Ардчиллыг үүсгэн байгуулагч, Ардчилсан намын Ардчилсан хүчний холбооны анхдагч гишүүн, 1998 онд Нийслэлийн МоАх-ны дэд даргаар ажиллаж байсан С.Тунгалагтай ярилцлаа.
-Сүүлийн үед С.Зоригийг хөнөөсөн хэрэг сөхөгдөх боллоо. Хэрэг гарах үеийн улс төрийн байдал ямар байсан талаар яриагаа эхэлье?
-1998 онд Т.Багабанди ерөнхийлөгч байлаа. Зоригийг алагдах үеийн улс төрийн байдал ямар байсан бэ гэхээр 1996 оны сонгуулиар Ардчилсан эвсэл ялж, манайхан Улсын их хуралд олонхи болоод байсан үе. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайдын ажил хийж байсан. Мөн үед ерөнхий сайд их олон солигдсон байсан юм. Манайхан дотроос ерөнхий сайд болох хамгийн магадлал өндөртэй хүн нь Зориг байсан юм. Ардчилсан холбоо хүчнийхэн дөнгөж 30 гаруй насныхан байсан. Эвээ олох гэж багагүй бужигналдсан. Төр тогтворгүй байсан. Тэр үед улсын эдийн засгийн байдал мөн маш хүнд байсан. Яг энэ үед бидний нэгийг хөнөөсөн ноцтой хэрэг гарч байв.
-С.Зоригийн амиа алдсаныг Ш.Отгонбилэг агсантай холбодог. Ямар учраас ингэж холбодог нь сонин байна?
-Монгол улсыг тэжээдэг ганц үйлдвэр нь "Эрдэнэт” байлаа. Даргаар нь Ш.Отгонбилэг ажиллаж байсан. Үйлдвэрийг тэр өөрийнхөө хувийн өмч мэт бодож, улсад татвараа ч өгдөггүй тийм хэцүү байдалтай байсан юм. Тиймээс С.Зориг Дэд бүтцийн сайд болмогцоо тендер зарлаж, улсын үйлдвэрийн нийлүүлдэг барааг нийлүүлж эхэлсэн. Ингээд улирал тутам гурван сая төгрөг хэмнэж эхэлсэн. Мөнгөө хэмнээд ирэхээр хохирч байгаа хүмүүс нь хэн байв? Отгонбилэг болон түүнтэй халаас нэгтэй улсууд байгаа юм. Мөн Оросын "Урал-Маш” гээд үйлдвэр Эрдэнэт үйлдвэрт юм нийлүүлдэг байсан эд нар эдийн засгаар хохирч эхэлсэн юм. Энэ бол С.Зоригийг алах болсон эдийн засгийн гол шалтгаан гэж боддог. Тэр үед манай улсад байшингын гаднаас чагнах барих тагнуулын төхөөрөмж хоёрхон байсан гэж ярьдаг юм. Жамъянсэнгээ генералын үед тэр хоёр төхөөрөмж яг байрандаа байсан гэдэг. Гэтэл С.Зоригийг алахад чагнасан тагнасан тиймэрхүү зүйл худалдаж авах чадалтай хүн бол ганцхан Отгонбилэг л байсан юм. Мөн тэр үеийн нэг яриа бий. Финляндаас захиалж авч ирсэн, газрын гүнд байгаа шугамыг нэвт хардаг тийм дуран "Эрдэнэт”-ээс алга болсон гэж ярьдаг юм. Мөн тэр үед Мобиком анх байгуулагдаж байсан. Утасны яриа чагнасан зэрэг нь бол үнэн. Эдгээрээс харахад их дээрээс л зохион байгуулсан болж байгаа юм.
-Аллага гарсан өдөр Орос улс хилээ хаасан гэж байсан. Энэ талаар та ярихгүй юу?
-Би тэр үед наймаа хийдэг байсан юм. Ноцтой хэрэг Монголд гармагц Орос хилээ шалтгаангүйгээр хаасан. Би Оросын хил дээр ирээд хамгийн эхэнд хил гарах ёстой байсан юм. Хил нээхийг хүлээгээд нээгээгүй. Байлгаж байлгаж хилийн нөгөө талаас манай хилийн бүрэн эрхт машинтай гарч ирж байгаа юм. Тэр өдөр Монгол, Оросын хилийн боомт дээр М.Баяраа гэдэг хошууч байсан. Тэр хүн яагаад нэг тал хаагаагүй байхад дипломат харилцаатай орон хилээ хааж байгаа юм бэ гэж асуудал тавьж байж хагас өдрийн дараа хил нээсэн. Энэ хил хаасан гэдэг мэдээлэл бол маш чухал мэдээлэл юм шүү дээ. Учир нь энэ хэрэг "Эрдэнэт” үйлдвэр, "Урал-Маш”-ын томчуудтай холбоотой. Ингэж хилээ шалтгаангүйгээр хааж байгаа нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг зохион байгуулалттай гэмт хэрэг гэдгийг баталж байгаа юм. Урьдаас төлөвлөчихсөн байсан гэсэн үг. Оросын томчууд ч энд хамаатай. Алуурчин баригдахгүй байдаг чинь үүнтэй л холбоотой. Хил хаагдсаны нотлох баримт байгаа нь маш чухал байгаа юм. Үүнд л би анхаараач ээ гэж хэлээд байгаа юм.
-Таниас энэ баримтаас үүдэн байцаалт авч байв уу?
-Сүүлд намайг үүнийг яриад эхлэхэд 1998 онд онц ноцтой гэмт хэргийн ажлын хэсгээс дуудаж байцаалт авсан. Би хэлсэн ерөөсөө энэ хэрэг бол "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой. Яагаад гэхээр "Эрдэнэт” үйлдвэрээс иддэг байсан улсын мөнгийг Зориг идүүлэхгүйгээр зохицуулсан, ингэхээр Эрдэнэтийн Отгонбилэг түүнтэй халаас нэгтэй хүмүүс хохирч эхэлсэн. Цаашлаад Оросын "Урал-Маш” үйлдвэр байна. Үнэтэй барааг "Эрдэнэт”-д шахдаг байсан нь больсон учир тэр их мөнгөний төлөө Зоригийг алах хангалттай шалтгаан. Мөн аллага болсон өдөр орос хилээ хаасан нь энэ хэрэгтэй холбоотой гэдгийг хэлсэн. Гэтэл хэлсээр байтал энэ сэжүүрийг яагаад одоо болтол шалгахгүй байгааг гайхаж байна. Сүүлд нэг сонин дээр энэ хэргийг талийгаач Отгонбилэгтэй холбоотой учраас хаагдах гэж байгаа гэж нэг бичсэн байсан. Сүүлд өө биш юм байна гээд больсон гэсэн.
-Бат-Үүлийг яллагдагчаар татсаны шалтгаан юу байж болох вэ?
-Одоо болох гэж байгаа орон нутгийн сонгууль, цаашлаад ерөнхийлөгчийн сонгуультай хамаатай гэж бодож байна. Орон нутгийн сонгуульд намаар нь унагах гэж лидерийг нь харлуулж байгаа юм. Эрх баригч нам бол өөрсдөө муу дүнгээ иргэдээс авчихсан. Одоо нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулж байгаа хэрэг.
Үргэлжлэлийг http://medee.mn/main.php?eid=83379 сайтаас авч үзнэ үү
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих