"Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр чуулганаар хийж, гишүүдийн олонх буюу 91,1 хувь нь дэмжив.
Юмжаагийн Цэдэнбал нь 1940-1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрбээр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар юм.
Тодотгон өгүүлэхэд, тухайн үеийн МАХН буюу өнөөгийн МАН 1990 онд Ю.Цэдэнбалыг намаас хөөж, 1997 онд намын гишүүнчлэлийг сэргээх шийдвэр гарсан байдаг.
За харин өнөөдрийн чуулганаар Монгол төрийн удирдагч асан Ю.Цэдэнбал агсны мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд санал гаргасан юм. Тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хороог цайны цагаар хуралдуулах саналтай байна. Үүний дараа өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд багтааж өгөөч. Тэгвэл өнөөдрийн дотор эцсийн хэлэлцүүлгийг хийгээд гаргачихмаар байна гэж байсан. Харин спикер М.Энхболд өнөөдөр байнгын хороогоо хуралдуулж, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд оруулж өгнө гэсэн хариуг өгсөн юм.
Юмжаагийн Цэдэнбал агсны намтраас өгүүлэхэд, тэрбээр Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Улаангомын шинээр байгуулсан сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.
1938 онд Улаанбаатар руу буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.
1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд Маршал Хорлоогийн Чойбалсан нас барснаар ерөнхий сайд болж 1974 оны 6 сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашсан байна. 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан юм.Мөн зарим түүхийг гуйвуулагчид Ю.Цэдэнбалыг өөрийн төрсөн Давст уулыг Орост худалдсан,Орост дагаар орохоор санаархаж байсан хэмээн ярьж бичдэг ч түүх нэгэнт няцаалт өгсөн.
1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ.
Нас барсных нь дараа Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.
ШУУРХАЙ.МН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих