Монгол Улсыг нэг өрх айлаар төлөөлүүлж бодвол санхүүгийн хувьд ямар нөхцөлд ороод байгааг бодоод үзье. Ирэх оноос төлж эхлэх өндөр хүүтэй зээлтэй, энэ онд байтугай ирэх жилүүдэд ч хүүхдүүдээ сургуульд сургах, хооллож, ундлах мөнгөгүй, гэр бүлийн маргаантай, хамаатан садныхаа дунд "дампуурч” байгаа айл гэсэн үнэлгээ аваад буй олон хүүхэдтэй өрх гэж хэлж болно. Ийм айлд хэн итгэж мөнгө зээлэх билээ. Өрхийн тэргүүн байж болох бүхий л хувилбарыг хайж, хүүхдүүдийнхээ идэж, уух зардлыг нь хүртэл танахаар шийдсэн. Энэ сард манай эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотойгоор гурван чухал мэдээлэл гарсан. Үүнийг нэгтгээд ажиглавал элдэв олон тайлбаргүйгээр Монголын эдийн засаг "модоо барьж”, хямарсныг гэрчилнэ.
2016.08.09- ГЭНЭТИЙН БЭЛЭГ НЭГ:
Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хүндрэлийн талаар сонгуулиас хойш анх удаа тодорхой мэдээлэл хийсэн. Ингэхдээ "Монгол Улс олсон таван төгрөг тутмынхаа дөрвийг нь өрөндөө төлж, үлдсэн нэг төгрөгөөр нь бусад зардлаа санхүүжүүлж байна. Энэ хэвээр өрөө төлөөд явбал энэ онд төсвийн зардлаа санхүүжүүлэхэд 1.1 их наяд төгрөг л үлдэж байна. Засгийн газар үйл ажиллагаагаа явуулахад нэмж 5.8 их наяд төгрөг хэрэгтэй” гэж мэдээлсэн билээ. Дээр нь, валютын нөөц -429 сая ам.доллар, төсөв 5.1 их наяд төгрөгөөр тасарсан, 23.5 тэрбум ам.долларын гадаад өртэй, банкны системийн нийт зээлийн 15.5 хувь чанаргүй болон хугацаа хэтэрсэн ангилалд шилжиж макро эдийн засгийн нөхцөл хүнд байгааг дуулгасан. Түүнчлэн гадаад зээлийн эргэн төлөлт төсвийн орлогын 10 орчим хувьтай дүйж юг их наяд төгрөг даваад байгааг сануулж, 2017, 2018 онд бондын эргэн төлөлтөд өгөх мөнгө байхгүй гэдгээ ч хэлсэн. Засгийн газар Эдийн засгийн онцгой хөтөлбөр гаргаж, хямралаас гарахаар төлөвлөж буй. Олимпийн дуулианаар энэ мэдээлэл бага зэрэг дарагдаад өнгөрсөн ч бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэдэд ам.долларын ханш улам өсөх юм байна, манай улс мөнгөгүй болж, гүн хямралд автаад байна гэх мессежийг "бүсээ чангал” гэдэг эелдэг тушаалтай хамт өгсөн.
2016.08.18- ГЭНЭТИЙН БЭЛЭГ ХОЁР
Монголбанкны захирлуудын зөвлөл хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 4.5 хувиар огцом өсгөж 15 хувь болгосноо дуулгасан. Төвбанк төгрөгийн ханшийг хамгаалж, өгөөжийг нь нэмэгдүүлэн, эдийн эасгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангахаар ийм шийдвэр гаргаж байна хэмээн тайлбарласан билээ. Ийнхүү Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь банкуудад очих өгөөж нэмэгдэж, сул байгаа мөнгөн эх үүсвэрээ Төвбанкинд 15 хувийн хүүтэйгээр байршуулах боломж нээгдсэн. Энэ хэрээр төгрөгийн нийлүүлэлт зах зээлд нэмэгдэж, ам.долларынх нь хумигдсанаар ханш тогтворжино хэмээн тооцоолсон нь биеллээ олж буй.
Гэхдээ энэ урт хугацаанд төгрөгийн ханшийг хамгаалах хэрэгсэл биш гэдгийг зарим шинжээч хэлж байгаа. Харин энэ шийдвэр иргэд, бизнес эрхлэгчдэд хүнд мэдээ болж очсон гэж хэлж болно. Учир нь, нэгдүгээрт мөнгөний бодлогын хүү зах зээлийн чиглүүлэгч хүү учир зээл, хадгаламж зэрэг бусад хүүг дагаж өсөх эрсдэл үүсссэн. Дээр нь манайд бонд, хувьцаа босгоход ашиггүй болж байгаа юм. Дараагийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нь, зээл нь их хэмжээгээр муудаж байгаа банкууд зээл гаргах сонирхол улам буурч, энэ хэрээр бизнес эрхлэгчдэд зээл авах боломж хумигдсан. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 13 мянган аж ахуйн нэгжээс 66 мянга нь үйл ажиллагаагаа зогсоосон гэж Сангийн яамнаас мэдээлсэн. Хоёр жил гаруй орлого ашиг нь буурч, зээлийн хүүндээ "шатаж” хүнд байгаа аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт татахад улам л хүнд болж байна.
2016.08.24- ГЭНЭТИЙН БЭЛЭГ ГУРАВ:
Сангийн сайд Б.Чойжипсүрэн 2016 оны төсвийн тодотголыг 5.3 их наяд төгрөгийн орлого, 9.7 их наяд төгрөгийн зарлага, 4.3 их наад төгрөг буюу ДНБ-ий 18.2 хувийн алдагдалтайгаар өргөн барьсан.
Дөрвөн сар үлдээд буй энэ оны төсвийг сахилга баттай болгож, орлого нэмэгдүүлж, зарлагаа хумина хэмээн Засгийн газраас онцолж байсан ч зарлагаа анх баталснаас хоёр их наяд төгрөгөөр давуулж, зарлагыг хоёр их наяд орчим төгрөгөөр танах тодотголыг өргөн барьсан. Ингэхдээ, халамжийн шинжтэй хөтөлбөр болох оюутны 70 мянга, 0-8 насны хүүхдийн 40 хувийн нь сар бүрийн тэтгэмж 20 мянган төгрөгийн тэтгэмжийг зогсоож, хүн амын орлогын, аж ахуй нэгжийн албан татвар, архи, тамхи, автомашины онцгой барааны албан татварыг нэмэхээр төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Мөн тэтгэврийн насыг үе шатгай нэмнэ гэсэн шийдвэр нь өмнөх оны мөн үеэс өрхийн орлого нь дунджаар 13 хувиар буураад байгаа иргэдийн орлогод дарамт, ачаа болж очих хуулийн төсөл болсон хэмээн олон нийт бухимдлаа цахим ертөнцөөр илэрхийлж буй. Ийнхүү иргэд, аж ахуйн нэгжүүд улсаараа бүсээ чангалах горимд шилжих нь тодорхой болсон.
"Ойрын 3-4 жилд Монголын эдийн засаг одоогийн нөхцөлөөс дээрдэхгүй, зогмонги хэвээр байна. Үүнээс ч дордохыг үгүйсгэхгүй” хэмээн ‘Тэрэгэ Партнерс” компанийн захирал, доктор Г.Рагчаасүрэн манай сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн. Монгол Улсын төсвийн дарамт өндөр, хямралын циклээс богино хугацаанд гарахгүй нь нэгэнт тодорхой болоод буй. Манайх 4.1 их наяд төгрөгөөр хэмжигдэх төсвийн алдагдлаа санхүүжүүлж, цаашлаад 2017, 2018 онд төлөх 3.4 их наяд төгрөгийн гадаад зээлээ төлөхийн тулд Олон улсын валютын сангийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр гарц байхгүйг эдийн засагчид сануулж байна.
Өнгөрсөн долоо хоногт "S&Р” агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "В” буюу бизнес, санхүү, эдийн засгийн эмзэг төлөвөөс "В-" болгон бууруулсан санхүүжилтийн өртгийг улам өсгөсөн. Манайх олон улсын зах зээлээс санхүүжилт татвал 11 хувиас өндөр хүүтэйгээр татах тул ОУВС-ийн бага хүүтэй, хөнгөлттэй нөхцөлтэй хөтөлбөрт хамрагдах боломж байгаа хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэмдэглэсэн билээ. Ирэх онд Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, 2018 онд "Чингис” бондын 500 сая, үлдсэн нэг тэрбум ам.долларыг 2023 онд төлөхөөр байгаа. Тэгэхээр цаашид төсвөөс төлөх зээлийн эргэн төлөлт улам нэмэгдэнэ гэсэн үг. Сангийн яамны тооцоолж буйгаар 2017 онд 1.5 их наяд төгрөг, 2018 онд 1.9 их наяд, 2019 онд 2.4 их наяд төгрөгийг зөвхөн зээлийн эргэн төлөлтөд өгөх юм. Эдийн засаг агшиж, энэ хэрээр үйлдвэрлэл, орлого буурч буй энэ үед их зээлийн ачаалал улам нэмэгдэж байна. Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Нямаагаас "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэлэлцээ хийж байгаа эсэхийг тодруулахад "ОУВС-тай ээлжит уулзалтаа энэ сарын эхээр хийсэн. Тэдний зүгээс дэлхийн улсуудын эдийн засагт дүн шинжилгээ хийдэг. Үүнийг сонгуулийн өмнө хийх байсан ч хойшилсон. Тэгэхээр аравдугаар сар гэхэд энэ дүгнэлтээ хийх байх. Үүний дараагаар манай улс "Стэнд бай” хөтөлбөр хамрагдах эсэхээ шийдвэрлэнэ" гэв.
"Стэнд бай” хөтөлбөрт гэж юу гэдгийг ахин сануулж тодруулъя. Олон улсын валютын сан гишүүн улсууддаа "standby credit facility” буюу бага орлоготой улсуудад нэн хямдралтай, "standby arrangement” буюу бага дунд орлоготой улсуудад жилийн тав орчим хувийн хүүтэй 3-5 жилийн хугацаатай олгодог стандарт зээл гэсэн хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, аливаа улс эдийн засаг, улсынхаа бодлогыг чиглүүлж чадахгүй болсон үедээ ОУВС-аас тусламж авдаг гэж хэлж болно. Манай улс тус хөтөлбөрүүдэд хэд хэдэн удаа хамрагдаж байсан. Үүний 136.3 сая ам.долларыг нь хямдралгүй зээл хэлбэрээр авч, 1991, 2009 онд "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай. "Стэнд бай” хөтөлбөрт өндөр хөгжилтэй улсуудад шалгуур багатайгаар зээлээ олгодог бол засаглал муу, эдийн засаг нь хүндэрсэн манайх шиг улсуудад хатуу шаардлага тавьдаг байна.
Тухайлбал, төлбөрийн балансын тэнцлийг хангах, ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжин, ядуурлыг бууруулж, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, зээлээ хумиж тулгадаг. Манай улсын одоо хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний бодлого "Стэнд бай” хөтөлбөрийн зорилготой ижил, хатуу бодлого явуулж байгаа нь хөтөлбөрт орох эхлэл нь тавигдаж байна хэмээн зарим эдийн засагч дүгнэж байгаа. "Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд ОУВС тухайн улсын эдийн засаг хямралд хүрсэн гол шалтгааны ул суурьтайгаар шинжлэн гаргаж ирдэг. Тэгэхээр нэг талаар манай улс эдийн засгийнхаа бүтцийг шинэчилж авах боломж бүрдэх юм. Энэ нь жил бүр их хэмжээгээр өсгөж, хэд хэдэн удаа тодотгол хийдэг замбараагүй явж ирсэн төсвөө сахилга батгай болгох, төсвийн санхүүжилтийг үр ашигтай хийх зарчим руу түлхэнэ хэмээн МУИС-ийн багш, доктор Б.Алтанцэцэг дурдсан. Тэгэхээр манай улс эдийн засаг нь хямарч, төсөв, мөнгөний бодлогоо удирдаж чадахгүй дампуурал зарлахад ойрхон байгаа тул эцсийн боломж болгон ОУВС-ийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байгаа нь нэг талаар шившигтэй, ичмээр хэрэг ч нөгөө талаас төсөв, мөнгөний бодлогоо эрүүлжүүлэх боломж гэж харж болох нь. Гэхдээ "Стэнд Бай" хөтөлбөр хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл учир өрийнхөө хэмжээг өсгөж байгааг мартаж болохгүй
Б.УУГАНБАЯР
"ҮНДЭСНИЙ ШУУДАН"
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих