\цуврал-09- төгсгөл\
…Амьдрал их энгийн, бид л өөрсдөө санаатай болон санамсаргүйгээр зовлон болгож хувиргадаг болохоос. Энэ амьдралд өөрийн бий болгож чадсан бүхэндээ сэтгэл хангалуун байж, наран ургаж мандахаас шингэж жаргах хүртэлх бүх л цаг хугацааг баяр бахдал дүүрэн, сэтгэл амар амгалан өнгөрүүлж сурвал юутай сайн.
Өөр өөрсдийн сайн муу тавилангаа үүрч эдэлж яваа өрөөл бусадтай өөрийгөө адилтган, заавал адилхан байх гэж шунаж тачаадаад яана.
Мянгантаа хүсэж мөрөөдөөд ч тийм боломж үгүй. Мөнгөөр зөндөө эд баялгийг худалдаж авч болох боловч, энэ орчлонд хүн болж ирэхдээ зүрх хийгээд тархиндаа тээж ирсэн мөн чанарыг тань худалдаж авч болдоггүй юм л даа. Хэрэв та шунал тачаалаа ялан дийлж чадалгүй мөнгөний боол болон хувирч, өөрийн мөн чанараа бусдад "худалдаж” эхлэх дор чи хэн ч биш болон хувирна. Мөнгө хэмээх цаас үгүй болж дуусахад, сэтгэл зүрхэн дэх мөн чанар тань дундарч дуусалгүй хэвээрээ л байх учиртай юм шүү дээ.
Нэгэн цагт энэ амьдралын хугацаа тань дуусч ирсэн ертөнц рүүгээ буцаж одохдоо, шуналын сэтгэлээр цуглуулсан их мөнгө, эд хөрөнгөө авч явж чадахгүй болохоор үлдээгээд л явна, өөр сонголт үгүй. Үлдээсэн их мөнгө, эд хөрөнгөнд тань шунасан шуналаас таныг хайрласан хайр, чин зүрхний харуусал ундарна гэж үү? харамсалтай.
…Амьдрал их энгийн. Хайр хэмээх аугаа мэдрэмж хүмүүний сэтгэлийн утсыг хөндөж, гайхамшигт аялгууг ямагт эгшиглүүлж байдаг.
Хэн нэгнийг хайрлавал хайрласан шиг хайрла, хайрлаж чадахгүй бол "дүр эсгэж” бүү зовоо. Хань чинь чиний "өмч” биш болохоор хардлагын хүлээсээр сэтгэлийг нь бүү багла. Хэн хэнийхээ оюун сэтгэлгээг эрх чөлөөтэй байлгахад итгэл л хамгаас чухал. Уулзаж учран хайрлаж, үзэн ядаж буй бүх хүмүүс тань өөр өөрийн ертөнцтэй болохоор тэднийг ойлгохыг хичээ. Зөвхөн өөрийнхөө сэтгэлтэйгээ адилтган, яаран дүгнэх хэрэггүй.
Тэдний сэтгэлийг хиртээх муу үг хэлэх амархан ч, дараа нь цайруулах амаргүй. Хэрүүл маргаанд ялагч байдаггүй болохоор, сэтгэл дэх хорслоо тэвчиж дотроо үлдээсний төлөө та хэзээ ч харамсдаггүй. Хүн болгоныг байгаагаар нь ойлгож чаддаг болоход сэтгэл тань үргэлж амар амгалан байж, бусдыг уучилж чаддаг болно. Нэг л уулзаад дахиад учрахгүй ч байж мэдэх хэн нэгнийг хорон муу үгээр гомдоож яана.
Насаараа хамт байж мэдэх тэр хүнийг муучлан гоочилж бусдын өмнө гутааж яана. Тэр болгонд өрөөлийн ч, өөрийн тань ч сэтгэл хиртэж байдаг юм. Бусдыг уучилж байна гэдэг нь таны сэтгэлийн тайвшрал, амар амгалангийн баталгаа. Буцаад одохдоо сэтгэлийн хирээ үлдээж яана. Хэн нэгэн насан туршдаа шаналах ч юм билүү?
… Амьдрал их энгийн. Энэ амьдралд бүх зүйл эсрэг тэсрэг талтай байдаг болохоор тэнцвэрийг нь барих гэдэг нь ухаан буюу. Жаргалыг зовлонтой нь тэнцүүлж, мөнгийг хүн чанартай нь тэнцүүлж, хайрыг хардалттай нь тэнцүүлж, үзэн ядалтыг уучлалтай нь тэнцүүлж, хэрүүлийг ойлголттой нь тэнцүүлж, тэвчээрийг харамсалтай нь тэнцүүлж, баян байхыг ядуутай нь тэнцүүлж, өнгөрсөн амьдралаа ирээдүйтэйгээ тэнцүүлж байх нь юутай чухал. Аливаа зүйлийн хэм хэмжээ нь алдагдахаар л эзэндээ зовлонг авч ирдэг. Бид дотоод сэтгэлтэйгээ ямагт "хүүрнэж”, сэтгэлээ чагнан "зэмлэж”, "аргадаж” байх нь ухаажихын эхлэл.
Бидний гадна дүрс, төрхөөр нь ажиж байгаа бүхэн "үнэн” байх албагүй, тийм боломж ч үгүй. Харьцангуй ч байж болох "үнэн” өөр хаана ч биш таны тодоод сэтгэлд тань оршиж байдаг. Энэ бол мөн чанар дээр тань тогтсон итгэл үнэмшил тань, бас амьдралаас олж авсан ухаарал тань юм. Хүн болгон заавал мэдэж байх албагүй ч, та өөрөө заавал мэдэж байх учиртай.
Тэгж байж гэмээ нь "Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав” болж байдаг гэнэм. Хүмүүс бид энэ ертөнцөд өөрөө уйлж ирсэн боловч амьдралынхаа төгсгөлд өрөөл бусдыг уйлуулаад буцдаг бодьгал. Өмнөх хийгээд хойд амьдарлынхаа тухай би мэдэхгүй л дээ. Харин энэ ертөнцөд амьдрахдаа ухаарсан бүхнээ бусдад хэлж ойлгуулан, өөртөө бий болгосон баялгаа бусдад зааж сурган өвлүүлж үлдээх нь л хамгийн чухал. Эс тэгвээс энэ сайхан ертөнцөд ирээд буцсаны хэрэг юу байх билээ.
Ер нь тэгээд ХҮН ГЭДЭГ ЭНЭ ЕРТӨНЦӨД ӨӨРИЙН БИЙ БОЛГОСОН ЖАРГАЛАА ЭДЭЛЖ, ЗОВЛОНГОО ӨӨРӨӨ Л ҮҮРЧ ЯВАХ учиртай юм билээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2016-09-13
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19403
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих