Ерөнхий сайдын захирамжаар хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг зөрчсөн асуудлыг судалж санал, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ахалж байгаа юм. Энэ хүрээнд бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоод, хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй С.Бямбацогт сайд уулзаж, санал солилцлоо. Уг уулзалтад Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо, Уул уурхайн үндэсний ассоциаци, Хятадын хөрөнгө оруулагчдын холбоо болон зарим компанийн удирдлагууд оролцсон юм.
Энэ үеэр хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлэхдээ "Төр байгаа бол хууль байх нь зүйн хэрэг. Хуулийг хүн бүхэн дагаж мөрдөх учиртай. Хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө төрийн захиргааны байгууллагууд ажилладаг. Ингэж ажиллахдаа ард түмэнд хүнд суртал үзүүлэхгүй, дарамт чирэгдэл үүсгэхгүй байх ёстой. Хэрвээ иргэдэд хүнд суртал гаргасан, дарамт учруулсан бол үүнийг судалж санал дүгнэлт гаргахаар ажлын хэсэг байгуулагдсан. Нэг хууль нөгөөтэйгээ зөрчилддөг хууль, эрхзүйн зөрчлийн тухай цөөнгүй ярилаа.
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, бизнесийн эрх зүйн чиглэлд тодорхой асуудлыг шийднэ. Нэг хувийн татвар, жишиг татварын хуулийг батална гэж төлөвлөж байгаа. Нийтэд нь татвар нэмэх асуудал яриагүй гэдгийг ойлгох ёстой. Дотроо ялгаатай зохицуулалт байгаа юм. Тансаг хэрэглээнд татвар нэмэх асуудал ярьж байгааг ялгаж, салгаж ойлгох учиртай” гэлээ.
Т.Гэрэл
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих