СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос цөмийн халдлага явуулах ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тус улсын нийслэл Пхеньян хотыг бөмбөгдөн газрын хөрснөөс арчин хаях төлөвлөгөөг Өмнөд Солонгос хэдийн боловсруулсан гэж Сөүлийн цэргийн эх сурвалж ням гарагт мэдэгджээ.
Эх сурвалж хэлэхдээ "Умард Солонгос цөмийн зэвсэг ашиглах гэсэн ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд баллистик пуужин болон хүчин чадал ихтэй бусад зэвсгүүдийг ашиглан Пхеньяны дүүрэг бүрийг, ялангуяа тус улсын удирдлагын нуугдаж байж болох газрыг бүрэн устгах болно. Өөрөөр хэлбэл, Пхеньяныг газрын хөрснөөс арчин хаяна” гэсэн байна.
Умард Солонгос тав дахь удаагаа цөмийн туршилт хийсний хариуд "Умардыг хатуу шийтгэх хариу арга хэмжээ” төлөвлөгөөг Өмнөд Солонгосын БХЯ-наас Үндэсний Ассамблейд өнгөрсөн долоо хоногт танилцуулсны дараа бөмбөгдөх ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл цацагджээ.
Уг төлөвлөгөөний хүрээнд Өмнөд Солонгос газар-газар ангиллын баллистик пуужингуудыг ашиглана гэж эх сурвалж хэлжээ. Баллистик пуужингууд нь 300, 500 ба 1000 км-ын тусгалтай аж.
Мөн ирэх он гэхэд тус улсын арми пуужингуудыг турших ажлыг бүрэн дуусгаж, "Hyunmoo” баллистик пуужингийн нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: МОНЦАМЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих