Түүнчлэн өнгөрсөн жилийн намар УИХ-ын зарим гишүүн, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга нарыг Дорнод аймагт ажиллах үеэр Нөмрөгийн заставт ноцтой асуудал үүссэн талаар яригдаж байсан. Тодруулбал, хил нэвтрэн орж ирж, хадлан хадаж байсан Хятадын иргэдийг Нөмрөгийн заставын хоёр хилчин баривчлах гэтэл Хятад улсын таван хилчин буу тулган сүрдүүлж, иргэдээ хилээр буцаан авч гарсан байдаг.
Тэгвэл уржигдар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн зүүн аймгуудын нутгаас хятадууд хадлан бэлтгээд удаж байгаа. Энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй болсон тухай мэдэгдлээ.
Монгол Улс 112.7 сая га бэлчээр хадлангийн талбайтай. Малын тоо толгой хэт өссөний улмаас бэлчээрийн даац хэтэрч, хадлангийн талбай ихээхэн багасаад байгаа нь нууц биш. Улсын болон Улаанбаатар хот, Дархан-Уул, Төв аймгийн нөөцийн өвсийг зүүн аймгуудаас л бэлтгэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд хятадууд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй өвс хадлан бэлтгэж нутаг руугаа ачих болсон нь өнөөдөр төр засгийн чихэнд хүртлээ гаарчээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр ч хятадууд хадлан бэлтгэж л байна гэсэн үг. Тэгвэл зөвшөөрөл олгож, өвсөө хадуулдаг гэгддэг зүүн аймгийн удирдлагууд энэ асуудалд ямар суурьтай хандаж байна вэ. Бид энэ талаар тодруулахаар Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөртэй уулзахад "...Энэ жил аймаг гандуухан байгаа. Хадлан тэжээлээ сайтар нөөцөлж авахгүй бол өвөлжилт хүндрэх эрсдэлтэй. Энд нэг асуудал байгаа нь Хятадууд сумын Засаг дарга нарын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр хадлан хадах асуудал яригдаж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй үед бэлчээр, отрын нутгаа нөөцлөх зэргээр Хятадуудтай холбоотой асуудлыг зайлшгүй шалгаж цэгцлэх ёстой” гэсэн юм.
Үүнээс гадна сүүлийн үед хэвлэлүүдээр нэгэн ноцтой гэмээр мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, Хятадын нэгэн хэвлэлийн саяхны дугаарт "...Монголоос өвс хадаж байгаа явдал бол дотоодын экосистемээ хамгаалах үүднээс хийж буй ажил” хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих