А.Гитлерийн тэрг үүлсэн нацист Герман хүчирхэгжиж эхэлсэн 1936 онд тус улсын нийслэл Берлинд олимпийн зуны XI наадам болсон билээ. Тус наадамд АНУ-ын хар арьст хөнгөн атлетикч Жесси Овенс дөрвөн алтан медаль хүртсэн төдийгүй уртын харайлтын төрөлд сүүлчийн оролдлогоороо А.Гитлерийн ивээдэг хайртай тамирчин Лутц Лонгийг ардаа орхин аваргалж, нийт Германыг их удирдагч фюрерийнх нь хамт цочирдуулсан түүхтэй.
Нацистуудын ари буюу цагаан үндэстний дэлхийд бүх талаар давамгайлах онолыг эвдсэн Жесси Овенс АНУ-ын Алабама мужийн Оаквиллд 1913 оны есдүгээр сарын 12-нд айлын 11 дэх буюу отгон хүүхэд болон төржээ.
Дунд сургуульд сурч байхдаа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрээр зөөгч, мухлагийн худалдагч, гутал засварчин хийхийн сацуу 13 наснаасаа хөнгөн атлетикийн тэмцээнд хурд хүчээ сорьж эхлэн төдөлгүй АНУын залуучуудын дээд амжилтуудыг урт болон өндрийн харайлтад эвдэх болсон аж. Хэдий тийм ч тэмцээнүүдэд оролцохдоо "Зөвхөн хар арьстнуудад” гэсэн бичээс бүхий зочид буудал, зоогийн газруудаар л үйлчлүүлэх эрхтэй байжээ.
Түүний нэр алдар дэлхий даяар анх 1935 оны тавдугаар сарын 25-нд түгсэн байдаг. Жесси Овенс тэр өдөр 45 минутын дотор дэлхийн гурван дээд амжилтыг эвдсэн юм. Уртын харайлтад найман метр 13 см харайсан бөгөөд энэ амжилтыг нь 25 жилийн дараа 1960 онд л эвдэж чаджээ.
Жилийн дараа Жекки Овенс нацист Германы нийслэл Берлинд болсон олимпийн жинхэнэ баатар болж, А.Гитлерийг "ялсан” анхны хүн болсон гэдэг. Тэрээр гурван өдрийн дотор 100 болон 200 метрийн гүйлт, уртын харайлт, 4х100 метрийн буухиа гүйлтэд аваргалжээ. Түүнтэй А.Гитлер гар барихыг хүсээгүй ч ёсыг бодон алга ташин баяр хүргэсэн бичиг бүхий өөрийн хөргөө туслахаараа дамжуулан дурсгасан байдаг.
Гэтэл тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвелт түүнд баярын цахилгаан ч илгээгээгүй бөгөөд олимпийн аварга түүнийг уламжлал ёсоор Цагаан ордонд урин хүндэтгэл үзүүлээгүй аж. Учир нь хар арьст тамирчинг хүндэтгэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өмнөд мужуудынхны саналыг авах хүндрэлтэй байжээ.
Берлиний олимпийн баатар эх орондоо эргэж ирээд хоёрдугаар ангиллын хүн хэвээр байж нохой, имж, морь зэрэгтэй уралдан мөнгө олдог байсан гэдэг. Нас барахынх нь өмнө л эх орон нь түүний гавъяаг үнэлэн дээд шагнал болох Эрх чөлөөний одонгоор шагнажээ.
Энд сонирхуулахад, дэлхийн улс орнуудын шуудангаас анх удаа манай улсын 1969 оны гүйлгээнд гарсан марканд Жесси Овенсийн гавъяаг дурсан мөнхөлсөн байдаг.
МЭӨ 490 ОН
Грекийн цэрэг Филиппидперс түрэмгийлэгчидтэй шийдвэрлэх тулалдаан болсон Марафоноос Афин хүртэл тасралтгүй 40.2 км газар гүйж ирээд хуран цугласан олонд "Бид яллаа” гэж хэлээд амьсгал хураасан гэдэг. Францын хэл зүйч, угсаатан судлаач М.Бреалийн санал болгосноор орчин үеийн олимпийн анхны наадмаас эхлэн марафон гүйлтийн төрлийг оруулжээ.
1683 ОН
Венийн ойролцоо Каленбергт Австрийн эзэн хааны цэрэг Туркийн османы эзэнт гүрний цэргийг бут цохижээ. Тулалдаанд ялалт байгуулахад Австрийн эзэн хаан Леополдод тусламж болон илгээсэн Польшийн хаан Ян Собескийн цэрэг онцгой хувь нэмэр оруулсан байна. Тэр ч бүү хэл тулалдааныг Ян Собески өөрөө гардан удирджээ. Каленбергт ялагдсан Туркийн османы эзэнт гүрэн Европыг бүрэн эзлэх төлөвлөгөөнөөсөө татгалзсан байдаг.
1943 ОН
Италийн Абруцци хэмээх уулархаг бүсэд нацист Германы удирдагч А.Гитлерийн тушаалаар О.Скорценийн удирдсан хорлон сүйтгэгч бүлэглэл хорионд байсан Италийн удирдагч асан Б.Муссолиниг чөлөөлөх тусгай ажиллагааг амжилттай гүйцэтгэжээ. 1989 ОН Зүүн Европын орнуудаас 1940-өөд оноос хойш анх удаа Польшид коммунист бус Засгийн газар улс орноо удирдах болжээ. Польшийн Засгийн газарт "Солидарность” холбооны төлөөлөгчид давамгайлах байр суурь эзэлсэн байна.
Б.Барс
Зууны мэдээ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих