"Бидний жинхэнэ дайснууд өөрсдийн маань дотор байдаг” гэсэн үг үнэн бололтой. Хүний мөс чанар дордож, ёс жудаг алдагдахын цагт өчигдрийн үнэнч найз нөхдийн дүр эсгэгчид өнөөдрийн өстөн дайсан болон хувирах нь энүүхэнд гэж Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Баганбанди "Титэм үг” номондоо ишилжээ.
Энэ үг өнөөдрийн нөхцөл байдалд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд илүү тохирч байна. Түүний зоригтой эхлүүлсэн хууль, шүүхийн шинэчлэлийг тасалж, сайдын сэнтийгээс унагах сонирхол сөрөг хүчин болоод огцрох үндэслэл гаргаж тавьсан О.Баасанхүү нараас илүү хамгийн итгэж найдаж явсан намынх нь нөхдөд нуугджээ.
Зөвхөн О.Баасанхүү гэдэг гишүүн Х.Тэмүүжинд дургүйдээ, хийх ажлынх нь өө сэвийг хайж суудагтаа түүнийг огцруулах үндэслэл оруулж ирсэнгүй. Түүний ард АН-ынхан өөрсдөө нуугдаж байгаа нь өнгөрсөн пүрэв гаригт болсон байнгын хорооны хуралдаанаар ил боллоо. Битүүхэндээ өөрийг нь хамгаалаад үлдэнэ гэж итгэж явсан намынх нь Х.Баттулга, З.Энхболд, Д.Ганбат, Ж.Батзандан, Ш.Түвдэндорж, Л.Болд нарын нөхөд нь түүний эсрэг санал өгч орхив. Энэ юуг хэлнэ вэ. Хууль зүйн сайдын зоригтойгоор эхлүүлж буй хууль, шүүхийн шинэчлэл тэдэнд таалагдахгүй байна уу. Эсвэл Х.Тэмүүжин өөрөө таалагдахгүй байна уу. Хээрийн боохойтой нөхөрлөсөн гэрийн ноход аюултай гэж малчин удамт монголчууд ярьдаг. Түүнтэй адил дайсан болсон ойрын хүн холын дайснаас илүү аюултай. Хорт могой холоос биш ойроос хатгадаг шиг өөрт чинь ойрхон байсан хүний дайсагнал өстөний хорлолоос давсан хор цацна гэгчээр АН-ынхан Р.Бурмаа, Х.Тэмүүжин зэрэг намынхаа эсрэг зоригтойхон дуугарчихдаг гишүүдээ нэг, нэгээр нь "барьж” идэх гэж улайрцгааж байна.
Өнгөн далдлалт нь О.Баасанхүү гишүүний гаргаж тавьсан үндэслэл мэт харагдаж байгаа ч үүний цаана АН-ынхны өнөөх эв түнжингүй явах уламжлалт зан чанар нь илүү тод харагдаж байгаа юм. 1996 онд УИХ-д олонхи болчихоод Засгийн газраа мөн ч олон удаа унагаасан. М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нарын тэргүүлсэн Засгийн газрыг намынхаа эв нэгдлээс илүү фракци, бүлэглэлийнхээ эрхшээлд автан унагааж байсныг уншигч түмэн мэднэ. АН 2000 оны сонгуулиас хойш яагаад ялдаггүй байсан бэ. Энэ асуултын хариу нь дэндүү энгийн. АН-ынхан нэг цул болж чаддаггүй, эрх мэдлийн төлөө дандаа хэрэлдэж, дайсагнаж, нэгнээ ил, далд хорлож явдаг учраас тэр. Түүнээс биш монголчууд ардчиллыг дэмждэггүй, ардчилалд дургүй, ардчиллыг ойлгодоггүйдээ АН ялагдаад, дангаараа Засгийн эрх барьж чадахгүй байгаа юм биш. Өнгөрсөн 22 жилийн дотор Монголын ард түмэн ардчиллын үнэ цэнийг сайн ойлгосон хүмүүс. Харин АН-ыг өнгөрсөн 22 жилийн хугацаанд удирдаж байгаа хүмүүс үүнийг ойлгосонгүй. АН-ынхан хэдэн ч удаа нэрээ сольж, энэ намд хэдэн ч нам нэгдэж, бас хэдэн ч нам энэ намаас өрх тусгаарлан гарсныг тоочиход ч урт дараалал гарна. АН-ын хагарал бутрал задралын түүх дандаа Монголын улс төр дэх эрх мэдлийн хуваарилалт, албан тушаалын төлөөх амбицтай холбоотой. Өнөөдөр тэрхүү дүр төрх нь Х.Тэмүүжин, Р.Бурмаа нарт илүү тод харагдаж байна. Хууль зүйн салбарын "унтарчихсан” өөрчлөлтийг Х.Тэмүүжин сайд эрчимжүүлж, өнөөдөр энэ шинэчлэл нь хуулийн салбарын удирдах албан тушаалтнуудыг сольж, өөрчлөх төвшиндээ хүрмэгц засаглалын бүх шатанд маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь энэ. Энэ бол зөвхөн Монголд ч биш, ардчилсан нийгэм рүү шилжиж буй Зүүн Европын орнуудад хүчний байгууллагуудын шинэчлэлийг хийхэд тулгарч байсан бэрхшээл, сорилтуудын нэг юм. Хүчний байгууллагаа шинэчлэн өөрчилж, ардчилал, хүний эрхийг хүндэлдэг, ард иргэддээ үйлчилдэг, авлигын эсрэг тэмцдэг, ил тод үйл ажиллагаатай, түүнийгээ тайлагнадаг болгож чадсан орнуудад нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр дүн өндөр байна. Өөрөөр хэлбэл энэ салбарт бугшсан идээ бээрийг дөнгөж шахаж эхэлмэгц, Монголын хүчний байгууллагууд иргэдийнхээ өмнө үйлчилдэг тэднийхээ аюулгүй байдлыг хангах энэ тогтолцоог бий болгохыг зорьж эхэлмэгц түүний өмнө хүний өөрийнгүй ийнхүү хөндөлдөн зогсох нь харамсалтай. Энэ үгийг Х.Тэмүүжин гэдэг хувь хүнд илүү харамсч байгаа гэхээсээ илүү түүний удирдан явуулж буй шинэчлэлийн төлөөх ажил зогсох гээд байгаа нь Монголын ард түмэнд таалагдахгүй байна. Гэвч АН-ынханд энэ үр дүн огт хамаагүй. Тэд үеийн үед л өөрөөс нь нэр хүндтэй, олон түмэнд хүндлэл хүлээж буй нэгнээ ийм замаар зайлуулж сурсан улс төрийн хүчин. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг давтан ярих дуртай болохоос биш амьдрал дээр коммунизм үнэртүүлсэн нам.
Гэхдээ аль нэг улстөрчийн албан тушаалын төлөөх амбицаас илүү хууль зүйн салбарт Х.Тэмүүжин сайдын эхлүүлсэн энэхүү цогц шинэчлэлийг гүйцээн биелүүлэх нь монголчуудын хамгийн эрхэм үнэт зүйл болсон ардчилал, эрх чөлөөний хувь заяаны асуудал болоод байна. Энэ шинэчлэл гацах магадлалтай болж буй нь Монголын ардчилал эмзэг хэвээр гэдгийг харуулж байгаа хэрэг. Үүнийг Х.Тэмүүжин сайд "Хуулийн салбарын шинэчлэл эцэстээ нам дамжсан улс төрийн бүлэг, банк дээрэмдсэн цагаан захтнууд, гэмт хэрэгтэнтэйгээ сүлбэлдсэн хуулийн ажилтан, хуулийн байгууллагаар хамгаалуулсан авлигачтай тэмцэхэд хүрч байна. Төрийн өмчийг, улс төрийн намыг, Засгийн газрын яамдыг хувьчилж авна гэж бодож байгаа бол "Би тэдэнд үгүй” гэж хэлж байна. Та нарын хүссэнээр өөрөө огцрохгүй. Юу ч гэж гүтгэж, доромжилсон сөрж зогсох болно. Хүсч байгаа бол ил гараад товчлуураа дарцгаа” гэсэн нь нам дотроо дэмжлэггүй, журмын нөхөд гэж бодож явсан хүмүүс нь өөрийг нь унагаах кампанит ажлыг удирдаж явааг ойлгосон бололтой юм.
Дайсагнал ил, далд хоёр янз бий. Ил дайсагналаас биеэ хамгаалах нь арай дөхөм. Дайсагнаж байгааг нь ил тод мэдэх учир дор хаяж л түүнийг сөрөн тэмцэх бэлтгэлтэй байна. "Далд дайсагнал илэрхийгээсээ илүү аюултай”. Далдын дайсан нь нэг талаас нөхөр, дайсан аль нь болох нь ялгагдахгүй зовооно, нөгөө талаас хэзээ юу хийж, яаж хорлох гэж байгаа нь тодорхой биш болохоор учруулах аюул занал нь их гэдэг. Түүний зэрэгцээ далд дайсагнал илүү удаан, илүү зуунги үргэлжилнэ. Далд дайсны удаан зажилдаг эрүүнд өртсөн хүн л хамгийн өрөвдөлтэй учраас Х.Тэмүүжин сайдыг унагаах АН-ын сонирхол бодит ажил болтлоо үргэлжилж магадгүй юм.
Нэгнээ барьж идэх гэсэн төрөлх зан чанар намыг нь хамгийн муухай харагдуулж буйг тэд өөрсдөө хамгийн сайн мэдэх ч хэн юу гэж ойлгох тийм ч сонин биш байна. Нам доторх байр суурийг эзлэгчийг зайлуулахын тулд хонь, чоно фракциуд хүртэл нэгдэж байгааг Х.Тэмүүжинг огцруулсан байнгын хорооны хуралдаанаас харагдлаа. Чононуудтай чоно шиг үзэлцэхгүй бол чононууд чамайг тас татан хаяна. Чи гөлөг, муурын дүртэй байвал дайснууд чамайг нүдээр олзлон дээрэлхэнэ гэгчээр АН-ыг муухай харагдуулах, эв түнжинг хагалан бутаргах З.Энхболд, Х.Баттулга нарын өөдөөс хүчтэй дуугарах улс төрийн лидер хэрэгтэй байна. Монголын хууль эрхзүйн орчны шинэчлэлийн ажил эрчээ алдалгүй тууштай үргэлжлэхэд Х.Тэмүүжиний эрх зориг хэрэгтэй.
Цаг үеийн асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шууд ярилцлагад оролцож, улстөр, нийгэм, эдийн засагт болж байгаа үйл явдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа ялснаас хойшхи хамгийн том, бас хамгийн дуулиан тарьсан сэдвүүдийг хөндсөнөөрөө энэ удаагийн Ц.Элбэгдоржийн байр суурийг сонсох, ажиглах, шинжих хүмүүс олон байсан болов уу. Цахим ертөнцөөр нэг жиргэж байгаа бор шувуунуудын жиргээнээс харахад ингэж дүгнэгдэж буй. Зарим нэгэн "болжмор” сэтгэл нь уужирснаа ч нуусангүй. Энэ хаврын улстөрийн тааламжгүй өнгө төрх, эдийн засгийн байдал, олон нийтийн дунд үүсээд байсан маргаан, эргэлзээ төрүүлсэн олон асуултад тэрээр илэн далангүй хариулт өглөө. Тэрээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн талаар "Тэмүүжин бол өөрийн гэсэн үнэт зүйлтэй, залуу хүн. Алдах юм байлгүй л яах вэ. Гэхдээ энэ хүн суралцаж байгаа. Цаашаа эрч хүчтэйгээр ажиллах байх. Бид Хууль зүй, шүүхийн салбарт хийж байгаа шинэчлэлээсээ хэзээ ч ухрахгүй” гэв. Энэ нь Ерөнхийлөгч намынхаа дотоод зөрчилдөөнөөс илүү хууль, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэсэн мэдэгдэл байлаа.
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих