Урьд шөнийн зүүднээс дэр нойтон эхэр татан уйлж сэрлээ. Өвчүүн дор хөндүүр ч юм шиг. Гэхдээ хар дарсан зүүд гэхээсээ илүүтэй санахын харуусалтай балчир насны эрх зүүд байсныг хэсэгхэн хугацаанд тааз ширтэн хэвтэхдээ киноны дүрс хөврөх шиг тод санахыг яана. Хөгшин ээжийгээ дурсан санахын он цаг эхлээд арван дөрвөн жил өнгөрчээ. Энэ хугацаанд санааны минь талд гадсаа тойрон буйлах ботго шиг зүүдэнд минь бөн бөн нулимстай ирж намайг аргадахыг мэдэрч амьдарсан шигээ муу хүү нь явна. Эмээ бидэн хоёр хагацаад ийм олон жил болсон ч гэлээ амьдын хагацалд холдсоноос бус сэтгэлийн хагацалд унаагүй юм байна гэж би цээжин дотроо энэхүү зөн зүүдээ эжий, ааваасаа нууж явнам. Тэд энэ тухай мэдвэл намайг эмээгийнхээ сүнсийг явуулахгүй байна гээд лам, хар болж магадгүй гэж бодоод арав гаруй жил нууж явсан хэдий ч цаасан дээр буулгаж байж санаа минь амрах юм шиг бодогдох болов.
Би айлын том хүү. Аавынхаа ээж дээр хүн болж өсөхийн сайханд он цагийг ёстой ажралгүй өндийж явсан даа. Манайх гэдэг айл алс зүүн хязгаар Дорнод аймгийн Чулуунхороот сумынх. Эрээнцавын сангийн аж ахуйг анхлан байгуулагдахад аав минь Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр томилогдон, ээж, хоёр дүүгээ дагуулан ирж ээжтэй минь танилцахад би гэдэг орчлонд ирэхийн үүдэл нарт энэхэн хорвоогийн утга учир болоо биз ээ. Өнгөрсөн зууны далаад онд шижигнэсэн залуучууд хөдөөг зорьж, атар газар, шинэ сангийн аж ахуй гээд эх орны хаа хэрэгтэй газар ажил, амьдралын гарааны анхны шан татаж, цагаан сэтгэлийн сүү даргилсан их бүтээн байгуулалт ч миний аав ээжид ирэх сайхан хувь тохиожээ. Эрээнцав нутаг жижигхээн суурин газар. Баруун, зүүн гэж хуваагдах шалтгаан нь агуу дагшин Улзын гол. Зүүн Эрээнцавд нь аймгийн төвөөс галт тэрэг 240 км явж шөнийн 23.40 цагт дуут дохио хангинуулан ирж хойшоо Орос гарах хүмүүс, нутгийн иргэдийн бууж суух хөл хөдөлгөөн бүхий өртөө болно. Энэ дагуу Д.Нямсүрэн 1975 онд амьдран сууршихаар ирсэн гэдэг. Баруун Эрээнцав руу Улзын гол дээгүүр дамнуулсан модон гүүрээр шөнө дөлөөр вагоноор ирсэн хүмүүсийг улаан чиргүүлтэй трактороор зөөнө, одоогоор бол сумын автобус. Хүмүүс энэ үед бөөн бужигнаан түжигнээн болдогсон. Хаа холын хөл хөөртэй ажин түжин мэт Эрээнцав нутагт ухаан орсон цагаас л би аавынхаа ээжтэй өсөн өндийж эмээгээ хөгшин ээж, төрүүлсэн ээжийгээ залуу ээж, хаяахан загнуулж, суран бүсний амт үзэхээр Балжмаа гээд дуудчихна. Ийм л балчир наснаас эмээгийнхээ халуун хайранд Эрээнцавын ёотон цагаан байшингууд дунд балчир гэгээн насны минь дуулал эхэлж, энэ бүхнээ тархиныхаа бичлэгт хадгалж хадгалж, цаасан дээр бичиглэх нь миний хамгийн сайхан таашаал. Миний хөгшин эхийн түүх их урт, туулсан амьдрал нь дэндүү зүрхшээм байсандаа ч тэр юм уу. Ач хүү болсон намайг хүн болгох гэж өсгөхийн ачлал сургаал, халуун хайр нь одоо ч зүрхэнд дөл мэт төөнөнө. Алхам, гишгэм, амнаас гарах үг, бодол санаа минь хүртэл хөгшин ээжийн минь амь амьсгалыг мэдрүүлэх шиг санагдах үе бий. Далаад оны Эрээнцав нутагт ажил хөдөлмөр, атар газар, шинэ САА ид хөгжин цэцэглэх үед миний аав малын эмчээр очиж, манай гэрийн гадаа аавын унадаг бөөрөнхий цагаан дээр цэнхэр нэмэх тэмдэг бүхий ногоон "УАЗ-469” машин ирж зогсоход аав ажилдаа гараад явдагсан. Манай гэрийн хойд талд сумын цэцэрлэг тавхан алхам. Хөгшин ээж минь намайг байнга амьдралд нухлуулсан бөгтөр нуруун дээрээ үүрэн хүргэж өгнө. Орой авна. Тэр жил ээж минь цалингаараа тухайн үед 800 төгрөгөөр байх аа, шар эрээн сүүлтэй үнээ худалдан авч өглөө, оройдоо сумаас урагш малтай гэр хороололд айлын хашаанд үнээгээ саадаг боллоо. Оройн саалтан дээр хөгшин ээж намайг цэцэрлэгээс авах нь цөөрсөн тул ээж, аав хоёр ээлжлэн авна. Цэцэрлэгийн багшийн тарахад өгсөн 24-ийн чихрийг эмээдээ аваачиж өгөхөд чихэр маань бүр хайлчихсан байхад эмээ минь зовхин дотроо нулимсаа нууж ядан үнсэхдээ: -Миний хүү том болоод эмээгээ ачлах сайн хүү болох нь ээ! гээд инээж байсан нь одоо ч тодоос тод оо. Эх орны өнцөг булан бүрээс Эрээнцавын САА байгуулагдахад залуучууд олноороо очсон гэдэг. Тэдний дунд Цагаач гэж Увсын хүн байсан нь аавын найз билээ. Аавын найзыг манайд ирэхэд би их дуртайсан. Гэхдээ дандаа аавыг дагуулаад анд явчихна. Хөгшин ээж бид хоёр Эрээнцавын гуравдугаар байрны таван тоотынхоо жижиг өрөөнд "тусдаа гарчихсан”. Нуусан чихэр, печениэ булагнаж идэх дуртайсан. Нэг удаа манайхаас сүү авдаг айлын хүн компотны шошготой шилээ орхиод явчихаж. Би түүнийг нь харчихаад: -Та нар намайг эзгүйд компот идсэн байна гээд тэрий хадаад орилчихож билээ. Гаднаас ээжийн хүндэлдэг настай багш орж ирж байж миний хандыг сайн дарж өгсөн юм. Түүнээс хойш би баруун, зүүнээ мэддэг болсон доо. Хөгшин ээж минь нэг удаа гэрийнхээ цонхоор сургуулийн хашаа руу хараад зогсож байсан чинь хэдэн балчир хүүхэд сургуулийн хашаан доторх хогны төмөр савны дэргэд оччихсон галаар тоглоод байна гэнэ. Хүүхдийн ард нь гал ноцлоо гэнэ шүү! Хөгшин ээж ч "Ямар задарсан хүүхдүүд вэ” гээд гүйгээд очтол өөрийнх нь ач хүү байсан гэдэг. Ийм л нэг моноди болсон би вээр Эрээнцавын гудамжинд манаргаж явсан байгаа юм. Бас болоогүй ээ, Эрээнцавын хойд хил дагуу Улз гол тахиралдан урсаад сумын хойд хормойгоор урагш урсан өнгөрдөг. Сумын төвөөс 500 метрт гол урсаж байхад найзуудтайгаа сумынхаа хамгийн гүн тогтсон шалбаагуудыг туулан хамгийн аятайхан гэснийг олж тогтоогоод Тогооч гуайн усны нимгэн цагаан ванныг хулгайлж завь хийн өөрийгөө далайн дээрэмчин боллоо гэж тоглож байгаад ээжид баригдан тоосоо гөвүүлж билээ. Ер нь би ээж, аавдаа гөвүүлэх үедээ эхэр татан уйлж, хөгшин ээж рүүгээ авралын дуу тавьдагсан.
Тэр үед сумын конторын зүүн талд их борооны үед хамгийн сайхан гүн тунгалаг шалбааг тогтдог байсан даа. Хожим зарим багын найзуудтайгаа уулзан хууч хөөрөхөд намайг яаж санаж байна аа гэж гайхдагсан. Миний бас нэг тоглох дуртай тоглоом бол эмээгийнхээ харааны шилийг зүүгээд ширээн дээрээ аавын мал эмнэлгийн номуудыг давхарлаж тавьж байгаад үзэг барин дарга ч юм уу, бичгийн хүн болж их тоглоно. Тэгж тоглохоор харааны шил удаан зүүгээд толгой эргэдэгсэн. Үүнийгээ эргээд бодоход өөрийнхөө ирээдүйн мэргэжлийг зөгнөж байсан мэт санагддаг юм. Хөгшин ээж минь намайг тоглож байгаад гадаа уйлах болгонд хавь ойрын хүүхэд загнана. Эсвэл хоршооны хажууд байсан манай хөх пин дээгүүр гүйсэн хүүхдүүдийг загнана. Энэ байдлаас болсон уу, хөгшин ээжийг минь "Гүнсэн хөгшин” гээд андахаа байсан даа. Би гэдэг амьтан үргэлж нуруун дээр нь явна. Ингээд эмээ, бид хоёрыг Эрээнцавынхан "Элэг, дэлүү хоёр” гээд нэрийдчихэв. Дээр цухас дурдаад өнгөрсөн миний хөгшин ээжийн туулсан түүхийн тухайд гэвэл идэр залуудаа Увс аймгийн Бөхмөрөн сумаас цэргийн албанд татагдан эх орны дайнд сувилагчаар явж Дорнод аймгийн Халхгол сумын уугуул дайны үед мөр зэрэгцэн байлдаж явсан өвөөтэй минь танилцан Дорнод нутгийн хүн болсон гэдэг. Дайны дараа 1963 онд өвөө минь автын ослоор нас барж эмээ минь хүний нутагт дөрвөн өнчин хүүхэдтэйгээ үлдсэн хэдий ч бүгдийнх нь гарыг ганзаганд хөлийг дөрөөнд хүргэсэн дээ. Амьдралын хатуу хөтүүд би эмээгээ яаж ийм зовлон давж гаран өвөртөө эрхлүүлэх намайг бас өсгөн махаа идэж байсныг бодохоор дэндүү биширмээр болдог. Хөгшин ээжийн минь гар мойнийж эвэршсэн ч тэнхээ, сэтгэл хоёр нь тухайн үед намайг үүрээд Эрээнцавын гудамжинд тугалаа хариулан айл хунараар орж, хонины чөмөг цуглуулан ясны шөлөнд оруулж хүн болгосон гэдэг. Би хөгшин ээжийгээ гомдож уйлж байхыг нэгээхэн ч хараагүй. Харин загнаж, хэлж, зөвлөж, аргадаж, эрхлүүлж байхыг харсан. 1980 онд би дүүтэй болов. Яг ид өвөл эхэлж байхад эмээ бид хоёр гэрийнхээ цонхоор ээжийг харуулдаж суулаа. Ээж минь хүрэн чисчүү дээлээ үнэгэн лоовуузтай хослуулчихсан, аав дүүг минь зузаан өлгийд тэвэрчихсэн, найз нь тортой юм барьчихсан сумын эмнэлгээс ирж байв. Ширээн дээр "Алтаншагай” чихрээр дүүрэн таваг байсан нь тодхон санагддаг юм. Учир нь надад чихэр л сонин байлаа. Тэр жил анхлан цонхныхоо тавцан дээр гацуур мод засаж, гоё гоё шилэн тоглоомуудыг нь сонжиж байгаад хоёрыг ч бил үү хагалж л орхисон юмдаг. Тэгэхэд бөөн асуудал үүсэж загнуулан ээж зөвхөн дүүг эрхлүүлэн үнсэхэд л би аав ээжийн өврөөс жийгдэж, бүрмөсөн эмээгийнхээ өрөөнд шилжсэндээ. Ингээд л ээж минь удалгүй ажилдаа орж бас л хөгшин ээж минь дүү бид хоёрыг ээлжлэн ясны шөлөнд оруулж өсгөж эхэллээ. Ядаж байхад миний нүд, чих өвдөхөөр дүүгийн нүд, чих дагаад өвдчихнө. Өвчин хууч дүү, бид хоёрыг ээрэхэд хөгшин ээж минь бор арга хэрэглэнэ. Би гэдэг хөгшин ээжийнхээ өвөрт арьсан мээмийг нь үлгэнэ. Ирэх зун нь аав ээж хоёр урд хотонд ув улаан унь, тооно, баганатай гэр барьж, хөгшин ээжийг минь шар эрээн үнээг нь бараадуулан тусад нь гаргачихлаа. Сургуулийн амралт болохоор л аавын хоёр дүү аймгийн төвөөс вагоноор ирдэг байв. Эмээ минь хоёр охиноо үнсэн шөнөжин ярьж хонодогсон.
Манайх хоёр том дамран хальстай том магнитофоноороо гоё гадаад дуу тавьдаг байв. Бүтэнсайн өдөр хоёр чанга яригчаа гадагш нь харуулаад тавьчихаар сумын хүүхдүүд манай цонхны доор бужигнана гэж жигтэйхэн. Гэтэл нэг өдөр цэцэрлэгээс иртэл том хөгжим байдаггүй. Аав зүүн Эрээнцаваас хар савхин гэртэй жижиг кассетны хөгжмөө Д.Нямсүрэн гэдэг хүнтэй сольж наймаа хийснээ ээжид бахархалтай ярилаа. Аавын тэр найз шүлэг бичдэг юм гэнэ. Эмээ ч нэг их ойшоосонгүй бололтой. Нэг өдөр Баяа, Цэеэ, Бунчинаа, Огий бид хэд зүүн Эрээнцавын хүүхдүүдтэй чулуугаар байлдаж байгаад нэг охиныг уйлуулчихдаг юм байна. Гэтэл урт сэгсгэр үстэй бахиалны түрий эргүүлсэн хүн биднийг хөөж намайг гүйцэж барьж аваад хэд чанга загнатал би ухаан алдталаа айгаад бөөн уйлаан майлаан. Шөнө нь хар дарж, бараг хөлсдөж уйлаад эмээг унтуулаагүй гэдэг. Харин намайг айлгаж загнасан урт сэгсгэр үстэй айхтар хүн нь өдгөө цагийн агуу найрагч агсан, миний багш Д.Нямсүрэн байсныг хожим аав Нямсүрэн ах хоёр дурсан ярьж билээ. Ингэж байтал аавыг аймгийн төв рүү зүүн бүсийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтнаар дуудчихдаг юм байна. Манайх гэдэг айл чиргүүлтэй 30 машинаар нүүх болж, эмээ минь урд хотонд шар эрээн үнээтэйгээ үлдэж хоцорсон санагдана. Хавар нь амралт болж аав, ээж Эрээнцавын галт тэргэнд нутгийн таньдаг хүнээр дайж хөгшин ээж рүүгээ явдаг юм байна. Галт тэрэг ч шөнө Эрээнцавд очиж тракторын кабинд суун яг хөгшин ээжийнхээ гэрийн гадаа буугаад үүдний амбаар цохиход: -Хэн бэ, хэний хүү вэ? гэхэд нь "Ганбаа байна аа. Даваасүрэнгийн” гэж хэлээд намайг цаашлуулж, хаалга тайлмагц нь би ухаангүй баярлан хөгшин ээжийгээ тэврэн авч билээ. Намайг даарсан уу гэж асуугаад бүхэл хувцастай минь өвөртөлж, эрхлүүлэн хоноод өглөө сэрэхэд гамбир хайрч, өрөм ааруулаар дайлдагсан. Харин би гэдэг амьтан Эрээнцавын найзууд руугаа тэмүүлэн, тоглохоо урьтал болгодог байв. Тэр үед хөгшин ээж минь шилбүүр барьчихсан намайг сураглаж явсан нь одоо ч тодоос тод санагдаж байна. Эндээс л би хөгшин ээжээсээ алсарч байсан мэт бодогдоно.
Эрээнцаваас удалгүй аймгийн төвд авга ах минь нүүлгэн Баянтүмэн өртөөний хойно төмөр замын малтай айлуудын захад буулгахад хөгшин ээж ойртсон ч гэлээ хичээл, сургууль гээд долоо хоногтоо нэг л очно. Би хайр халамж, сэтгэл, итгэлээсээ улам л алсуурлагдсаар байсныг яаж ч ойлгох билээ дээ. Бямба гаригт хичээл тарлаа. Төмөр замын хойд талын малтай гэр хороолол руу сүүний хэдэн бидон бариад хөгшин ээж рүүгээ явахад хашааныхаа гадаа намайг хүлээгээд сууж байна. Яваад очихоор "Миний галуун хүзүүт хүү минь ирлээ” гээд үнсдэгсэн. Намайг утга зохиол сонирхож, сэтгүүлч болоход зуун хувь дэмжсэн хүн бол миний эмээ. Бид хоёр "Болор цом” яруу найргийн наадмыг жил бүр алгасалгүй үздэг байв. Анхны шүлгүүдээ эмээдээ уншихаар тачигнатал инээгээд шүүгээгээ уудлан чихэр гаргаж өгч урам, бурмаар бишгүйдээ намайг шагнасан шүү. Миний хүү энэ зурагтаар гардаг яруу найрагчид шиг том хүн болно. Сайхан яруу найрагч болно гэж ерөөсөн. Энэ ерөөл нь 1994 онд биелж, би гэдэг хүн "Болор цом” наадамд шөвгөрсөн юм даа. Энэ мөчийг хөгшин ээж минь зурагтаараа нулимс асгаруулан үзэж суусан гэдэг.
Их сургуулийнхаа амралтаар онгоцноос буумагцаа хөгшин ээж рүүгээ яаран очиход жаахан гундчихсан хэдий ч ясны цоглог, зарчимч зангаараа: -Миний хүү олонтойгоо эвтэй яваарай! Нэрээ бодож яваарай! Номоо сайн үз! Нөхөдтэйгөө байгаарай, юмаа хувааж идэж бай! гээд сургаал айлдана. Тэр болгонд нь алс Улаанбаатарт захиасыг нь биелүүлж явахыг хичээж билээ. Нэг удаа очтол хөгшин ээж надаас О.Дашбалбар гуайн тухай асуугаад, "Дэндүү сайн, эх оронч хүү байна билээ. Миний өмөөрч хамгаалсан улс эх орныг өнөөдөр харьд худалдах гэж байгаа юмнуудын эсрэг ганц сайн даналзаж байгаа хүү дээ. Би тэр хүүг шүтдэг юм” гэж билээ. Тэгээд надаар захидал бичүүлсэн ч гэлээ би хотод ирмэгцээ Балбар ахад өгч чадаагүй юм. Уг нь тэр захиаг эзэнд нь хүргэх нэг боломж гарсан боловч би ичээд ч юм уу, айгаад ч юм уу хав дарчихсан нь одоо ч номын санд минь хадгалаастай бий. Тухайн үед хөгшин ээж маань эл захианы талаар асуухад би "Өгчихсөөн” гэж худал хэлж байсан юм. Миний эмээ 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Хятадын Цагаан хэрэм даван Гүбэгү хот хүртэл тулалдаж явсан цэргийн сувилагч байсан. Би эмээгийнхээ одон медалиар бахархаж манай удмынхан эх орон газар шорооныхоо төлөө тулалдаж явсан олон мянган баатарлаг айл өрхийн нэг гэж хүү, охиндоо хэлдэг юм. Хөгшин ээж хааяахан гэгэлзэхээрээ "Магнаг үсэгтэй туг” дууг сайхан дуулна. Бас монгол бичгээр бичнэ. Харин кириллээр бичихдээ маруухан, яг шинэ үсгийн хичээл үзэж буй бага хүүхэд шиг байсан. Үргэлж л хий, бүтээ, ажилла гэдэгсэн. Бас залхуу байна гэдэг залуу насны дайсан гэж сургадагсан. Би ч тухайн үед үглэж байна, загнаж байна гээд тоодоггүй байсан ч "Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэдэг шиг хорин жилийн өмнө сургаж байсан үгс нь одоо надад тун ч хэрэг болж байна даа. Идэр насанд сургууль соёл гээд хөөцөлдөж явтал хайр дурлалтай учирч бас л эмээ рүүгээ очих өдөр хоног цөөрч сав л хийвэл дурлалын тухай бодож анхны хайрын тухай шүлэг зохиож хааяахан хөгшин ээжийнхээрээ ороод гарахдаа "Орой ирж хононо” гэж хэлчихээд гэртээ очоогүй өдрүүдээ эргэн харамсаад ч яахав дээ. Гэхдээ миний эмээ намайг нэг охин руу гүйгээд байгааг мэдсэн ч гэлээ огт мэдээгүй юм шиг, "Миний хүү хичээл сургууль, урлаг соёлын ажилдаа санаа тавь, надад бүү санаа зов” гэдэгсэн. Ядаж юмны учир начир ойлгодог болсон, дээрээс нь сэтгүүлpкүйн ангийн оюутан байж дөмөгхөн шиг амьдралынх нь тухай асуучихгүй яав даа гэж одоо бодож сууна. Эмээ минь надаас юугаа ч харамлаагүй дээ. Анх улсын "Хүрэлтулга 92” наадамд оролцохоор явахад онгоцны зардал гээд цоо шинэ цэнхэр тавтын дэвсгэрт арваыг өгч байсан. Би эмээгийнхээ итгэлийг алдалгүй улсад тусгай байр эзэлж 400 төгрөгөөр шагнуулан хотын хүүхдээр газарчлуулан их дэлгүүрээс хөгшин ээждээ орос таавчиг худалдан авч очиход жижигхэн хатингаршсан хөлд нь томдоод байхад "таарч байна” гээд өмсөөд уйлж байсан даа. Дараа харахад дээр нь резинээр даруулга хийж оёод насан өөд болтлоо өмссөнсөн. Анхны шагналт, шүлэг, дуу, амьдрал, хүүгээ тэврээд очиход мойногхон хуруундаа тамхи зуун, "Эмээ нь офицерын авгай гэж моодолж янжуур зууж байгаад тамхинд орсон хүн дээ. Бараг насаараа татлаа. Миний хүү архи битгий хүртээрэй. Ёстой адгийн хар ундаа шүү, ой гутам” гэж захиж байсан юм. Их хотын амьдрал дунд ажиллаж, гэр бүл зохиохоор хичээж явахдаа би хөгшин ээжээсээ улам л холдсоор байсан юм. Гэсэн ч эмээ минь үргэлж надад захиа, мах, боорцог дайдаг байж билээ. Бас хүүгээ сайн яваад баярлаж, архи балгасныг дуулаад таг дуугаа хурааж байсан үе ч бий. Юу эсийг бодоо бол, миний бурхан эмэг эх минь.
Очиж уулзах болгонд эрүүл саруул уулзсан ч гэлээ цаанаа л түгшсэн байдалтай намайг харж шинжин, сэтгэлийн гүндээ үнэрийг минь шингээж үнсэнэ. Өдөр, сар, хором болгон хөгшин эхээс намайг холдуулсан нэг үдэш үеэл эгч гэрт маань орж ирээд хөгшин ээжийн минь бурхан болсон тухай муу мэдээ дуулгахад тархи руу минь аянга татаад авах шиг л болсон доо.
Та намайг өсгөж "хүн хийсэн”. Хүү нь өдөр болгон танаасаа алсарсаар үүрд одохын чинээ бодож яваагүй дээ, гэнэн байж. Та над руу гэж би танаасаа холдохын тавиланд дасаж амьдарсан байжээ. Амандаа зөөллөж дэвтээсэн аарууланд тань тарни шингэсэн байсныг мэдэрч өсөөгүй ээ, хүү чинь. Амьдралын хатууд сөхрөх вий гэж зэмлэсэн хатуу үг намайг эр хүний дайтай явахад их хэрэг болж байна. Ажил төрөлгүй, архи балгах дуртай явахад диваажиндаа амгалан суухгүй энэ орчлонд яваа над руу санаа нь зовж, зүүдэнд минь ирж учирладаг хөгшин ээж минь. Амгалан энхлингийн оронд чинь амгалан суулгахгүй адгуу, эрх ач хүү тань сэтгэл дотроо зул өргөж сэрүүн зүүдэндээ үнсүүлж сэрэхдээ санаа минь уужирдаг ийм л үйлтэй хүүгээ өршөө. "Эрээнцавын элэг, дэлүү хоёр” гэж дуудуулсан шигээ тэр суурин гэгээн тунгалаг нутагтаа үе үехэн очихдоо нөгөө л хоёр давхрын цонхоор харж цав цагаан хайр харуусал, энэрэл гунигийн нулимсаа унаган, унаган тайтгарч явна аа.
Хагацалд дасгалаа,хайрт эмээ минь
Хайлж байна, он цаг.
Зүүдэнд эргэлээ, эмээ минь
Инээж байна, би сайн яваа юм байна.
МЗЭ-ийн шагналт, Сэтгүүлч, Яруу найрагч Д.Ган-Очир
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих