Монгол Улсын Их Хурал ээлжит бус чуулган нээлтээ хийж, Улсын Их Хурлын дарга чуулганы индэр дээрээс улс орны нөхцөл хүндхэн байгааг онцолж байв. Гэхдээ тэрээр тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, хямралын шалтгаан, нөхцөл байдлыг бодитой үнэлэн, тогтоосний үндсэн дээр хямралыг эдийн засаг, нийгэм, ард түмний амьдралд аль болох хохирол багатайгаар даван туулах, эдийн засгийн бууралтыг зогсоох, хямралаас гарахаар Монголын төр засаг ажиллаж байгааг онцолсон юм. Ийнхүү Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн Улсын Их Хурлын даргын үгнээс онцлох 20 ишлэлийг хүргэж байна.
1. Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэхээр төлөвлөсөн.
2. Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүнд, хямралын шинжтэй байна.
3. Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, эдийн засгийн өсөлт оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна.
4. Төлбөрийн балансын алдагдал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, төгрөгийн ханш тасралтгүй суларч, хүн амын худалдан авах чадвар буурсаар байна.
5. Нэгдсэн төсвийн орлого сүүлийн жилүүдэд 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр 2-3 удаа тодотгол хийж ирсэн.
6. Монгол Улсын нэгдсэн төсөв 4 жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь төсөв санхүүгийн алдаатай бодлого, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой.
7. 2016 оны 7 дугаар сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөгт хүрчээ.
8. Улсын эдийн засаг, санхүүгийн байдал төсөөлж байснаас хэд дахин хүнд байгааг Засгийн газар, Сангийн яамнаас гаргасан мэдээллээс амархан дүгнэж болохоор байна.
9. 2011 онд манай улсад 4,6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол энэ тоо жил дараалан буурсаар 2016 оны эхний 6 сарын байдлаар 35 сая ам.доллар болжээ.
10. Гадаадын хөрөнгө оруулагч нарын эрх ашиг, Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаалах нь Монгол төрийн олон улсын тавцанд хүлээсэн үүрэг.
11. Манай улсын иргэд өндөр боловсролтой, нээлттэй эерэг хандлагатай, чадварлаг ажиллах хүчинтэй, өрсөлдөөний зардал багатай зэрэг давуу талуудтай.
12. Тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, хямралын шалтгаан, нөхцөл байдлыг бодитой үнэлэн, тогтооно.
13. Хямралыг эдийн засаг, нийгэм, ард түмний амьдралд аль болох хохирол багатайгаар даван туулах, эдийн засгийн бууралтыг зогсоохоор Монголын төр ажиллаж байна.
14. Санхүү, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодлогын шинэчлэл, зорилт, арга хэмжээгээ тодорхойлох нь бидний өмнө байгаа амин чухал асуудал юм.
15. Хямралыг даван туулах цогц арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхлэхэд 2017 он шийдвэрлэх жил.
16. Төсвийн зарлагын шинэчлэлийг эхлүүлэх, төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах, зардал, үр өгөөжийн зохистой харьцааг хангах нь чухал.
17. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, төсвийн тусгай шаардлагыг ханган биелүүлэх, эдийн засагт үзүүлэх өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн өрийн удирдлагын стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхэд 2017 оны болон дунд хугацааны төсвийн баримт бичгүүдийн бодлогын зөв шийдэл шийдвэрлэх үүрэгтэй.
18. Ю.Цэдэнбал агсаны түүхэнд гүйцэтгэсэн үйл хэргийг бодитойгоор авч үзэх, түүхэн тодорхой цаг үед гарсан гажуудлыг засаж, залруулах нь төрийн журамт үүрэг мөн билээ.
19. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн хангагдаагүй учир хуулиудыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах асуудлыг яаралтай хэлэлцэх талаар Засгийн газар санал ирүүлсэн.
20. Батлан хамгаалах, зэвсэгт хүчний эрх зүйн орчныг шинэчлэх зарим хуулийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих