Д.ЖАВХЛАН
Уулын марафон гүйлтийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцохоор уржигдар ОХУ-ыг зорилоо. Тус тэмцээний талаар Монголын уулын спортын мастер Д.Отгонхүүгээс тодрууллаа.
-Европ тивийн ноён оргил Эльбрус ууланд болох тэмцээний талаар ярилцлагаа эхлэх үү?
-Уулын марафон гүйлтийн Дэлхийн цомын тэмцээн далайн төвшнөөс дээш 5642 метр өндөртэй Эльбрус ууланд зургаа дахь жилдээ болох гэж байна. Би өнгөрсөн жил эх орноо төлөөлөн ганцаараа оролцсон. Харин энэ удаа надтай хамт хоёр залуу уулчин авирна. Би жилийн өмнөөс энэ тэмцээнд зориулж Мөнххайрхан, Сутай зэрэг хайрхануудад авирсан. Үүнээс гадна идэр есийн хүйтэнд Хагийн хар нууран дээр хоёр долоо хоногийн турш чарга чирж бэлтгэл хийсэн.
-Та өнгөрсөн жилийн уралдаанд хэр хурдалсан бэ?
-Энэ тэмцээн голдуу Эльбрус уулын бэлд болдог. Уулчид ерөнхийдөө тэмцээний салхийг хагалах маягаар Эльбрусын Азаро хэмээх тосгоны 2350 метрээс гараад 3500 метр хүртэлх босоо нэг километрийн зайд сорил хийдэг юм. Үүний араас тамирчдын эр зоригийн шалгуур болох жинхэнэ марафон эхэлдэг. Далайн төвшнөөс дээш 5642 метрээс Эльбрусын оргил хүртэлх 12 км замыг туулах ёстой. Би энэ зайг зургаан цаг 11.22 минутаар туулж улсынхаа хоёр дээд амжилтыг шинэчилсэн. Мөн 23 км-ийн холын зайн төрөл бий. Би энэ төрөлд өмнө нь оролцохдоо 15 орны 280 гаруй уулчдаас 52 дугаар байрт орж билээ. Түүнчлэн 12 км-ийн зайд 21 дүгээр байрт орсон доо.
-Та энэ жилийн марафонд монгол дээлтэй уралдана гэв үү?
-Би Хэнтий аймгийн Дадал сумынх. Жинхэнэ буриад хүн. Энэ зун манай буриад зон олны хүндтэй баяруудын нэг "Алтаргана” наадам 20 нас хүрнэ. Тэгш ойдоо барих миний гэнэтийн бэлэг Эльбрусын оргилд тайлагдах юм. Би энэ мөчийг олон жил хүлээсэн дээ.
-Энэ тухайгаа илүү тодрулахгүй юу?
-Энэ удаа "Алтаргана” наадмын туг, буриад дээлтэйгээ оргилд хүрэх бодолтой байгаа.
-Таны уралдах төрөл хэднээс эхлэх билээ?
-Тэмцээн ирэх сарын 3-нд сноуборд, цанын хоёр төрлөөр эхэлнэ. Харин бид гурав ирэх сарын 6-11-нд уралдана.
-Уулчдын ярианаас сонсоход Эльбрус тийм ч зочломтгой хайрхан биш бололтой?
-Тийм ээ. Амаргүй аялалд хоёр дахь удаагаа мордох гэж байна. Эльбрус ууланд манан, огцом ангал олон тааралдана. Бас болоогүй хүчтэй салхитай. Алхаж гишгэхдээ тун няхуур байхгүй бол хөл алдаж ууланд үүрд үлдэх эрсдэлтэй. Өнгөрсөн хугацаанд Эльбрустэд 30 мянга орчим уулчин дайралт хийснээс 3000 уулчин эрсдсэн байдаг. Тэмцээн зохион байгуулагчид уулчдынхаа аюулгүй байдлыг сайн хангаж өгдөг болохоор ойрын жилүүдэд эрсдэл огт гараагүй. Уралдааны замын хоёр талаар хатуу торос гараанаас бариа хүртэл үргэлжилдэг юм.
-Уралдаан болох уулынхаа салхины хурдыг тооцоолж бэлтгэлээ хийсэн үү?
-Эльбрусын 5000 метрт секундэд 20-30 метр хүрч салхилдаг. Тэнд л бид уралдах юм шүү дээ. Тэгээд дээшлэх тусам салхины хурд ихсэнэ.
-Уулчид Эльбрусын аль хэсгээр авирах вэ?
-Эльбрусын ар талд тэмцээн зохиох боломжгүй. Дэндүү аюултай. Тэгэхээр өвөр талаас нь дайралт хийнэ гэсэн үг.
-Манай уулчид тэмцээнд оролцох зардал, санхүүгийн асуудлаа яаж шийдвэрлэв?
-Монголын Үндэсний дээд сургуулийн захиргаа, Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон хувь хүмүүс сэтгэлээрээ дэмждэг.
-Өнгөрсөн Сочи өвлийн олимпийн наадамд уулын марафон гүйлтийн спорт анх удаа үзүүлэх тоглолтоор оролцсон. Магадгүй энэ спорт хөгжих гол сууриа тэндээс эхлүүлсэн байж мэдэх юм?
-Тэгэлгүй яахав. 2018 онд өвлийн олимп зохиох эрхийг авсан БНСУ-ын спортын талбарт уулын марафон гүйлтийн төрөл багтаад байгаа юм. Нэг үгээр хэлбэл уулын марафон гүйлтийн спорт олимп тэр дундаа Азийн спортын талбарт нэг нас хүрч байна. Иймд манай төр засаг олимпийн их айлд бүл нэмсэн шинэ спортоо бусад спортын адил анхаарах ёстой.
-Монголд энэ спортоор хичээллэдэг хэдэн тамирчин байгаа вэ?
-Хоёр дасгалжуулагч гурван тамирчинтай Олон улс болон дотоодын тэмцээнд тогтмол оролцдог. Цаашид энэ спортоор хичээллэгч залуусын тоог ахиулах байх аа.
-Дэлхийн цомд уралдах Монголын тамирчдын гаргасан амжилтыг танилцуулахгүй юу?
-Спортын нэгдүгээр зэрэгтэй уулчин Б.Эрдэнэбаяр маань 2012 онд Сутай, Мөнххайрхан, Асралт зэрэг ууланд амжилттай гарсан. Мөн багийн ганц эмэгтэй уулчин Г.Баяцэцэг 2013 оны хаданд авиралтын улсын аваргын мөнгө, хүрэл медальтай. Түүнчлэн 2013 оны мөсөнд авиралтын улсын аваргад түрүүлсэн. Өнгөрсөн жил тэрээр Сутай хайрханы 4090 метр, Асралт хайрханы 2800 метрт амжилттай хүрсэн.
-Харин та?
-Би 2012 онд Сутай, Мөнххайрхан, Алтай таван богдын Малчин оргилд амжилттай авирсан. Мөн мөсөнд авиралтын улсын аваргад түрүүлсэн. Эльбрус ууланд хоёр дахь удаагаа авирах гэж байна.
-Энэ спортод аль орны тамирчид онцгой амжилт гаргадаг вэ?
-Итали, Швед, Швацарийн уулчид ихэвчлэн медаль түүдэг. Гэхдээ Азийнханд боломж бий.
-Уулын марафон гүйлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тов гарсан уу?
-Зургадугаар сарын 28-31-нд болох юм гэнэ лээ. Тухайн үед миний бэлтгэл сургуулилт сайн хангагдвал уралдах бодолтой байна.
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих