Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нэгэн өвөрмөц үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийсэн. Төрийн шагналт зураач До.Болд, Ц.Цэгмэд, С.Саранцацралт тэргүүтэй дүрслэх урлагийн сор болсон уран бүтээлчдэд арай өөр сэдвээр туурвих сэдэл өгсний үр дүнд энэ үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болж буй аж. Үзэсгэлэнгийн нэр "Монгол камасутра”. Монгол зураачдын бүтээсэн эротик уран зургууд үзэсгэлэнгийн танхимыг чимж байгаа нь нэрнээсээ л тодорхой байгаа биз. "Монгол камасутра”-д бүтээлээ дэлгэсэн уран бүтээлчдээс төрийн шагналт зураач Ц.Цэгмидийг онцолж, ярилцлаа.
-Эротик сэдэв таны уран бүтээлд ямар байр суурь эзэлдэг вэ. Ийм зураг танд олон бий юү?
-Залуу хүн юм юм сонирхдог, элдэв зүйл туршиж үздэг шүү дээ. Тэгж явахдаа эротик чиглэлийн зураг нэлээд зурдаг байлаа. Тэр үeд ийм зураг олон нийтэд үзүүлэх юм бол хачин этгээдэд тооцогдох байсан тул хүнд үзүүлэлгүй өөртөө л зурдаг байв. Яваандаа өөрийнхөө зураг арга барил, чиглэл сэдвээ олсон ч юм уу, залуугийн сониуч зан маань холдож одсон ч юм уу, энэ сэдвээс нэлээд хөндийрсөн байлаа.
-Хөндийрсөн сэдвээ дахин барьж авах болсон шалтгаан нь юу вэ?
-"Бидний соёл” төрийн бус байгууллагаас санал тавихад нь "Болохгүй нь юу билээ” гэж бодсон. Энэ үзэсгэлэнг гаргая гэсэн санаачилгыг "Бидний соёл” төрийн бус байгууллага гаргаж, зураачдыг уран бүтээлээ туурвих нөхцөл бололцоогоор хангаж, дэмжсэн юм.
-Төсөл байж ээ?
-Төсөл гэж хэлж болно. Биднийг ивээн тэтгэсэн "Бидний соёл” төрийн бус байгууллага энэ зургуудаар байнгын үзэсгэлэн гаргаж, музeй байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм билээ.
-Уран бүтээлчид байнга шинэ содон зүйл эрэлхийлж явдаг хүмүүс. Энэ төсөл танд шинэ зүйл мэдрүүлж чадав уу?
-Ингэж зурахыг зөвшөөрсөн шалтгаан нь, хүнд төрж буй сэрлээ зөв тийш нь залж, бүтээлч эрчим хүч болгож үзьe гэж бодсон. Энэ эрчим хүчээрээ хүнд хайр халамж, эeрэг энeрги, энэрэл ивээл түгээх бүтээл туурвих зорилго өвөрлөсөн. Ямар ч байсан зураг зурах арга ажиллагаа, арга барил, тeхникийн хувьд шинэ туршилт хийж чадлаа л гэж бодож байна.
-Дахиад эротик зураг зурах уу?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Би ийм юм зурна, тийм юм зурна гэж төлөвлөдөггүй. Тухайн үeд хиймээр байгаагаа хийгээд, сэтгэл дотор тухайн үeд өрнөж буй үйл явдалд оролцоод явдаг хүн учраас би эротик зураг зурна, эсвэл зурахгүй гэж яг таг хэлж чадахгүй нь.
-Онгод зур гэвэл зурна гэж үү?
-Би онгод байдаг гэдэгт итгэдэг. Онгод орсон үед л зургаа зурдаг. Онгод гэдэг чинь биднийг хүрээлэн байгаа далд ертөнцийн сүнслэг эрчим хүч. Бидний өвөг дээдсийн онгон сүнс өөрсдийнхөө санааг биднээр дамжуулан илэрхийлдэг. Би тэр онгодын санааг дамжуулагч байхгүй юу. Залуудаа өөрөө зохиож зураад байгаа юм болов уу гэж боддог байсан. Сүүлд янз бүрийн шалтгаанаар энэ бүхэн цаанаа эзэнтэй, түүний хий гэснийг л би хийж байна гэдгийг ойлгосон. Зурж байх үедээ онгодынхоо эрхшээлд бүрэн ордог. Будгаа нялах, зургийн бичилт бүрт биднийг тойрон орших онгодуудын эрчим хүч шингэдэг. Тиймээс бүтээл амьтай, өөрийн гэсэн энерги эрчимтэй болдог.
-Тантай уулзаад өөрийн тань талаар асуухгүй өнгөрвөл уншигчид зэмлэх байх. Төрийн шагналт зураачийн "Зураач болно” гэж бодож эхэлсэн үе хэзээ вэ?
-Машин зураад үзүүлтэл багш маань "Ямар гоё зурдаг хүүхэд вэ” гэж хэлснээс л эхэлсэн дээ. Тэгэхэд би таван настай, хүнсний нэгдүгээр дэлгүүрийн арын цэцэрлэгт явдаг байлаа. Хэн гэдэг багш байсныг сайн санадаггүй хэрнээ тэр үг нь надад одоо ч тодхон санагддаг. Тэр үг надад их урам өгсөн, түүнээс хойш тийм үг дахиж сонсохын төлөө ч юм уу зураад л байсан. Тэгээд Дурслэх урлагийн дунд сургуульд элсэж, 1978 онд төгссөн.
-Бурмаар тэжээхээр урмаар тэтгэ гэж. Санаандгүй хэлсэн ганц үг хүний амьдралыг өөрчилж болдгийн жишээ байна шүү дээ?
-Тэр хүн санаандгүй хэлсэн юм уу, санаатай хэлсэн юм уу. Ямар ч байсан тэр үг миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн. Хүүхдийн урмыг тэтгэвэл ирээдүйд нь яаж нөлөөлдгийг мэддэг болохоор зураг зурж сурах гээд мэрийж байгаа хүүхдэд болж өгвөл урам хайрлахыг хичээдэг.
-Та В.Суриковын нэрэмжит уран зургийн академи төгссөн зураачдын нэг. Төгсөж ирээд, Дүрслэх урлагийн дунд сургуульд багш, СУИС-ийн захирлаар ажилласангэдэг бил үү?
-В.Суриковын нэрэмжит уран зургийн академид сурч төгсөөд 1985 онд ирэхэд Дүрслэх урлагийн дунд сургуулийн захирал, төрийн шагналт Д.Амгалан намайг сургуульдаа багшил гэсэн. Ингээд театрын тайз чимэглэлийн багшаар ажиллаж байтал Монголд ардчилал, зах зээл эхэлж, тэр нь байгууллагуудад ч мэдрэгдэж эхлэв. 1989 онд сургуулийн багш, ажилтнууд намайг захирлаар сонгочихлоо. Дараа нь СУИС-ийн захирлаар бас хэдэн жил ажилласан. СУИС-ийн захирлаар ажиллаж байхдаа докторын ажлын судалгаа хийж, хадны сүг зураг судалж яваад хадан дээрээс унаж хүнд гэмтсэн юм. Эмнэлэгт хэвтэж, удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод ажлаа өгсөн. Ингээд 1998 оноос хойш чөлөөт уран бүтээлч болж, зургаа зураад сууж байна.
-Удирдах алба хашихаар яалт ч үгүй уран бүтээлээсээ хөндийрдөг шиг санагддаг. Албан тушаалаа өгсөн нь оносон ч юм бил үү?
-Тийм шүү. Тэр том сургуулийг удирдаж байгаа хүн зураг зурна гээд өрөөгөө түгжээд суултай биш. Хүссэн, хүсээгүй уран бүтээлдээ зарцуулах цаг багасдаг. Тийм учраас тэнгэр намайг уран бүтээлээ хий гээд хаднаас унагаж захирлын ажлаас холдуулсан байх гэж итгэдэг.
-Таны бүтээлүүдэд хадны сүг зургийг санагдуулдаг. Сүүлийн үед залуус бас хадны сүг зургийн элементийг уран бүтээлдээ тусгах болсон байна билээ?
-Би эхний үед бодит хийсвэр хоёрын голоор зурдаг байлаа. 1995 оноос хойш хадны сүг зургийн судалгаа хийж, дүрсийн бэлгэдлээр зурдаг болсон. Хөдөө гадаа явахдаа хадны сүг зураг харж, тэндээс эрч хүч авахыг боддог. Хүн үүсэхдээ л тэнд амьдарч байсан болохоор хадны сүг зурагтай газар тэр хавийн байгалийн эрчим хүчийг хамгийн их төвлөрүүлсэн шиг санагддаг. Би хадны сүг зургийг судалж, уран бүтээлдээ ашигласнаар супер симболизм буюу төгөлдөр бэлгэдэлт урлаг гэдэг урсгалыг бий болгосон. Монголчууд хэзээнээс л бүх зүйлээ бэлгэдлээр тайлбарлаж ирсэн, хэлж ярих, хийж бүтээхдээ бэлгэдлийг их хэрэглэдэг. Би түүнийг нь орчин үеийн хэв маягт оруулаад үргэлжлүүлэн хийж байгаа. Би бодит байдал, бодит өнгийг бүтээлдээ тусгадаггүй.
-Та зургаа хувилдаг уу?
-Хүмүүс энэ зургаа хувилж өгөөч гэсэн хүсэлт тавихад нь хувилж өгдөг. Гэхдээ зургаа өөрөө хувилж зурах дургүй. Зөвхөн мөнгөний төлөө хийж байгаа ажил болохоор дургүй хүрээд байдаг юм. Тиймээс хөлс мөнгийг нь өгч хүнээр хувилуулаад засаж янзлах зүйлийг нь засаад, хувилсан зурагт зурдаг гарын үсгээ зураад өгдөг.
-Хувилсан зургийн гарын үсэг ээ?
-Хувилсан зурагтаа латинаар, эх зурагтаа бол монгол бичгээр гарын үсгээ зурдаг.
-Хоногийн хэдэн цагийг урландаа өнгөрөөдөг вэ?
-Янз янз даа. Зурмаар санагдсан үедээ өглөө эрт ирээд шөнө дөл болтол суудаг. Би сэтгэлээ дагаж амьдардаг болохоор надад төлөвлөгөө гэж байхгүй. Тухайн үед ямар сэтгэгдэл төрнө, түүнийгээ л хийдэг. Хиймээр санагдсан үедээ хийдэг, хиймээргүй санагдвал орхичихдог л хүн.
-Урландаа ирэхгүй хэр удаан байж чадах вэ?
-Гэртээ баймаар, эсвэл өөр зүйл хиймээр санагдаад ганц хоёр хоног ирэхгүй байх үе бий. Гэхдээ урландаа очмоор санагддаг. Сайхан санагдсан, хиймээр байгаагаа л хийдэг болохоор зураач нар хамгийн эрх чөлөөтэй, хамгийн аз жаргалтай хүмүүс шүү дээ.
"Монгол камасутра” үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс
ub.life.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих