Монголын шүүгчдийн холбоо төрийн бус байгууллагаас Шүүхийн ерөнхий
зөвлөлийг ёс зүйтэй ажиллахыг хүсчээ. Тодруулбал "шүүгчийн хараат бус,
шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор ажиллах” үндсэн чиг үүрэгтэй
байгууллага нь өөрийн дур зоргоор биш, үндсэн зарчим ёсоор үүргээ
гүйцэтгэж, алдаагаа засаж, цаашид хуулийн дагуу ажиллах ёстой гэж
анхааруулжээ. Учир нь шүүгчдийн холбоо төрийн бус байгууллагад ажлаасаа
үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн гэх 12 шүүгч өргөдөл гомдол гаргасан аж.
Тус холбоо шүүгчдийн гаргасан гомдлыг нарийн нягталж шалгасны үндсэн
дээр ШЕЗ-ийн буруутай ажиллагааг тогтоожээ.
Тухайлбал хууль зүйн үндэслэлийг нь судлаад ШЕЗ-ийг буруу шийдвэр
гаргасан гэж тогтоосон гэсэн үг. Уг нь шүүх татан буугдаагүй, бүтэц
зохион байгуулалтын өөрчлөлт орсон байхад ШЕЗ шүүгч нарыг шилжүүлэн
томилуулах санал өргөн мэдүүлэх ёстой байсан аж. Гэтэл дээрх нэр бүхий
12 шүүгчийг яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаагаа тодорхой
дурьдалгүйгээр шууд л чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа саналаа Ерөнхийлөгчид
хүргүүлээд байгаа аж.
Угтаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт
зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь "шүүгчийн хараат бус, шүүхийн бие
даасан байдлыг хангах” зорилготой байгууллага бөгөөд 49 дүгээр зүйлийн 4
дэх хэсэг, шүүхийн захиргааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3,
5.1.4- т зааснаар шүүгчийг шилж олохоос гадна шүүгчийн эрх, хууль ёсны
ашиг сонирхлыг хамгаалах үүргийг хэрэгжүүлээгүй гэнэ.
Түүнчлэн шүүгчээр дахин томилогдоогүй хүмүүст тус зөвлөлөөс хариу
өгөхдөө "Нэр дэвшигчийг томилох эсэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн
бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчид
нэр дэвшигчийг судлан үзэж томилоогүй үндэслэлээ тайлбарлах хуулийн
зохицуулалт байхгүй” гэсэн хариу бичгийг 12 шүүгчдид өгсөн байна.
Товчхондоо ШЕЗ өөрсдийн үндсэн чиг үүргээ умартаад зогсохгүй Шүүхийн
захиргааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан "шүүхийн
үйлчилгээ шуурхай, хүртээмжтэй” байх гэсэн зарчмыг баримталж ажиллах
ёстой гэх зэрэг олон хуулийн заалт ноцтойгоор зөрчжээ.
Өөрөөр хэлбэл ШЕЗ "шүүгчээр томилогдохоор өргөн мэдүүлсэн” шүүгчдийг
дахин томилоогүй тэдний ажлаас чөлөөлөгдөх үндэслэл нь чухам юу байсан
талаар тодруулан, судалж эрхийг нь хамгаалах талаар тодорхой арга хэмжээ
авахын оронд "Ерөнхийлөгч үндэслэлээ тайлбарлах хууль байхгүй” гэж
Ерөнхийлөгчийн ажлын алба мэт хариу өгсөнд шүүгчдийн холбоо ихэд
эгдүүцэж буйгаа тэдэнд өгсөн мэдэгдэлдээ тодорхой дурьдсан байна.
ШЕЗ "өөрчлөн байгуулагдсан” гэдэг нэрийг бүдүүлэгээр ашигласан
Ингээд "Монголын шүүгчдийн холбоо”-ноос ШЕЗ болон гишүүн шүүгч нарт гаргасан мэдэгдлийг товчхон сийрүүлье.
Тодруулбал "Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж
болзошгүй аливаа үйл ажиллагаа, түүний дотор шинэтгэлийн үйл явцын
хүрээнд гарч буй шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан
"шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал”-ын зарчимд бүрэн
нийцсэн байх ёстой. Монголын шүүгчдийн холбоо нь албан үүрэгтээ
хариуцлагагүй ханддаг этгээдийг өөгшүүлэн хамгаалагч биш бөгөөд
шүүгчийн сахилга, хариуцлагатай холбоотойгоор эрх зүйн байдлыг нь
хөндөх шийдвэр, үйл ажиллагаа гагцхүү хуулиар тогтоосон нөхцөл журмын
дагуу явагдвал зохино гэж үздэг.
Тухайлбал урьд нь ажиллаж байсан шүүхээс өөр газар, орон нутагт
шилжүүлэн томилогдсон шүүгчдэд ШЕЗ-өөс бичгээр өгсөн хариундаа ийнхүү
дурьджээ. "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн
20.4.3 дахь заалт нь мөн хуулийн 18.3.7 дахь заалтад заасан үндэслэлээс
бусад тохиолдолд хэрэглэхээр байна” гэжээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.7-д
"шүүхийг татан буулгах, эсхүл өөрчлөн зохион байгуулахтай холбогдуулан
өөр шүүхэд шилжүүлэхээс шүүгч өөрөө татгалзсан бол шүүгчийн бүрэн эрхийг
хугацаанаас нь өмнө дуусгавар болгож чөлөөлөх” бүхий агуулагатай
заалт байх бөгөөд энэ тохиолдолд ШЕЗ эдгээр шүүгч нарт дээрх хуулийн
зохицуулалтын дагуу өөр шүүхэд шилжүүлэх тухай мэдэгдээгүй, өөрөө
татгалзах, зөвшөөрөх эсэх саналыг нь аваагүй байна. Түүнчлэн Шүүх
байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын дагуу шүүхүүдийг шинээр
өөрчлөн байгуулсан гэж ШЕЗ үзэж байгаагаа дээрх хариундаа илэрхийлжээ.
Хэдийгээр шүүх өөрчлөн байгуулагдсан байсан ч тухайн шүүхэд ажиллах
шүүгчийн орон тоо хасагдаж, цөөрөөгүй харин ч нэмэгдсэн, орон тоо
дутуу ажиллаж байсан.
Өөрөөр хэлбэл тухайн шүүхэд шүүгчийн орон тоо, гүйцэтгэх ажил үүрэг
хэвээр байсан атал "өөрчлөн байгуулагдсан” гэдэг нэрийг бүдүүлгээр
ашиглаж шүүгчийн хараат бус байдлын баталгаа үйлчлэхгүй гэж
тайлбарлах нь нэг бол шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус
байдлын талаар ямар ч ойлголтгүй байгааг харуулсан, эсхүл Монгол
Улсын хуульд тусгасан үндсэн агуулга, зарчмыг санаатайгаар
алдагдуулсан, хууль зөрчсөн явуургүй шалтаг, үйлдэл гэж үзэж байна” гэж
мэдэгджээ.
Ямартай ч "Монголын шүүгчдийн холбоо” энэхүү мэдэгдлийг ШЕЗ-д
хүргүүлэхдээ хууль зүйн үндэслэлийг судалж байгаад гаргасан аж.
Түүнчлэн хуулийн дагуу шүүгчийн албан тушаалд томилогдож, бүрэн эрхээ
хэрэгжүүлж буй шүүгчдийн эрх зүйн байдлыг хөндөх магадлалтай гэнэ.
Аливаа шийдвэр гаргах тохиолдолд ШЕЗ болон Шүүхийн мэргэшлийн хороо,
Шүүхийн ёс зүйн хороо гэсэн мэргэшсэн хараат бусаар ажиллах
байгууллагууд, эсхүл хуульд заасан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг
түдгэлзүүлэх талаар эрх бүхий газруудын гаргасан санал, шийдвэрт
үндэслэх ёстой байдаг.
Товчхондоо тус зөвлөл хуульд заасан дүрэм журмаа зөрчсөн шйидвэр гаргаж
шүүгчдийн эрх ашгийг хөнддөг, шүүгчийн төлөөлөл байх үүргээ умартаж
Монгол Улсын Үндсэн хуульд заасан зорилт зорилгоо ухамсарлаагүй
гэдгийг нь шүүгчдийн холбоо тогтоосон гэсэн үг.
Тиймээс тус холбооноос Шүүхийн захиргааны тухай хуулийн 19 дүгээр зүйлд
заасны дагуу "гишүүний үүрэгт ажлаас эргүүлэн татах” хүсэлт гаргасан
нэр бүхий шүүгчдийн саналыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байгаа аж.
Юутай ч "Монголын шүүгчдийн холбоо” ШЕЗ-ийг үндсэн чиг үүргээ умартахгүй
хуулийн дагуу ажиллахыг санууллаа.
Р.Саруул
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих