Од нь гийсэн хүн гэж байдаг бол од нь «гүйсэн» хүн гэж байдаг ажээ.
Тийм хүний нэг бол Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, эрдэнэ дайчин, манлай баатар чин ван Ж.Дамдинсүрэн юм. Тэрбээр тоост хорвоод хагас зуун жил наслахдаа хэрээс хэтэрсэн зовлон бэрхшээлийг туулжээ.
Дамдинсүрэн гэдэг бие хүнийг зориг тэвчээр нь л авч явсан юм шиг санагддаг. Түүний туулсан зам тэр чигээрээ энгийн байтугай цэргийн хүн ч зүрх алдмаар, хамт явсан хэн ч гэсэн биширмээр гайхамшигт жанжин байжээ. Манлай ван цэргүүддээ:
-‘’Зовлон тоочсон хүнийг эр хүн гэдэггүй, түүнийг ярьж биш сөрж туулдаг юм’’ гэж сургаж хатуужуулдаг байсан гэдэг.
Тэр өөрийгөө бодсон бол ноён болоод жаргаж болох байсан ч үндэс угсаагаа хамгаалан эцсийн цусаа дуустал тэмцэнэ хэмээн сэлэм атгаж андгайлсан монгол билээ.
Хүйслэг овогт Жамсрангийн Дамдинсүрэн нь 1871 онд Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн шинэ барга зүүн гарын Шулуут цагаан хошууны Жаргалант сумын нутагт төржээ Тэрбээр бага наснаасаа монгол, манж, хятад хэл бичиг сурч түүх, яруу найраг, дуу зохиодог болж, улмаар төрийн асуудалд боловсорч сумын зангийн алба хаших болжээ. Үндэсний үзэлтэй учраас 1911 онд Хөлөнбуйр аймгаас Хятадын хар цэргийг хөөн зайлуулах зэвсэгт бослогыг зохион байгуулж түүний удирдагчдын нэг болсон гэдэг.
Өвөрмонголын ард түмнийг төлөөлж очих төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дамдинсүрэн нарын долоон хүн оржээ. Ж.Дамдинсүрэн Нийслэл хүрээнд ирж Хөлөнбуйрын ардуудаас Монголын тулгар байгуулагдсан төр улсад багтан орж хүчин зүтгэх хүсэлт бичгийг Монгол Улсын Богд хаант Засгийн газарт өргөн барьжээ. Засгийн газар ч хүсэлтийг ёсоор болгон зөвшөөрсөн гэдэг. Дамдинсүрэнгийн энэ гавьяаг Богд хаан үнэлж түүнийг улсад туслагч гүнгийн зэргээр шагнан Монгол Улсын Гадаад яамны дэд сайдаар томилсон байдаг юм. Энэ нь залуу жанжин Дамдинсүрэнг Монгол Улсын төр цэргийн зүтгэлтэн болох замд эргэлт буцалтгүй оруулсан гэдэг.
1912 онд Монгол Улсын Засгийн газар баруун хязгаарыг түвшитгэн тохинуулах сайдад Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нарыг, илбэн тохинуулах сайдад жалханз хутагт Дамдинбазар, зөвлөх сайдад Өвөрмонголын эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдагч гүн Хайсан нарыг тохоон томилж, зэвсэг сайтай 500 барга, халх, цахар цэрэг илгээсэн байдаг юм. Урьд нь Хятадын хар цэрэгтэй тулалдан дайн үзэж, дарийн утаа үнэрлэсэн Дамдинсүрэнгийн нутгийн барга, цахар цэргүүд 1912 оны намар буюу 8 дугаар сарын 5-7-нд эрэлхэгээр тулалдаж Ховдын Наймаа хот, Сангийн хэрмийг эзэлж манж, хятад цэргүүдийг буулган авчээ.
Ховдыг чөлөөлсөн энэ байлдаан манай улсын түүхэнд эрх чөлөөний хөдөлгөөний анхны ялалт гэж тэмдэглэсэн байдаг. Энэ байлдааны үе Дамдинсүрэнгийн хувьд од гийсэн он жилүүд байсан бөгөөд насан туршийн анд С.Магсаржавтайгаа танилцаж андгай тавьж дайчин нөхөрлөлийн холбоотой болсон гэдэг.
Ингэж нэгэн үеийн хоёр жанжин баруун хязгаарыг илбэн тохинуулаад Нийслэл хүрээнд ирэхэд Жамрсангийн Дамдинсүрэнд Богд Жавзандамба хааны 1912 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн зарлигаар баруун хязгаарыг Хятадын цэргээс чөлөөлөх байлдаанд гарамгай гавьяа байгуулсан учир үе улиран залгамжлах засаг төрийн бэйл хоёр нүдтэй тогосын отго, цэргийн жанжин манлай баатар цол олгожээ.
Сандагдоржийн Магсаржавт үе улиран залгамжлах төрийн ван цол, тогосын отго, цэргийн жанжин, хатанбаатар цолоор шагнасан байна. Мөн Ховдыг чөлөөлөх байлдаанд эрэлхэг гавьяа байгуулж баатар цол хүртсэн нэр бүхий 12 хүний найм нь барга хүн байсан бөгөөд сүүлд урвасан хулгай гэгдсэн Найдан ван, Баяр гүн, Харчин гүн Бавуужав нар ч орж байсан гэдэг. Манлай ван Дамдинсүрэн гал голомт Монгол улсдаа амар тайван амьдрахаар ирсэн ч эх орон дахиад дууджээ.
Энэ удаа тэр зүүн өмнө хязгаарыг хянан тохинуулах цэргийн жанжнаар 1912 оны өвлийн сүүл сарын 26-нд Богд хааны зарлигаар томилогдон Өвөрмонголын ард түмнийг Хятадын хар цэргээс чөлөөлөх «Таван замын цэргийг» удирдан хөдөлжээ. Манлай баатрын удирдсан «Таван замын цэрэг» Үзэмчин, Хуучид, Шар мөрний зүүн этгээдэд удаа дараа ширүүн байлдаан хийж ялалт байгуулсаар Долнуур хүртэл давшсан гэдэг.
Энэ тухай архивын баримтад «Монгол цэрэг олноо өргөгдсөний хоёдугаар оны хоёрдугаар сараас олноо өргөгдсөний гуравдугаар оны 12 дугаар сар хүртэл баруун өмнөд хязгаарыг түвшитгэн тохинуулж дайлаар мордох хугацаандаа олон хязгаарын газар тойрон дайсны цэрэгтэй 103 удаа тулан байлдсан бөлгөө» хэмээн бичсэн байгаагаас үзэхэд эрх чөлөөний тэмцэл хэр ширүүн болж байсныг тодорхойлох буй заа. Харин Манлай баатар Дамдинсүрэнгийн хувьд Хүйсийн талын байлдаан хамгийн сүүлчийнх байсан гэдэг. 1913 онд Манлай баатар Дамдинсүрэн Цэргийн яамны эрхлэн зөвлөх сайд, Шинэ барга, Шулуун цагаан хошууг захирах засгийн тамга олгосон байна.
Мөн түүний гавьяаг төр үнэлж гурван нүдний отго, хоёр нэмсэн, нэг тэмдэглэсэн зэрэг, жүн вангийн зэрэг шагнажээ. 1915 онд түүнд тав нэмсэн, тав тэмдэглэсэн зэрэг, үе улирах жүн ван хэргэм нэг нэмсэн зэрэг шагнасан байна. Түүхэнд манлай ван Дамдинсүрэнг зөвхөн байлдах дайтахаас өөр юм мэддэггүй цэргийн хүн гэвэл өрөөсгөл ойлголт болно.
Манлай ван Дамдинсүрэн 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрт ерөнхий зөвлөхөөр оролцож сайн улстөрч, чадварлаг дипломатч гэдгээ харуулжээ. Түүхэн энэ гэрээнд оролцсон Балингийн Цэрэндорж, Манлай ван хоёрт хятадууд «хоёр хөгшин чоно» хэмээн их болгоомжтой хандаж тэднийг гэрээнд оролцуулахгүй байхыг санал болгож байсан гэдэг. Учир нь тэд хятад хэлэнд сайн, тэдний улс төрийн бодлогыг сайн мэддэг байсан учраас эмээж байсан буй заа.
Тэр ч байтугай гадаадын цэрэг шиг дүрэмт хувцастай болгох, цэргийн насны эрчүүдийг 5 жил алба хаалгах, бэлтгэл цэргийн насыг 50 насаар тогтоох, Орос, Хятад улс лугаа адил тариа тарих, дархан хүмүүсээр зэвсэг хийлгэж сургах, мөнгөн тэмдэгтэй болох, түүх зохиох, тарчилган зовоохыг зогсоож, байгалийн баялгийг ашиглах, төмөр зам тавих зэргийг юм үзэж нүд тайлсаны хувьд Богд хааны засгийн газар удаа дараа тавьж байсан боловч дэмжигдээгүй гэдэг.
Тэрбээр Монголын ноёдын дунд хамгийн том цол хэргэмтэй хүн байсан ч цалин пүнлүү, мөнгө хөрөнгөө өөрийн албатууддаа тараагаад өгчихдөг, харамлахыг мэддэггүй сонин зантай хүн байжээ. Мөн цэргийн хүн учраас ямар нэг зүйлийг цэргийн дүрэм журмаар хатуу шударга шийтгэхийг эрхэмлэдэг байжээ.
1918 онд орон нутагтаа түр чөлөөгөөр очихдоо дээрэм тонуул хийж ард олныг айлгаж явсан хоёр хулгайчийг барьж цаазалсан тул Богд хааны зарлигаар жанжин цолыг хурааж, 3 жилийн цалин пүнлүүг хасч улмаар хошуу захирагч хүү Д.Долсоны 3 жилийн пүнлүүг хасч шийтгэсэн байна. Гэсэн ч удалгүй 1919 онд жанжин цолыг нь эргүүлэн олгож, улбар шар хүрэн цол, Богд хаан онцгой гавьяа байгуулсан хүнд соёрхдог «Эрдэнийн очир» одонгоор шагнасан гэдэг.
Тэрбээр 1920 оноос эхлэн ардын намын нууц бүлгэмтэй холбоо тогтоон Хатанбаатар Магсаржавтай нууцаар үгсэн хэлэлцэж, цаг нь болохоор Хүрээнээс Хятадын цэргийг хөөн гаргах тухай төлөвлөж байв. Үүнийг гамин цэргийн эрхтнүүд тагнан мэдэж, 1920 оны 5 дугаар сарын 29-нд түүнийг баривчлан хорьжээ.
Тэрбээр Хятадын шоронд 100 гаруй хоног хоригдон 1920 оны өвлийн сүүл сарын 19 буюу 1921 оны аргын 1 дүгээр сарын 27-ны шөнө нас баржээ. Шоронд байхдаа «Би хятадуудын гарт хэвтээгээрээ биш босоогоороо үхнэ. Хэрэв эндээс амьд гардаг юм бол Маймаа /Амгаланбаатар/ хотоос Бээжин хүртэл хүйс тэмтэрнэ» гэж хэлсэн гэдэг. Манлай ван Дамдинсүрэн хятад хэл сайн мэддэг учраас энэ үгээ гамингуудад нэг бус удаа хэлж байсныг тэр үеийн хүмүүс домог болгон ярьдаг байжээ.
Тэрбээр хэлсэндээ хүрч эрүү шүүлтийн улмаас шоронгийн ханыг түшин «Хаан суудал» буюу завилж суун насан өөд болжээ. Хятадын шоронгийнхон Монгол цэргийн жанжин ингэж ялдаг юм гэж хэлэх шиг ихэмсэгээр завилж суун өөд болсон Манлайбаатарын хөшсөн биеийг тэнийлгэж чадаагүй гэдэг. Жанжны шарилыг хүрээнээс авч гарах хэцүү байжээ.
Учир нь Хятадын цэргийн эргүүл эргэн тойрон гарчээ. Түүний шарилыг жууз тэргэнд битүүмжлэн авч гаран Сэцэн хаан аймгийн Ачит бээсийн хошуунд авчирсан гэдэг. Түүний хөтөч Лхасүрэн манлай баатрынхаа шарилыг 1000 гаруй км-ийн холоос авчран одоогийн Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг Үүлэн хааны ноёлог оргилоос зүүн урагш Шинэбулагт гэдэг булгийн эхэнд энгэр тавиу газар оршуулжээ.
Энэхүү нутаг нь Богд хаанаас манлай ван Жамсрангийн Дамдинсүрэнд олгосон Амгалан хан уулын хошуу гэж нэрлэгдсэн Ар таван харуулын нутаг ажээ. Монголын цэргийн жанжин эрх чөлөөний төлөө тэмцэгч манлай ван Ж.Дамдинсүрэнгийн шарил нойрсож буй Шинэбулагт дурсгалын алтан соёмбот хүндэтгэлийн баганыг Дорнод аймгийн Чулуунхороот сумын залуучууд босгосон, одоо ч сүндэрлэн буй.
Мөн МАХН-ын ТХ-ны 1965 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 256 дугаар тогтоолоор цэргийн жанжин, эрдэнэ дайчин, манлай баатар, чин ван Ж.Дамдинсүрэнгийн хөшөөг Дорнод аймгийн Гурван загал сумын төвд босгохоор болжээ.
Ар Монголдоо сайхан амьдрах гэж нутгийн олон иргэдээ уриалан дагуулж нутгаасаа гарсан Дамдинсүрэн: «Зовж, жаргасан ч Хятадын модон анжис чирч явахгүй шүү хөө. Алдсан оносон ч ар халхынхаа нутаг, Монголынхоо гал голомтыг түшиж ясаа тавина» гэж хэлсэн гэдэг.
Ж.Дамдинсүрэнгийн 3 хүү бас л эцгийнхээ адил хэлмэгдсэн байдаг юм. Ахмад хүү хошуу ноён Д.Долсонг 1937 онд баривчилж, Ёнзон хамбын «Төв» эсэргүү байгууллага гэгчийн хэргээр 1936 оны 12 дугаар сарын 31-нд буудан, хөрөнгийг нь хураажээ. Дунд хүү Д.Дампилыг 1938 оны 3 дугаар сарын 25-ны 11-р тогтоолоор 10 жил хорьж, хөрөнгийг нь хурааж, отгон хүү Д.Уртнасанг 1938 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор буудан алах ялаар шийтгэсэн архивын баримт байдаг юм.
1929 онд Манлай баатрын ууган хүү үе улирсан хошуу ноён Д.Долсонгийн хөрөнгийг хураахад 2000 адуу, 8000 хонь ямаа, 100 үхэр, 100 гаруй тэмээг хураасан архивын мэдээ бий. Хошуу ноён Д.Долсон ардын малыг хураахыг эсэргүүцсэн хэргээр Баянтүмэнд хэсэг хугацаагаар хоригдсон бөгөөд хамт байсан Халх голын хошууны суман занги Түмэнбаяр гэдэг хүн:
-Долсон ноён их заргач, үнэн үгтэй шударга хүн байсан юм.
Би тийм зоригтой хүн үзээгүй. Тэрбээр заргалдсаар байгаад суллагдсан. Дараа нь дайчлагдан дээд хэмжээ авсан даа гэж ярьсан байсан гэдэг.
Монгол цэргийн нэрт жанжин Манлай ван Жамсрангийн Дамдинсүрэн эх орныхоо төлөө амь насаа зориулсан цэргийн томоохон зүтгэлтэн, эрх чөлөөний хөдөлгөөний цогтой тэмцэгч байсныг зурвасхан харахад ийм байна.
Б.Төмөрпүрэв
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих