Өнөөдөр буюу Мягмар гарагт АНУ-ын эрх баригчид цөмийн цохилт өгөх чадвартай, дуунаас хурдан бөмбөгдөгч онгоцыг Өмнөд Солонгос руу илгээсэн байна. B-1B нэртэй уг онгоц Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээгүүр эргээд буцсан нь саяхан цөмийн туршилт хийсэн Хойд Солонгосын дэглэмийг айлгах, түгшүүрт автаад байгаа Өмнөд Солонгосын иргэдийн сэтгэлийг засах зорилготой гэнэ.
Гуамын Андерсен Агаарын баазаас хөөрсөн бөмбөгдөгчийг Америк, Өмнөд Солонгосын сөнөөгч онгоцнууд дагалдан ниссэн ба Өмнөд Солонгост газардалгүйгээр бааз руугаа буцжээ.
1950-1953 онд болсон Солонгосын дайнаас хойш хэрвээ хойд, өмнөдийн дунд дайсагнал хэвийн хэмжээнээс хэтрэх бол Америкчууд ийм арга хэмжээ авдаг уламжлалтай гэнэ.
Өмнөд Солонгос цөмийн зэвсэггүй бөгөөд АНУ-ын цөмийн зэвсгийн хамгаалалт дор оршдог. Үүнээс гадна тус улсын нутагт 28,000 гаруй Америк цэрэг байрладаг юм.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт болсон цөмийн туршилт нь Хойд Солонгосын хувьд тав дахь удаагийн, бас хамгийн хүчтэй туршилт болсон.
Мөн удахгүй тус улс зургаа дахь туршилтаа хийхэд бэлэн болоод байгааг Өмнөд Солонгосын албаныхан мэдээлсэн юм.
Уг туршилтын дараа Сөүл, Вашингтон болон бусад холбоотнууд Хойд Солонгосын дэглэмийн эсрэг авах арга хэмжээгээ чангатгахаа амлаад байгаа билээ.
Эх сурвалж: Japan Today
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих