СӨҮЛ. /ВВС/. Умард Солонгос газар доорх ээлжит цөмийн туршилтаа хэзээ мөдгүй хийж магадгүй гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдэгдлээ.
Умард Солонгос өнгөрсөн долоо хононгийн баасан гарагт тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэн бөгөөд энэ нь тус улсын хийсэн цөмийн туршилтуудаас хамгийн хүчтэй нь байсан гэж үзэж байгаа юм.
Өмнөд Солонгосын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "зургаа дахь цөмийн туршилтыг хийхэд ашиглах гэж байж болзошгүй нэг хонгил цөмийн туршилтын "Пүнге-ри” талбайд байна” гэжээ.
Баасан гарагт цөмийн туршилт хийснийхээ дараа Умард Солонгос "манай улс баллистик пуужинд цөмийн цэнэгт хошуу байрлуулах боломжтой боллоо” гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, тус улс цөмийн зэвсэг ашиглан дайралт хийх боломжтой болсон гэсэн үг.
Өмнөд Солонгосын засгийн газрын нэрээ нууцлахыг хүссэн албаны хүн хэлэхдээ "Сөүл болон Вашингтоны тагнуулын албаны хүмүүс нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” гэлээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын эсрэг дахин хориг арга хэмжээ авч эхлэхээр хэдийн тохиролцоонд хүрсэн. Харин ийм тохиролцоонд хүрснийг Умард Солонгос "инээдтэй хэрэг” гэж тодорхойлсон юм.
Пхеньян энэ он гарснаас хойш хоёр удаа цөмийн туршилт хийж, хэд хэдэн удаа баллистик пуужин харваж туршаад байна.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих