Ардчилалын алтан хараацайнуудын нэг, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж шалгаж эхэлснээс хойш бараг жилийн нүүр үзэх гэж байна.
Энэ хүнийг чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мөн Эрүүгийн хуулийн хэдийн хэдээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн зэрэг нь тодорхойгүй бүрхэг хэвээрээ байгаа юм. Албан бус эх сурвалжийн хэлснээр анх хэргийн хохирогчоор холбогдуулсан байсан ч Б.Булганыг өдгөө сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байгаа гэх. Түүнийг Төв аймгийн цагдан хориход хорьсноос хойш батлан даалтад гарахгүй байсаар өдийг хүрсэн байгаа.
Эх сурвалжуудын ярьснаар саатуулан шалгах шаардлагатай тул ийнхүү саатуулсан гэх тайлбарыг хийхээс өөр мэдээлэл өгдөггүй гэж хэлж болно.
Тэгвэл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсэн хэвээрээ байгаа гэдгийг Улсын ерөнхий прокурорын туслах, хэлтсийн дарга Э.Амарбат өчигдөр мэдээлэв.
Түүний мэдээлснээр "Б.Булганд холбогдох хэрэг прокурорын хяналтанд байгаа. Хэрэгт нэг бус хүнийг шалгаж байна. Хэргийн нөхцөл байдал тогтоогдсон асуудлын талаар хэлэх боломжгүй, учир нь нууцын зэрэглэлд хамаарна. Б.Булганыг цагдан хорьсон, хорих хугацааг нь сунгаж байгаа асуудал нь өөрөө прокурорын хяналтад шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй гэдгийг дахин онцолж хэлье. Манай дээр хэрэг нь ирээгүй байгаа тул мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэж ойлгоорой. Төв аймагт цагдан хоригдох үед нь Б.Булганы эрхийг хязгаарласан байна, эрхийг нь ноцтой зөрчсөн байна гэх асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий прокурорын тушаал гарч хоригдож байгаа нөхцөл байдлыг нь газар дээр нь шалгасан. Хүний эрхийг хязгаарласан зөрчил илэрснийг арилгуулж, шийдвэр гүйцэтгэхийн зохих албан тушаалтанд нь хариуцлага тооцсон байгаа. Цаашид дээрх шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин гаргуулахгүй байх талаар анхаарал хандуулж ажиллах чиглэл өгсөн байгаа” гэв.
Харин өөр нэгэн эх сурвалж Б.Булганыг Төв аймгийн цагдан хорих төвд ганцаарчилан хорьж байгаа бөгөөд өмгөөллийн үйл ажиллагаа хэвийн явагдаж буйг дурдаад, тагнуулын ажилтнууд түүнийг байцааж байгаа гэв.
О.Сайхан
http://www.zaluu.com/read/914386ga
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих