Авлигатай тэмцэх газраас өчигдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг баривчлан саатуулжээ. Б.Амаржаргалыг бусдаас хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Тодотгоход, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, харилцааны газрын албадын дарга нарыг өмнө нь саатуулсан юм.
Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр буюу наадмын өмнөх өдөр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авч, иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байгаад үйлдэл дээрээ баригдсан талаарх мэдээлэл байсан. Н.Батсүх нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байдаг. БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь шалгалтаар тогтоогдоод байгааг ЦЕГ-аас мэдээлж байсан. Н.Батсүх нарт авлига өгсөн Ли овогт Хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийн захирал юм.
Н.Батсүхийг баривчилсны дараа долдугаар сарын 29-нд Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж нарыг бусдаас их хэмжээний хээл, хахууль авсан хэрэгт буруутган , АТГ-аас мөн баривчилсан билээ.
За ер нь бол өмч, газрын харилцааны газрынхны баривчилгаа үүгээр дуусахгүй нь бололтой. Учир нь Налайх дүүргийн Өмч, харилцааны газрын албаныхан ч хуулийн байгууллагын анхааралд байгаа гэх мэдээлэл байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих