Филиппины Палаван арал дээр оршин суудаг нэгэн загасчин эр дэлхийн хамгийн томд тооцогдох сувдыг олсон байна. Энэ сувдны үнэлгээ 100 орчим сая доллараар хэмжигдэнэ. Загасчин эр түүнийг 10 жилийн тэртээ олсон ч бодит үнийг нь мэдэхгүй байсан аж. Пуэрто-Принсеса хотын оршин суугч тэрхүү сувдыг 2006 онд хүчтэй далайн шуурганы үеэр олжээ. Тэгэхэд түүний завь нэг том хясаанд тээглэчихсэн байна. Мань хүн 34 кг жинтэй сувдыг орон доогуураа хийж нуусан бөгөөд өөрийнхөө бэлгэдэл болгосон гэнэ. Түүний урц галд өртсөний дараагаар загасчин эр сувдаа бусад хүмүүст үзүүлэхээр шийджээ. Загасчин эр олдвороо орон нутгийн аялал жуулчлалын асуудал хариуцсан газар аваачсан аж.
Загасчин эрийн олдвор дэлхийн хамгийн томд тооцогдож байсан сувднаас хэмжээ болон жингээрээ тав дахин илүү юм. Өмнө нь хамгийн том сувдаар мөн л Филиппинээс олдсон долоон кг жинтэй "Аллахын сувд” тодорч байсан билээ. "Пуэрто-Принцесса” гэдэг нэртэй болсон сувдыг тун удахгүй олон нийтэд үзүүлэх гэнэ. Тус хотын захиргаа түүнийг жуулчдыг татах зорилгоор хотдоо үлдээхээр төлөвлөж байгаа аж. Харин сувдны эзэн ямар нэгэн шагнал, урамшуулал авах эсэх нь тодорхойгүй хэвээр үлдэв.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18878
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих