Эртний Кидан гүрний босоогоороо үлдсэн цорын ганц дурсгал Хэрлэн барс хотын цамхаг Дорнод аймгийн Цагаан Овоо суманд байдаг. Энэ дурсгалыг шинэчлэн засварласан талаарх зураг, жиргээ нь олон нийтийн сүлжээнд буруу дүгнэлттэйгээр явж буй тул бид энэ талаар зохих эх сурвалжаас мэдээлэл авлаа.
Тус дурсгалыг Хятадын Соёлын яамны тусламжтайгаар, нэг сая юанийн буцалтгүй тусламжаар сэргээн засварласан байна. Ийнхүү сэргээн засварлах болсон шалтгаан нь тухайн дурсгал нь нурж унах дээрээ тулсан тул нутаг орны захиргаа болон соёлын хяналтын байцаагч нар зохих яам, байгууллагуудад 2008 оноос хойш хандах болжээ. Ийнхүү хандсаны эцэст Хятадын соёлын яамны дэргэдэх Хятадын Түүх соёлын өвийг сэргээн засварлах академи дурсгалыг засварлах боломжтой гэдэг хариуг илгээсэн байна.
Ингээд тус академиас мэргэжилтнүүд манай улсад 2013 оноос ажиллажээ. Судалгааны ажил нь 2013-2014 онд үргэлжилж, орц найрлага, бүтээгдэхүүнийг нь цуглуулахад мөн багагүй хугацаа орсны эцэст ийнхүү сэргээн засварлаж дуусгасан байна. Сэргээн засварлах ажлыг Хятадын Түүх соёлын өвийг сэргээн засварлах академийн мэргэжилтнүүд удирдаж, манай соёлын өвийн төвийн сэргээн засварлагч нар тоосгыг нь өрөх ажлуудыг хийжээ.
Гэхдээ Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат "хээрийн бэхэлгээ" хэмээн нэрлэсэн ч иргэд сэргээн засварласан гэж ярьж байгаа тул бид энэ нэршлийг ашиглалаа.
Дорнод аймгийн Соёлын хяналтын улсын байцаагч Д.Мангалжаваас энэ талаар тодруулахад:
-Яагаад сэргээн засварлах болсон юм бэ?
-Яг нурах гээд унахад бэлэн болчихсон байсан. Энэ үед нь бид орон нутгийн зүгээс яаманд санал тавиад, сэргээн засварлаж чадах ганцхан газар нь Хятадын Түүх соёлын өвийг сэргээн засварлах академи болж таарсан. Бид маш олон жил хандсан. Хэрвээ бид сэргээн засварлаж тогтоогоогүй бол нурчихсан хойно нь "түүхийн үнэт өвөө нураачихлаа” гэж шуугих байсан биз ээ. Сэргээн засварлах ажилд монголын талаас нэг ч төгрөг гараагүйг бас дурьдах хэрэгтэй.
-Сэргээн засварлах ажлын судалгаанд багагүй хугацаа зарсан гэсэн?
-Судалгааны ажлыг их нарийн хийсэн. Байгаль дэлхийн эргэлтийг хүртэл нарийн тооцож, хөдөлгөөнийг хүртэл судалсан. Түүнийхээ үндсэн дээр засварын төлөвлөгөөгөө гаргасан. Соёлын өвийн тухай хуулинд сэргээн засварлахдаа тухайн ажлыг үндсэн аргаар нь хийснийг сэргээн засварласанд тооцно гэж заасан байдаг. Тийм учир Хэрлэн барс хотын цамхгийн өөрийнх нь материал, аргуудыг судалсан. Тоосгуудыг нь лабораторийн шинжилгээнд оруулсан. Улмаар 4-5 метрийн гүнтэй баюу барьж, тоосго цохиж байсан эртний аргаар хийсэн. Тоосго барьцалдуулах шаврыг нь гэхэд л бүтэн хоёр сар эрж, хайж судалсан. Тэгээд 20 гаруй км-ийн цаана байх шаврыг сонгож, зориулалтаар нь ашигласан.
-Илүү цайвар өнгөтэй харагдаад байсан?
-Цайвар харагдах нь аргагүй нэг нь 9-11 зуунд хийгдсэн тоосго, нөгөөх нь өнөөдөр үндсэн аргаар нь шатааж хийсэн тоосго. Нэг нь байгалийн жамаар элэгдээд шаргал болсон. Гэхдээ шинэ нь цагаан биш хөхөвтөр харагдах ёстой. Дундуур нь байгалийн шохойг наалдуулж хийсэн учир өнгө нь ингэж харагдахаас аргагүй. Үндсэн технологи, арга, үндсэн материалаар нь сэргээсэн нь бидний хойч үедээ үлдээсэн бас нэг буян болсон.
Бид мэдээллийг лавшруулахын тулд Дорнод аймгийн Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбаттай мөн холбогдсон юм.
-Бид 10 орчим мянган тоосгыг гаргахын тулд 4-5 метрийн гүнтэй тоосго шатаадаг зуух буюу баюу хийсэн. Орон нутгийнх нь материалыг ингэж ашигласан. Бүх судалгааг нь нарийн хийсний дүнд одоогийн төрхийг нь гаргаж ирсэн. Эхлээд суварга байж байгаад дараа нь цэргийн зориулалтаар ашиглаж байсан юм билээ. Бид Киданы үеийн дурсгалуудыг судлахын тулд Өвөрмонголын нутгаар явж судалж үзсэн. Биднийг энэ ажлыг хийсний дараа Хэрлэн барс хотын цамхаг төрхийн 60-70 орчим хувь нь харагдаж байгаа.
-Сэргээн засварлах ажил гэж нэрлэж болох уу?
-Тоосго нь унасаар байгаад 7-8 ханаараа нураад уначихсан. Тиймээс тэр 7-8 үеийг нь унагаахгүйн тулд хээрийн бэхэлгээ хийсэн. Тэгэхээр сэргээн засварласан гэхээсээ илүүтэй хээрийн бэхэлгээ хийсэн гэж хэлж болно. Бороо ус ороод урсдаг байсныг нь дээврийг нь битүүлээд ус зайлуулах системийг нь хийж өгсөн. Эртний өвийн тухайд хамгийн гол аюул нь ус борооны аюул байдаг. Шавар нь олон зуун болсон учир урсаад байдаг юм.
Мэргэжилтнүүд дээрх тайлбарыг хийлээ.
http://news.gogo.mn/r/191399
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих