Сангийн сайдын хэлж байгаагаар 2016 оны төсөвт тодотгол хийхгүй бол төсвийн орлого 5.2 их наяд, зарлага 10.3 их наяд төгрөгт хүрэх магадлалтай байгаа. Төсвийн алдагдал 4-5 их наяд хүрч, бондын өрийн төлбөрт 2016-2019 онд 6 их наяд төгрөг төлөх ёстой байгаа нь эдийн засгийн хямралын томоохон давалгаа ойртож буйг харуулж байгаа юм.
Одоо "Монголын эдийн засаг” хэмээх жижиг завиа засч сэлбэх цаг болсныг ам.долларын ханш, ард түмний амьдралаас тодхон харж болно. Гэвч Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн УИХ-д өргөн барьсан төсвийн тодотгол нь далайн шуурганы өөдөөс усны шүхэр барьсантай л ижил зүйл болов.
Төсвийн тодотголоор 8 төрлийн татвар нэмэгдүүлэхээр хуулийн төсөл оруулж ирсэн нь ердөө 214 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх юм. Төсвийн алдагдал 4.4 их наяд төгрөгтэй харьцуулбал 20 дахин бага мөнгө.
Дээрээс нь нэмээд Хувь хүний орлогын албан татвар, Автомашины онцгой албан татвар, архи тамхины онцгой албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, хайбрид машинаас авах онцгой албан татвар зэргийг нэмэгдүүлэхээр хэлэлцэж байгаа нь иргэдийн халаас руу төр гараа хийсэнтэй адил зүйл болох юм.
Харин учир мэдэх зарим хүмүүс Сангийн сайд Б.Чойжилсүрэн өрсөлдөгч нараа намнахаар төсвийн тодотгол оруулж ирлээ гэх юм. Хадгаламжийн хүүний орлогоос татвар авах, 150 м.кв-аас дээш талбайтай барилгаас татвар авах, хуучин сэлбэгийн татварыг нэмэгдүүлэх, автомашин болон архи тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх зэрэг үйлдлийн гол зорилго нь бизнесийн салбар дахь бусад өрсөлдөгчөө намнах байсан гэх хардлага байгаа юм.
Б.Чойжилсүрэнгийн бизнесийн салбар дахь тамга нь "Хурд групп”. Тус группийг мөнгөжүүлж байгаа гол салбар болох орон сууцны барилга, автомашины сэлбэгийн наймаа зэрэгт нь тансаг хаусны худалдаа, хуучин сэлбэгийн импорт "шавар хааж” байсан нь тодорхой. Ийм л учраас тэдгээрийн татварыг нэмэгдүүлэх гээд сайд Чойжоо зүтгээд байна уу гэх хардлага яахын аргагүй төрж байгаа юм!
Нөгөөтэйгүүр, 4.4 их наяд төгрөгийн төсвийн алдагдлыг шийдвэрлэх далайцтай алхам хэрэгжүүлэхийн оронд ард иргэдийн халаас руу гараа шургуулж, 214 тэрбум төгрөг бүрдүүлж байгаа нь аргаа барсан шийдэл гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Тэгсэн хэрнээ төсвийн тодотголд төрийн зардлаа 540 тэрбумаар нэмсэн нь хачирхалтай. Ард түмнээс 214 тэрбумыг аваад, өөрсдөдөө 540 тэрбумыг өгч байгаа нь яавч эрүүл биш үйлдэл!
Б.Тулга
http://www.shuud.mn/content/read/473010.htm
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих