Эрх баригч намынхны бүлгийнхээ хуралдаан дээр ярьсан асуудлууд хэвлэлээр дэлгэгдээд байгаа билээ. Яахав ер нь бол
үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор харахад олны сонголтоор гарч ирсэн улстөрийн нам, тэрдундаа МАН-ынхан ийн ярилцах нь гайхаад байх зүйл биш л дээ.
Тэрчлэн Ц.Нямдорж эрхмийн үгсийг тодотгон хүргэж байна. Тэрбээр "Ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан их зөв юм яриад байна, авдраа маажих тухай. Гэхдээ 2012 оноос л ингэж ярих байсан юм. Улстөрчид ингэж өөрчлөгдөөд байхаар олон нийт яаж итгэх юм бэ. Төсвийн энэ замбараагүй байдал 12 жил явсан юм шүү дээ. 2004 онд Фортуна УИХ-ын гишүүн болсноос хойш улсын төсвийг баталдаг шинэ дэглэм тогтсон юм. Ажлын хэсгийг нь Фортуна байнга ахалж Засгийн газраас оруулж ирсэн төсвийг УИХ дээр самардаг болсон. Яг төсөв батлах сүүлчийн өдрийг тулгаж байгаад хуйвалдаан хийгээд баталдаг. Хоёр, гуравхан хүний саналаар төсөв батлагддаг тогтолцоотой болоод 10 гаруй жил боллоо.
Би 2008 онд Засгийн газарт байхдаа С.Баярцогтод хэлж байсан юм. "Чи ганцаараа төсөв мэддэг болчихсон юм уу” гэж. Хоёр, гуравхан хүн Засгийн газраас өргөн барьсан төслийг өөрчилж байгаад өөрсдийнхөө тойргийн хамаг асуудлыг шийдүүлдэг бөөгийн тойрог бий болсон. Тэр бөөгийн тойрогт орсон хүний нэг нь Б.Чойжилсүрэн чи өөрөө ш дээ. Өст хүн өлийн даваан дээр уулзана гэж энэ дээ. Одоо өөрөө төсөв батлуулдаг боллоо. Тэр бөөгийн тойрогт Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан ч орно. Ч.Хүрэлбаатар С.Батболдын Засгийн газарт байхдаа С.Баярцогттой нийлээд үүнийг хийдэг байсан. Би Засгийн газрын хуралдаан дээр "Засгаас оруулсан төсвийг та хоёр мэддэг болчихсон уу” гэж асууж байснаа санаж байна. Би хэзээ ч худлаа хэлдэггүй. Болсон зүйлийг л хэлж байна. Одоо цаашдаа улам л хүндэрнэ. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд бидний жаргал дууссан. Ирэх дөрвөн жилд бид дандаа зовлон ярих болно. Эрх баригчдын зовлонгийн тойрог эхэлсэн шүү. Та нар өнөөдөр сайжруулаад зовлон дуусчихна гэж бодож байна уу. Дөрвөн жил зовно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг анхаарахгүй байна.
Засгийн газар, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс муу ажиллаж байна гэх юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэзээ ч эх баригчдад сайн байдаггүй юм. Яагаад гэвэл, сул талыг нь заавал мэдээлж байж чөлөөт хэвлэл болдог байхгүй юу. Гурвдугаарт, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд оруулж ирсэн саналаа зөвтгөх гэж дайраад байх юм. Ингэх нь буруу. Гишүүдийнхээ үгийг сайн сонс. Зөвтгөж ярихынхаа оронд ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох хэрэгтэй. Энэ удаад хугацаа тулчихсан учраас манай бүлэг алдаа гаргачихлаа. Тэр алдаа хийсэн хүмүүсийн нэг нь би өөрийгөө гэж бодож байна. Ямар алдаа хийсэн бэ гэхээр, дэмжихгүй асуудлыг оруулж ирсэн нь алдаа боллоо. Тухайлбал, цалин хасах санал.
Үүний чинь цаана хоёрхон тэрбум төгрөгийн л хэмнэлт байгаа юм билээ. Хоёрхон тэрбум төгрөг хэмнэхийн тулд ийм асуудал оруулж ирж байгаа чинь буруу ш дээ. Тиймээс бид улс төрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Ер нь орон нутгийн сонгуулийн өмнө төсвийн тодотголыг оруулж ирсэн нь буруу болчихлоо гэж бодох боллоо. Цалин хасах саналын цаана 400 мянган хүн байгаа гэсэн тооцоо гарсан бол энэ чинь 400 мянган хүний саналыг алдаж байна л гэсэн үг шүү дээ. Ерөнхий сайд болохоор ийм аргуудаар хэмнэлт хийвэл ард түмэн алга таших байх гэх юм. Хэзээ ч алга ташихгүй. Халаас руу нь гараа хийсэн бол "Дараагийн сонголтоор чамайг даа” л гэнэ ш дээ. 2012 оноос хойш төсөв 1-1.5 их наядаар тасарсан. Яагаад ингэсэн гэхээр Фортунагийн тойрогт орсон төсөв батлагдаж байсан учраас ингэсэн юм. Орж ирэхгүй орлогыг орж ирнэ гээд л батлаад байсан юм. Одоо энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудлыг УИХ дахь бүлэг нь унагаад эхэлнэ гэдэг чинь Засгийн газар, бүлэг гэсэн хоёр нам ажиллаж байгаагаас ялгаагүй. Энэ нь олон нийтэд ямар харагдах вэ. Би жишээ нь, олон нийтэд таалагдахын тулд Засгийн газраас оруулж ирсэн саналуудын талаар цангаагаа арилтал ярьж чадна. Миний ярьсныг хүмүүс багагүй сонсдог юм шүү.
Харин би тэвчээд л суугаад байгаа юм. Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудлыг маргааш нь шүүмжилж хэвлэлд ярилцлага өгөөд бүр зохион байгуулалтайгаар унагаад байх юм. Зарим гишүүдэд даалгавар өгч зарчмын зөрүүтэй санал гаргуулаад Байнгын хороон дээр унагаж байна ш дээ. Цаашдаа ингэж ажиллах юм уу. Би болохгүй гэж бодож байна.
Гэхдээ бас Засгийн газрыг өмөөрөөд толгойг нь илээд байж болохгүй. Яг үнэндээ Засгийн газрын санал дотор шинэ юм байхгүй. Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдэг. Энэ оны төсөв батлах үед Ч.Сайханбилэг цалин хасах санал оруулж ирснийг манай бүлэг эсэргүүцэж цамнасаар байгаад л болиулсан ш дээ. Үүнийг Засгийн газрын гишүүд эргэн санах хэрэгтэй байсан юм. Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ сайжруул. УИХ-аас дэмжлэг авахгүй юмыг битгий оруулж ирж бай. Тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг нэр төрөө бараад байх юм. Эцсийн дүндээ намын чинь нэр хүнд унаж байна. Бүлгийн гишүүд Засгийн газрын оруулж ирсэн саналуудыг шүүмжлээд байгаа нь эцэстээ өөрийнхөө өмсч яваа дээлийг урсан хэрэг болдог юм. Дөрвөн жилийн дараа унах бэлтгэлээ хангаж байна л гэсэн үг.
Хагарах дуртай юм бол хагарцгаа. Байдаг бүхнээ дэнчин тавиад явах хугацаа надад алга. Хоёр удаа цөөнх болох үед хүнд хүнд юм хийж байсан нь үнэн. Үүнийг үгүйсгэх хүн байхгүй байх. Харин одоо надад ингэх хугацаа алга. Энэ намын унахыг харах сонирхол ч алга. Гэхдээ Засгийн газар дураараа авирлахыг өмөөрнө гэсэн үг биш шүү. Үүнийг хаана хаанаа ойлгоод гарз хохирол багатайхан шиг төсвийн тодотголоо баталмаар байх юм. Ер нь Сангийн яамыг аль ч намын сайд удирдсан ялгаагүй юм байна. Дандаа адилхан санал оруулж ирэх юм. Мэргэжлийн бус учраас ийм юм оруулж ирлээ гэх яриа дуулдах юм. Дөрвөн жил л эдийн засгийг хэрхэн сайжруулах талаар ярьсан ш дээ. Нэг жилийн бондын төлбөр их наяд төгрөг. Үүнийг хариуцлагыг хэнээс нэхэх юм бэ. Би нэхэх ёстой гэж бодож байгаа. Аль намд байж байгаад аль намд орсон нь сонин биш. Хаяад буцаж ирсэн нь ч сонин биш. Хэн нэг хүнээс хариуцлага асуух л ёстой.
Мөн тэрбум ам.долларын мах экспортлоно гэж Р.Бурмаа баахан ярьсан. П.Сэргэлэн сайд одоо үүний үнэнийг нь хэлэх ёстой. Хэзээ ч тэрбум ам.долларын мах зарж чадахгүй. Махны экспорт нэмэгдэхгүй. Яагаад гэвэл, нүүдлийн мал аж ахуй гэдгийг хэзээ ч ойлгодоггүй юм. Ер нь цаашдаа Засгийн газар энэ 65-ын бүлэг хоёр яаж харилцах юм бэ. Энэ харилцааныхаа дэглэмийг одоо тогтоож авъя. Нэг шугамаар явахгүй бол АН шиг нэг нэгнээ хэмлэж дээлээ урсаар байгаад дөрвөн жилийн дараа эрх мэдлээ алдчихаад сууж байж мэдэхээр уур амьсгал бүрдэж байгаа учраас би ийм юм ярилаа. Өөрсдөө л мэдэцгээ. Засгийн газар, бүлэг гэж хоёр хуваагдчихаад хоорондоо үзэлцээд байх юм бол дөрвөн жилийн дараа манай гудамжинд галын наадам болох биш одоогийн АН-ынхан шиг толгойгоо унжуулчихаад явж байх эсэхээ бид өөрсдөө л шийднэ. Ний нуугүй хэлэхэд, томилгоо тойрсон дургүйцэл чинь бүлэг дээр гарч ирээд байна ш дээ. Энэ чинь ажилд хор болж эхэллээ. Энэ хор явсаар байгаад улсын хор болж дуусна шүү.” хэмээн хэлж ярьсан байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих