь заяаг шийдчихэж байна. Ингэж болохгүй шүү дээ. Д.Отгондалай рингэн дээр гараад есөн минут тулалдаж байгаа боловч арван хэдэн жилийн хөлс хөдөлмөрийнхөө үр шимийг үзүүлж байгаа. Гэтэл тэр хөдөлмөрийг нь арай л үнэгүйдүүлчихлээ. Энэ олимпийн дараа маш их асуудал үүсэх нь тодорхой. Олимпоор ганц Д.Отгондалай биш олон тамирчин ийм асуудалтай тулгарч байгаа. Би өөрөө энэ салбарт 30 жил ажиллаж байна, мөн энэ олимпоор боксын тэмцээнийг тайлбарлан хүргэж байгаагийн хувьд гомдмоор, харамсмаар тоглолт, шүүлтүүд их байна.
-Эзэн орны шүүгч ажилласан шүү дээ?
-Тийм ээ. Финалд Бразил улсын тамирчин үлдсэн. Ингэхдээ Кубын тамирчныг мөн л луйвардаж ялсан. Хэрэв Д.Отгондалай гарч ирвэл ялах магадлал өндөртэй тул эзэн орны тамирчны замыг засч байна гэж харж болно. Яг өөрсдөө нутаг дээрээ угсруулаад луйвардах хэцүү л байгаа байлгүй. Шүүгчийг нь харахад ашиг сонирхлын зөрчилтэй. Маргааш Бразил улсын тамирчинтай тоглох тамирчныг сонгож байгаа шийдвэрлэх тулааны шүүгч нь бразил шүүгч байна гэдэг шударга уу? Мөн хөрш орон Эквадор, хамтын нөхөрлөлийн орон Куба шүүгч нар ажиллаж байхад тоглолтоос өмнө шийдвэр нь гарчихсан байсан гэж ч хэлж болохоор шиг. Энэ тэмцээний ерөнхий шүүгч энэ хуваарийг хийж байгаа тул энэ хүний л хийж байгаа ажил.
-Иймэрхүү будлиантай шүүлт өмнө нь ч байсан, одоо ч байна. "Рио-2016” олимпод Монгол улсаас Х.Хас-Эрдэнэ шүүгч ажиллаж байгаа ч бусад орны шүүгчид шиг өөрийнхөө тамирчныг хамгаалж чадсангүй гэж шүүмжлэх хүмүүс байна?
-Нийт 36 шүүгч шилэгдэн очиж, ажиллаж байгаа. Бид Хасаатай байнга л холбоотой байж, ярьж байна. Өнөө өглөө ч ярьсан. Энэ асуудал Хасаагийн мэдлээс давсан, том асуудал шүү дээ. Хасаа тэнд ганцаараа яах билээ дээ? Шийдвэрлэх түвшний ажил хийдэг хүн биш, тэнд шүүгчийн оноолт хийхгүй. Ерөнхий шүүгчийнхээ даалгаврыг аваад гарч ирж байгаа шүүгчид Хасаа юу ч гэж хэлээд дийлэхгүй нь мэдээж. Тэр хүн хийх зүйлээ хийж, чадлаараа л ажиллаж байгаа. Мэдээж монгол хүн юм чинь Монголынхоо төлөө, Монгол тамирчныхаа төлөө, ялалтынх нь төлөө, медалийнхаа өнгийг хувиргачихаасай гээд чин сэтгэлээсээ хүсээд л явж байгаа. Бидний адил л ажиллаж байгаа тэр хүнийг буруутгах юм байхгүй.
-2013 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГААС ХОЙШ ГОМДОЛ ГАРГАХЫГ
ХУУЛИАР ХОРИГЛОСОН-
-Олимп өнгөрсний дараа энэ тоглолтын талаар гомдол, зарга гаргах боломж бий юү?
-Гомдол гаргах, зарга хийхийг "AIBA”-ийн дүрмээр хорьсон. 2012 оны Лондонгийн олимпод гомдол гаргахыг зөвшөөрч байсан. Гомдлын дагуу Украины тамирчин заргаа авч байсан, манай У.Мөнх-Эрдэний нэр дээр Английн тамирчин зарга үүсгэсэн гэх мэтээр хэлэлцдэг байсан юм. Гэтэл энэ дүрмийг 2013 оны дэлхийн аваргаас хойш хорьчихсон юм. Хэрэв би 500 доллар төлчихвөл тоглолтоо эргэж үзье, манай тамирчны ийм тоглолтыг ингэж шүүлээ гээд Шүүгчийн зөвлөлд гомдол гаргаж болдог байлаа. Тиймээс сая болж өнгөрсөн тулааны талаар гомдол гаргах боломж байхгүй. Энэ шийдвэр үүгээрээ л үлдэнэ. Харин манайх шиг гомдолтой байгаа олон орон нэгдээд, цаашид шүүлтийг илүү шударга болгох тал дээр санаа оноогоо оруулахаар ажиллаж болно. Харин ганцхан Д.Отгондалайгийн тулаанд гомдол гаргах эрх бидэнд байхгүй.
-Тэгэхээр буруу шүүсэн гэж үзэж байгаа шүүгчид хариуцлага тооцуулах, шалгуулах ямар ч эрхзүйн үндэс байхгүй гэсэн үг үү?
-Байхгүй. Нэгэнт гарчихсан шийдвэрийг огт буцааж өөрчлөхгүй болохоор шүүгч нар өөрийнхөө нэр хүндийг золиод ч хамаагүй ийм юм хийж байна.
-Тухайн үед спортын ордон даяараа шүүлтийг эсэргүүцэж байсан. Ийм үед ч шүүгчид ямар нэгэн тайлбар өгч, хоорондоо дахин ярилцдаггүй юу?
-Үгүй. Ийм зүйл анх удаа гарч байгаа биш өмнө нь ч гардаг байсан, гарч байгаа. Шүүлтийн системийг сайжруулах гэж "AIBA” оролдсоор л байгаа. Хэсэг бүлэг шүүгч нарын хуйвалдаанд л "явчихлаа”.
-Магадгүй тамирчныг "унатал” нь цохиж байж л медалийнхаа өнгийг хувиргах ганц боломж бий гэж үзэгчид ярьж байсан?
-"AIBA”-д зөвшөөрөгдсөн, одоо ашиглаж байгаа бээлий нь тамирчны цохилтын 70 хувийг бууруулдаг. Ийм бээлийгээр хүний "унатал” цохино гэдэг хэцүү. Магадгүй 1980-аад онд хэрэглэж байсан бээлийгээр аль хэдийнэ цохиод унагачихсан байж болох. Одоо тамирчны эрүүл мэндийг нэгдүгээрт тавьдаг болсон. Тэгээд ч Францын тамирчин тийм ч муу тамирчин биш, Оросын тамирчин гэх мэт сайн сайн тамирчдыг ялж байж үлдсэн шүү дээ.
-МОНГОЛЫН ЦАГААР АЖЛАА ХИЙЧИХЭЭД, РИОГИЙН ЦАГААР
БОКСОО ТАЙЛБАРЛАЖ БАЙНА-
-Хүрэл медалийн төлөө тоглох болзол хангаад байгаа Цэндбаатарын талаар та танилцуулахгүй юу?
-Цэндбаатар яг одоо л ид гарч ирж байгаа залуу. Боксоор 2008 оноос хойш хичээллэсэн санагдана. Багаасаа сайхан авьяастай байсан хүүхэд. Энэ жилийн тухайд Цэндбаатар их сайн амжилтууд үзүүлсэн. Германы "Химийн цом” гээд А зэрэглэлийн тэмцээнээс алтан медаль хүртсэн, Чехийн Гранпри гээд олон улсын А зэрэглэлийн тэмцээнд мөн алт авсан. Сая Бакугийн бага дэлхийн аваргад финалдсан. Бид алт, мөнгийн төлөө тоглуулаагүй. Гар, хөл нь гэмтэлтэй байсан учир том тэмцээний өмнө дэмий гэж үзсэн, хайрлалгүй тоглуулсан бол алт авахаар л тамирчин. Хайрласны үр дүнд тамирчны маань амжилт гарч байна. Одоо 20 настай залуу тамирчин шүү дээ, тиймээс олон жил Монгол түмнээ баярлуулах байх аа.
-Танд миний асуулгүй үлдээсэн зүйл байвал нэмж хэлнэ үү?
-Манай тамирчид бүгдээрээ чадлаараа сайн өрсөлдөж байна. Яг үнэнийг хэлэхэд би тамирчдаа энэ олимпийн наадамд сайн оролцож байгаа гэж үзэж байгаа шүү. Манай тамирчдын бэлтгэл сайн байсан, сайн байгаа нь харагдаж ч байсан. Гарцаагүй ялагдлаа гэсэн тоглолт бараг гарсангүй, эн тэнцүүхэн болж өнгөрсөн тоглолтод бид "будлиантай” боллоо гэж ярихгүй. Энэ бол бокст байдаг л юм. Яг үнэнийг хэлэхэд Д.Отгондалайгийн тал дээр л ийм гомдол бий. Бусад тамирчдын хувьд эн тэнцүүхэн, сайхан өрсөлдсөөр тэмцээнээ дуусгалаа. Тамирчид, дасгалжуулагчиддаа баярлалаа гэж хэлье. Өмнөх олимпуудад манайхан дандаа хос медальтай ирж байсан. Энэ удаа ч бид хос болгохын төлөө хичээх болно. Хос болоод, өнгөө хувиргаад ирэх боломж бий.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны хувьд олимпийн наадмыг боксын тоглолтуудаас үзэгчиддээ тайлбарлан хүргэж байгаа. Өдрийн цагаар ажлаа хийж, үүрээр олимпоо тайлбарлаад ачаалал ихтэй байна уу?
-Манай Т.Үйтүмэн, олон улсын шүүгч Г.Бадрах бид гурав ээлжлээд л тайлбарлаж байна. Хоёр орны цагаар л амьдраад байна шүү дээ, өдөр нь Монголын цагаар ажлаа хийчихээд л, шөнө нь Риогийн цагаар боксоо тайлбарлаад л (инээв.сурв). Дундуур нь ганц хоёр цаг гарвал унтаад л явж байна. Болж байгаа, сайхан байгаа.
-Уншигчдынхаа өмнөөс танд дахин баярлалаа гэж хэлье.
Б.ГЭРЭЛ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯР
Эх сурвалж: Мэдээ.мн
http://medee.mn/main.php?eid=82194
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих