Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн нэрийг хуучин статуст нь оруулж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болгосон билээ. Улмаар даргаар нь сагсан бөмбөгийн мастеруудаас төрсөн анхны гавьяат Ц.Шаравжамцыг томилсон. Гэхдээ тэр түр орлон гүйцэтгэгчийн үүрэгтэй.
Тэгвэл шинэ албанд томилогдсон Ц.Шаравжамц дарга өчигдөр албан ёсоор тамгаа гардаж авлаа. Тамга хүлээлцэх үед БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал асан Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Х.Бахытжан нарын албаныхан оролцов.
Тамга хүлээлгэх үеэр Ж.Батсуурь сайд "Шинэ Засгийн газрын бүтцээр манай яам хоёр агентлагтай болсны нэг нь Биеийн тамир, спортын газар юм. Манай тамирчид өмнө нь байгаагүй олон бүрэлдэхүүнтэй Риогийн олимпод оролцож байна. Ажлаа авч байгаа шинэ дарга нь салбарын хүн учраас цаашид улам илүү сайн ажиллах байх. Бид өвлийн спортын ордонтой болох мөрөөдөлтэй. Тиймээс спортын салбарын бүх хүн үүнд анхаарал тавьж байгаа юм. Олон хүний анхаарал тавьсны үр дүнд тамирчдын маань амжилт улам дээшилж, өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлж, сайн ажиллахыг хүсье. Бид тамирчдаа маш сайн дэмжиж ажиллах ёстой шүү” гэж хэлсэн юм. Харин Ц.Шаравжамц дарга "Хоёргүй сэтгэлээр энэ салбартаа зүтгэж, спортыг хөгжүүлэхэд анхаарал хандуулна” гэдгээ илэрхийлэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих