Б.БАРС
Монголын эзэнт гүрний асар уудам газар нутагтай баруун хойд хязгаарыг захирсан Чингис хааны ууган хүү Зүчийн улс буюу Алтан ордыг доройтох үед энэ улсаас анх түрүүнд салан тусгаарлагдсан нь Крымын хаант улс. Улам бүр хүчирхэгжин залгамжлагч нь аятай Алтан ордын бүх газар нутгийг өөртөө нэг нэгээр аажмаар нэгтгэж эхэлсэн Москва төвтэй Орос улсад хамгийн их саад болон тэрсэлдсэн нь чухам Крымын татарууд.
Тэр үед буюу XVII зууны эхэнд ойрдын зөрчил, Манжийн түрэмгийлэлд идэгдсэн Зүүнгараас торгуудын Хо өрлөг дөрвөдийн Далай тайшийн хамт албатаа дагуулан анх Волга буюу Ижил мөрний хөвөөнд нүүдэллэн ирсэн түүхтэй. Хо өрлөгийг өөд болсны дараа 1644 онд түүний хөвгүүн Шүхэр дайчин тайж албатаа удирдах болжээ.
Шүхэр дайчин тайж Орос, Крымын хаант улс, Хойд Кавказ болон Ирантай Элчин сайдын болон худалдааны харилцаа тогтоож гарамгай удирдагч гэдгээ анхнаасаа харуулсан юм. Оростой тэрээр хэд хэдэн удаа хэлэлцээр хийж, албат ардаа өмөөрөн "Монголчууд хэзээ ч хэний ч албат байж яваагүй, явах ч үгүй. Бид эрх чөлөөтэй ард түмэн бөгөөд бидний хүрэлцэн ирсэн газар танай улсынх хэзээ ч байгаагүй” гэж сөргөөцөлдөж байжээ. Гэвч дөнгөж эмхлэлдэж буй Халимаг улсад Оростой сөргөлдсөнөөс түншлэх нь дээр гэдгийг мэдрэн 1655 оны хоёрдугаар сарын 14-нд Халимагийг Оросын харьяат өөртөө засах эрхтэй улс болохыг нотолсон баримт бичигт гарын үсэг зуржээ.
Энэхүү гэрээний дагуу Шүхэр дайчин тайж Оросын өмнөд хязгаарт заналхийлсээр ирсэн Крымын хаант улсыг дарахад голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Москвагийн хүсэлтээр түүний удирдсан 10 мянган цэрэг Крымын Азов хотын ойролцоо Крым-Туркийн нэгдсэн хүчтэй тулалдан бут цохижээ. Чухам тэр тулалдаан Крымын хаант улсын мөхлийн эхлэл болж, харин Халимаг улс Оросын өмнөд хязгаарын сахин хамгаалагч гэдгээ харуулан дотоодын хэргээ өөрсдөө шийддэг үлэмж эрх дархтай болж бэхжсэн гэж түүхчид үздэг юм билээ.
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих