АТГ албан тушаалтнуудын 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд зарлав. Толгой эргэм их хөрөнгийн эзэд УИХ, Засгийн газарт байдаг гэдгийг энэ мэдүүлэг нотолж өгөв. Аймгийн дарга нарын дунд ч бас толгой баячууд байдаг ажээ.
Засаг дарга нарын АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс 2013 оны орлого, мэдүүлсэн хөрөнгүүдийн үнэлгээ зэргийг нэгтгэж харвал хэд хэдэн тэрбумтан "гарч” ирлээ. "Аймгаасаа баян засаг ноён”-ы жагсаалтын тэргүүнд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нэрлэгдэж байна. Түүний хөрөнгө 2 872 105 000 /хоёр тэрбум найман зуун далан хоёр сая нэг зуун таван мянга/ төгрөг ажээ. Дараа нь Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг 2 385 959 000 /хоёр тэрбум гурван зуун наян таван сая есөн зуун тавин есөн мянга/ төгрөгийн хөрөнгөтэйгээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэв.
Баян даргын жагсаалтын гуравт 2 254 647 000 /хоёр тэрбум хоёр зуун тавин дөрвөн сая зургаан зуун дөчин долоон мянга/ төгрөгийн хөрөнгөөр Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр орлоо.
Түүний дараа Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат 1 479 729 000 /нэг тэрбум дөрвөн зуун далан есөн сая долоон зуун хорин есөн мянга/, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 1 216 006 000 /нэг тэрбум хоёр зуун арван зургаан сая зургаан мянга/ төгрөгийн хөрөнгөө мэдүүлж айргийн тавд багтацгаасан байна.
"Тэргүүн баян” Засаг дарга Ж.Батсуурь үл хөдлөх хөрөнгө ихтэй бол, "дэд тэргүүн баян” П.Ганхуяг газар, үл хөдлөх хөрөнгө сайтай. Гуравдугаарт орсон Л.Одсэрийн хувийн компаниудынх нь хөрөнгө мөнгөн дүнгийн тоог өсгөж байгаа юм.
Мөн Булганы Д.Эрдэнэбат тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, С.Насанбат "Шарын гол” ХК-ийн 20 мянган ширхэг хувьцаатай. Бас 333 сая төгрөгийн машин, техник хэрэгсэлтэй гээд бийлэгжүү дарга нарын жагсаалтад багтахаас аргагүй эрхэм юм.
Тэдний араас Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар орж байна. Түүний орлого, хөрөнгийг 1 199 983 600 /нэг тэрбум нэг зуун ерэн есөн сая есөн зуун наян гурван сая зургаан зуун мянга/ төгрөг гэж тоолжээ. Түүний дараа Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа 1 143 069 000 /нэг тэрбум нэг зуун дөчин гурван сая жаран есөн мянга/ төгрөгийн хөрөнгө орлоготойгоо мэдүүлжээ.
Баян дарга нарыг харахад ихэвчлэн уул уурхай дагасан газар нутагтай, дээрээс нь өмнөх бүрэн эрхийн хугацаанд Засаг даргаар ажиллаж байсан эрхмүүд зонхилж байгаа юм. Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгуудыг ингэж хэлэхээс аргагүй. Ж.Батсуурь, П.Ганхуяг, Б.Бадраа нар сүүлийн зургаан жилийн турш засаг ноёны завгүй ажилтай зууралдсан улс. Тэдний зургаан жилийн өмнөх хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ удаагийнхтай нь харьцуулбал "сонин” тоо гарах нь дамжиггүй.
Мөн жагсаалтын дээгүүр бичигдсэн Говьсүмбэрийн Л.Одсэр, Хэнтийн Ж.Оюунбаатар нар өмнө нь намын ажлынхаа зэрэгцээ бизнес эрхэлдэг байсан гэдгийг уншигчид харгалзан үзэх биз. Ж.Оюунбаатарын хувьд хурдан морь уядаг, эзэмшлийн газар нэлээдтэй, "Баялаг бууз сүлжээ хоолны газар” ХХК-ийн 25 хувь, "ЖО интернэшнл” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг нэгэн ажээ.
Түүнчлэн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахул хамгийн "ядуу” аймгийн дарга нарыг ч нэрлэж болох нь. Бүтэн жилийн орлого, дээрээс нь эзэмшилд нь байдаг хөрөнгө сэлтээ бүгдийг нь нийлүүлээд өгсөн мэдүүлэгтээ Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн 79 854 000 /далан есөн сая найман зуун тавин дөрвөн мянга/ гээд хамгийн "ядуу” даргын нэгдүгээрт бичигдлээ. Ийм жагсаалтын хоёрдугаарт Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар 97 912 000 /ерэн долоон сая есөн зуун арван хоёр мянга/ төгрөгийн хөрөнгөөр бичигдсэн бол гуравдугаарт нь Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатар орсон байна. Тэрээр өнгөрсөн жил 18 121 000 /арван найман сая нэг зуун хорин нэгэн мянга/ төгрөгийн орлого олсон. 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийн өртөг бүхий орон сууцтай, нийлээд 118 121 000 /нэг зуун арван найман сая нэг зуун хорин нэгэн мянга/ төгрөгийн хөрөнгө орлоготой гэж мэдүүлсэн байна.
Засаг ноёдын 2013 оны хөрөнгө, орлогыг харахад ийм байна. Бид доорх хүснэгтэд АТГ-ын шаарддаг үндсэн үзүүлэлтээр хэн хэн магнайлав гэдгийг хураан тоймлосон болно.
Б.ДАМДИН-ОЧИР /Зууны мэдээ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих