УИХ-ын 2016 оны сонгуульд АН ялагдсан тул намын даргаар ажиллаж байсан З.Энхболд огцорч буйгаа зарласан билээ. Үүнээс хойш тус намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал гурван ч удаа товлогдсон ч тодорхой шийдэлд хүрэлгүй нэг удаа хуралдсан ба хоёронтоо хойшлоод байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, ЕТГ-ын дарга асан П.Цагаан нар АН-ын даргад өрсөлдөх нь тодорхой болжээ. Эдгээрээс УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг АН-ын ҮЗХ-ы гишүүдийн дийлэнхи буюу Н.Алтанхуягийн фракци, МҮДН фракци тус тус дэмжиж буй юм.
Харин ЕТГ-ын даргаар МҮДН фракцийн албан ёсны тэргүүн Ц.Баярсайханыг томилсноор МҮДН фракци хоёр хуваагдаж ч мэдэх нөхцөл байдал үүссэн тухай эх сурвалжууд өгүүлж байна. Учир нь ЕТГ-ын дарга Ц.Баярсайхан АН-ын даргад фракци нэгт Д.Эрдэнэбатыг бус, ажлыг нь авсан П.Цагааныг дэмжих магадлал өндөр болсон аж.
Ц.Баярсайханыг Р.Амаржаргал, Б.Мэдрээ, Д.Бат-Эрдэнэ зэрэг тус фракцийн голлох лидерүүд дэмжинэ. Харин Д.Эрдэнэбат, Н.Батбаяр нар Н.Алтанхуягийн фракцийн дэмжлэгтэйгээр намын даргад өрсөлдөх боломжоо ашиглахын төлөө ажиллах гэнэ.Учир нь АН-ын ҮЗХ-ны гишүүдийн 65 хувь нь Алтанхуягийн багийнхан байдаг гэх. Гэхдээ энэ дэмжлэгийг сарниулахын тулд С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар ажиллах мэдэх бөгөөд энэ тохиолдолд П.Цагааны АН-ын даргаар сонгогдох магадлал ихсэх юм.
Мөн Нээлттэй АН хөдөлгөөн, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын тавьж буй шаардлага ёсоор АН-ын даргыг намын их хурлаар сонгосон тохиолдолд Н.Алтанхуягийн АН дахь нөлөө мэдэгдэхүйц буурахаар байгаа билээ. Дашрамд дурьдахад Н.Алтанхуяг хэрэв АН-ын даргаар Ц.Элбэгдоржийн хүн болж, өөрийнх нь фракцийг буланд шахах юм бол Н.Энхбаяр даргатай МАХН-тай нийлж, Эх орны төлөө намыг байгуулахаар ажиллана хэмээсэн тухай эх сурвалжууд өгүүлж буй юм.
П.Мандах
sonin.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих