Чин Ван Ханддоржийн өргөөнөө нээлтээ хийж олны хүртээл болж байгаа нь яруу найрагчийн төгс мэдрэмжийн хослол байсан гэмээр... Тус газрыг сонгосон нь ч бас зүгээр нэг сонгоогүй ба номын нээлт гэхээр л номын дэлгүүрт болох албагүй нэгэн хэв шинжийг эвдсэндээ илүү шинэлэг байдлыг цогцлоохыг хүссэн байх.. Мөн түүний шүлэг байгалийн аж байдал, тал нутгаа илүү их тусгадаг учир нийлэмжийн хувьд холбогдоно гэж тус өргөөнд нээлтийг хийж байгаагаараа онцолтой ажээ.
Яруу найрагч У.Баярсайханы арван шүлгийг зургаар урласан Зураач Г.Цэнгүүнжав "би Баярсайхантай уулзахаас өмнө түүний шүлгийг уншиж гурван ч зураг зурсан байсан. Улмаар хамтын уран бүтээлийн санал тавьсан” хэмээн өгүүлсэн юм.
|
Сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхантай цөөн хором хөөрөлдсөн юм.
-Сайн байна уу? Юуны өмнө таньд энэ сайхан уран бүтээлээ олны хүртээл болгож байгаад баяр хүргэе.
-Баярлалаа. Номын хурим маань сайхан эхэлж байна.
-Таны уран бүтээлүүдэд монголын уул ус, хөдөөгийн аж байдал, талын монгол айлын тухай түлхүү агуулсан байдаг юм билээ. Энэ тухай бидэнд хуваалцахгүй юу?
- Тиймээ. Яалтчгүй дурсахгүй байхын аргагүй сайхан нутаг л даа. Би өөрөө хөдөө мал дээр өссөн болохоороо ч тэр үү сэтгэлд тод ойрхон байдаг.
-Их хотын энэ дуу шуугиан , хэмнэлтэй орчинд хөдөөг дурсаж бичихэд ямар байдаг вэ?
- Маш их бодогддог. Хөдөө байгаа үедээ бичих нэг өөр хотод амьдраад хөдөөг санаж дурсаж бичнэ гэдэг өөр хоорондоо огтолцохгүй ойлголт байдаг. Тийм байж илүү сайхан үг, уран дүрслэл ундардаг байх.
-Тэгэхээр надад төдийгүй хүмүүст бас тэгж санагдаж байгаа байх таны номны нэрний тухайд анхаарал татахгүй байхын арга алга...
-Оюутан байхдаа л хэлдэг байсан үгний нэг. Найзуудтайгаа хошигнох маягаар их хэлдэг байсан. Сүүлд харин найзууд маань утсаар ярих, уулзах таарах үед бодолдоо дурлаад хаана явна гэх мэтээр хүмүүс ярьдаг болсон байна. Тэгэхээр одоо энэ үг тэдэнд ер нь хүмүүст их сонин санагдаж магадгүй таалагддаг юм болов уу гэж боддог юм. Хамгийн түрүүнд бодолдоо дурлана гэдэг бол ерөнхийдөө өөрийн бодол өөртөө зөв гэдэг тэгэхээр миний бодол санаа зөв сайхан байгаад намайг мөрөөдөлд хөтөлвөл би сайхан зүйлд хүрч чадна гэдгийг л хэлж байгаа юм. Би бодолдоо хамгийн түрүүнд дурлаж байнаа гэдэг маань аливаад тэмүүлж байна гэсэн үг юм уу даа.
- Монголын радиогоор явж байсан "Аав адуу хоёр” богино өгүүллэг нэг тийм сайхан санагддаг. Энэ өгүүллэгийнхээ тухай яаж бичсэн сэтгэгдлээ дурсахгүй юу?
- Тэр өгүүллэг маань яг л миний амьдрал. Намайг мэддэг хүмүүс яг танай гэр бүл аж байдал гарч байна шүү гэж хэлж байсын. Зарим нь ойр дотны хүмүүс маань уйлсан гэдэг. Би наймдугаар ангид байхдаа аавыгаа алдсан. Тэгээд аавыгаа алдсанаас хойш ерөнхийдөө тиймэрхүү юм бичмээр болсон. Аавдаа зориулж бичсэн энэ өгүүллэгээс гадна гурван сайхан дуу бий.
- Дуу гэснээс урын сандаа хэдэн дуутай байна...
- Одоогоор хорин тав орчим дуу л байна даа. Захиалга их ирж байгаа зураг авалт нь хийгдэж байгаа дууны уран бүтээл гэвэл Д.Намсрайноровын дуу байна.
- Яруу найргийг хэзээнээс сонирхож, бичиж эхэлсэн бэ?
- Дунд сургуулиас л бичиж эхэлсэн. "Хүрэл тулга” наадамд оролцдог байсан. Энэ наадам бол бичих дуртай сурагчдын хувьд "Болор цом” л гэсэн үг.
-Зохиолчдоос хэний уран бүтээлийг илүүтэй шимтэн уншдаг вэ?
-Б. Лхагвасүрэн гуайн уран бүтээлүүд шүлгийг илүү их уншдаг. Анх би сэтгүүлч болоод Лхагвасүрэн гуайтай уулзаж байлаа. Ийм гоё шүлэг бичдэг хүнтэй уулзах юмсан гэж мөрөөддөг байсан.
Залуу уран бүтээлч яруу найрагчтай ийн хэсэг зуурын яриа өрнүүлэхэд тэрээр зураач Г.Цэнгүүнжав ахтай фэйсбүүкээр хобогдсон ажилтай үед дараатай байдаг нүүр ном бас холыг ойртуулж хоёрыг уулзуулна гэдэг нь боллоо хэмээн ярьсан юм.
Намайг дурласан байна гэж битгий бодоорой
Үрлэн нүдтэй бүсгүйг удаан ширтээд байвал
Үүрдийн ханиа мартатлаа дурлаж байна гэж битгий бодоорой
Үе үе дэрвэх сормуус дээр нь
Үзэмжит солонго саатдаг болов уу л гэж бодсоных шүү
Улаахан уруултай ялдам бүсгүйг хараад байвал
Учирсан амрагаа мартаж байна гэж битгий санаарай
Сэтгэл гижигдэм айлгүй инээмсэглэлийнх нь
Сэрүүнээр зүүдэлдэг залуу хэд бол л гэж таамагасаных шүү
Энгэсэг түрхэмгүй царайтыг удаан харахаар
Эхнэрээ мартатлаа уусч байна гэж битгий яриарай
Төрүүлсэн ээж нь ямар ачтан болоод
Тийм гоог өлгийдсөн юм гэж гайхсаных шүү
2016.4.13 яруу найрагч У.Баярсайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих