Төв Азийн бүс нутагт цор ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туурь 22 метр цамхагийг ийнхүү сэргээн засварлажээ. Засварын ажлыг 2014 онд ССАЖЯ, БНХАУ-ын Соёлын өвийн удирдах газартай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулан нэг сая юанийн буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэсэн байна. Хэрлэн барс хотын туурь цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний үетэй холбогддог. Тэр үед Киданчууд нийслэл хотоо байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааж байсан домогтой. Нутгийн настнуудын яриагаар 1942 оны үед ийм суварга хоёр байсныг Хэнтий аймгаас мод бэлтгэлийн нөхдүүд нэгийг нь нураасан гэж ярьдаг. Хөх тоосгоор барьж орой хэсгийг нь цагаан зандангаар зангидсан энэ гайхамшигт бүтээлийн баруун хананаас олон тоосго сугалан авсны дээр олон арван жилийн нар салхинд элээгдэж нурах аюулд орсон байж. Нутгийн иргэд гэлтгүй, Монголчууд энэ байгууламжийн хөх тоосгыг өвчинд сайн хэмээн буцалгаж уухаар хэд гурваар нь зөөсөөр, харах хүн хариуцах эзэнгүй Хэрлэн барсын туурь нурахаасаа өмнө тогоонд орж дуусах байсан ч магад гэх.
Гэвч Хэрлэн барсын туурийг сэргээн засварлах ажил ард түмэнд таалагдсангүй бололтой, "дүр төрхийг нь алдагдуулсан, орчин үеийн байшин болгосон, бэхэлгээгээр тогтоож болох байсан” зэргээр шүүмжлэлд өртөв.
Бид сэргээн засварлалтыг хэрхэн хийсэн талаар албаны хүнээс тодруулахад дараах байдлаар тайлбарлав.
-ТООСГО-
1200 гаруй жилийн өмнө Хэрлэн барс хотын цамхагийг барьж байгуулсан хөх тоосго өдгөө гандаж, бор шаргал өнгөтэй харагдаж буй. Сэргээн засварлах ажлын үеэр хөх тоосгоны материал, орцыг нь судлаж үзээд сэргээн засварлах тоосгоныхоо орцыг гаргаж авчээ. Ингэхдээ орцны найрлагад орсон шаврыг олохын тулд хоёр сар гаруйн хугацаа зарцуулжээ. Олсон шавраа ашиглан тоосго цохих эртний аргаар боловсруулан сэргээв. Ингэхээр Хэрлэн барс хотын цамхаг 1200 жилийн өмнө ийн харагдаж байсан аж.
-ДҮР ТӨРХ-
Соёлын өвийн төвийн мэргэжилтэн судлаачид болон Хэрлэн барс хотын туурийг судлаж байсан хэд хэдэн эрдэмтэд судалгаагаа нарийвчилсны үр дүнд одоогийн түр төрхийг гаргаж иржээ. МЭ9-11 дүгээр зууны үед суварга байсан ч он жилүүдийн эрхээр цэргийн зориулалтаар ч ашиглаж байсан нь бий. Мэргэжилтнүүд Кидан гүрний үеийн нарийн судалгаануудыг Өвөр Монголын нутгаар явж цуглуулснаар өдгөө бидэнд харагдаж буй цамхагийг 60-70 хувийн гүйцэтгэлтэйгээр босгожээ.
-ЦААШИД ХАДГАЛАГДАХ БАЙДАЛ-
Нэгэнт эм, тангийн зориулалтаар эртний хөх тоосгуудыг сугалж авсаар байгууламжийн олон тооны хана нурсан тул үндсэн үеүдийг тогтоохоор хээрийн бэхэлгээ хийж, олон жилийн борооны усанд элэгдэхээс хамгаалах дээврийг нь битүүлж, ус зайлуулах системийг шийджээ.
Б.ГЭРЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих