Монголд үндэсний цөөнх байх шиг ашигтай зүйл алга. Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж цаатан иргэдэд зориулан тусгайлан зарлиг гаргасан нь саяхны
үйл явдал. Цаатангууд мөхөөд байгаа учраас, тэдний тоо толгой илтэд
цөөрсний улмаас тусгайлан хамгаалах утга бүхий уг зарлигийг хэрэгжүүлээд
багагүй хугацаа өнгөрч байгаа.
Уг зарлигт "Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршин сууж, цаа
буга маллан тайгад амьдарч буй уйгар угсааны тува хүмүүсийн (цаашид
"Цаатан иргэн" гэх) амьдралын төвшинг дээшлүүлэх, тэдний боловсрол,
эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх
зорилгоор батласан "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын
түвшинг сайжруулах" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх
зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх" гэсэн байх.
Цаа бугад зориулж байгаа зарлиг уу эсвэл цаатан иргэдэд зориулсан юм
болов уу. Уйгар хэмээх угсаатан өдгөө БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө
засах оронд хэдэн саяараа амьдарч буй. Тэдний хувьд Хятадын төрөөс ямар
нэгэн тусгай хөтөлбөрт хамруулж сүйд болдоггүй.
ОХУ-ын Тува улс тува үндэстнээс бүрдсэн холбооны улсын статустай оршин
тогтнож байна. Тэд ч гэсэн "Хөөрхий, энэ хэдэн тува устах нь" гээд сүйд
болоод хөтөлбөр энэ тэр хэрэгжүүлсэн нь алга л байна. Харин ч тэднийг
аль болох хязгаарлах, хазаарлах бодлого барьдаг.
Угсаатан, үндэстэн нь өөрсдөө оршин байх эрхээ хамгаалахын тулд
тэмцдэг, хөдөлмөрлөдөг байх ёстой. Түүнээс бус тэднийг бусад үндэстэн
угсаатнаас онцгойлон үзэж, дэмжиж, тэтгээд байх нь төрийн бодлого,
хөтөлбөр байх ёсгүй. Төр иргэдээ алагчлан үзэх нь өөрөө бүх нийтээрээ
даган мөрдөх ёстой Үндсэн хуулиа зөрчиж буй үйлдэл болж хувирна.
Үндэстний цөөнх гэж хэн бэ. Үүнд хариулт байна уу. Хэрэв үндэсний цөөнх
байдаг гэвэл тэднийг хэрхэн ялгаж, салгах вэ. Үндэсний цөөнх гэх бүлэг
хүнд пайз зүүх үү. Эсвэл тусгайлан үнэмлэх олгох уу. Баяд, дөрвөд эсвэл
үзэмчин, хорчин, хамниган, барга, буриад хүн Монгол Улсын хэмжээнд бүгд
бага ястанд ордог.
Тиймээс ястан, үндэстэнд зориулж тусгайлсан хөтөлбөр, арга хэмжээ
хэрэгжүүлж өгнө гэвэл ар араасаа элдэв баримт, өрөвдөм түүхийн намтар
цадиг бариад гүйвэл хэнийг нь хойшоо, хэнийг нь наашаа гэх вэ.
Уг зарлигийн хоёрдугаар заалтад "Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд
оршин суугч цаатан иргэд гурван жил тутам нэг удаа Завхан аймаг дахь
Арцсуурийн байнгын ажиллагаатай хилийн боомтоор нэвтрэн Оросын Холбооны
Улсын Тува Улсын Тож хошуун дахь төрөл төрөгсөдтэйгээ уулзахтай
холбогдон гарах зардлыг Цагааннуур сумын төсөвт тусган, санхүүжүүлэхтэй
холбогдсон журмыг баталж, 2013 оноос эхлэн хэрэгжүүлсүгэй" хэмээсэн
байх.
Баруун аймагт мянгад хэмээх угсаатан байх. Өдгөө хүн амын тоогоор
дөрвөн мянга гаруй мянгад Монгол Улсад амьдран суудаг. Ардын хувьсгал,
элдэв хэлмэгдүүлэлт, улс төрийн хавчлага, мөрдөлтийн улмаас БНХАУ-ын
Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд дүрвэж одсон, хоёр улс хил тогтоох
үед элдэв асуудлаар хилийн цаана яваад үлдэж хоцорсон мянгад хүмүүс ч
байх.
Хожим хоёр улсын хил хязгаар нээгдэхэд ах дүүс нэгнээ сураглаж, олж
уулзан уйлалдаж, "Алтан шаргал морь" хэмээх уртын дуугаа дуулан хонон
өнжин хагацаж чадахгүй байсан тухай яриаг сонсч л байсан. Тэдний ах дүү
аль улсад байсан ч очиж уулзахад нь төр засгаас дэмжиж тэтгэсэн тухай л
лав дуулдаагүй.
Өдгөө ч баруун аймгуудад ялангуяа торгууд нарын тухайд хоёр улсын
харьяат болон салж хагацаад өдгөө хил нээх бүрийд уулзаж, учралдаж явдаг
гэдэг. Тэр бүхэнд төр анхаарлаа хандуулсан гэж үү.
Цаатан гэх иргэдэд тусгайлан анхаарал хандуулж, тэдэнд мөнгөн тэтгэлэг,
элдэв хөтөлбөр хэрэгжүүлсэнд эгдүүцсэн бус төр иргэдээ алагчилж байгаад
л учир байна. Аяганы алагаас, адууны адаг гэх үг бий. Ард түмэн гэдэг
нэгэн цул байх ёстой. Гэтэл төр нь тэр ч үндэстэн устах гээд байна, энэ ч
ястан сөнөх гээд байна гээд бүх ард түмнээ дотор нь устах, мөхөхөөр нь
ангилж нэг л боломгүй.
Бүр цаашлаад иргэдийн татварын мөнгөөр нэгнийг нь тэтгэж, нөгөөхийг нь
дэмжинэ гэдэг бүр ч байж боломгүй. Харин оронд нь тэднийг ажлын байртай
байлгах, тухайн орон нутагт хүн амыг суурьшуулах таатай орчныг бүрдүүлэх
тухайд бодлого боловсруулна гэвэл арай өөр.
Ховордсон амьтан энэ тэрийг бол тусгайлан хөтөлбөр, бодлого, зарлиг
гарган хамгаалж болох л байх. Тухайлбал, говийн баавгай буюу мазаалай нь
газар нутаг, идэш тэжээлийн хомсдол, хүний буруутай үйл ажиллагааны
улмаас нэн цөөрөөд байгаа. Нэн ховордсон мазаалайг авран хамгаалахын
тулд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой юу гэвэл ёстой.
Яагаад гэвэл тэд өөрсдийн оршин байх ахуйг хамгаалж, тэмцэж, үр удмаа
үлдээх ёстой гэсэн ухамсарт үйл ажиллагааг явуулж чадахгүй учраас тэр.
Түүнээс гадна энэхүү амьтны оршин байх ахуйг нь хүмүүс сүйтгэж,
хязгаарлаж, өсөлт, үржилтэд нь сөргөөр нөлөөлж байгаа буруутан нь учраас
байгаль дэлхийнхээ нэг ч гэсэн амьтаныг аварч үлдээх үүргээ биелүүлэх
ёстой.
Харин хүнийг ингэж тусгайлан үздэг, хардаг хамгаалдаг гэдгийг манай төр
л анх санаачилж байх шиг байна. Цаатан хэмээх үндэстэн, угсаатны хувьд
нэгэнт зарлиг гараад хэрэгжээд эхэлчихсэн.
Гэтэл саяхан УИХ-ын дарга З.Энхболд Баян-Өлгий аймагт зорчиходоо
"Асгатын мөнгөний ордоос Баян-Өлгий аймгийн иргэдэд хувь эзэмшүүлнэ"
хэмээн ам алдсан сурагтай. Үнэхээр үнэн бол "Ам алдвал барьж болдоггүй,
агт алдвал барьж болдог" гэгч болох биз ээ. Төрийн хүн гэдэг хэлэх үгээ
бодож, цэгнэж, ар дахь үр дагаварыг нь тунгааж байж хэлэх ёстой.
Гэтэл сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үү эсвэл төр нэгэнт ингэж шийдсэн үү
тэрээр юутай ч ийм үг хэлсэн эсэхээ ард түмэндээ тайлах цаг ирэх биз ээ.
Уг нь ямар ч хуульд, тэр дундаа Үндсэн хуульд "Орон нутгаас нь илэрсэн
томоохон ордоос тухайн орон нутгийн иргэд давуу эрхээр хувь эзэмшинэ"
гэсэн заалт өнөөдрийг хүртэл ороогүй. Цаашид ч орохгүй биз ээ.
Учир нь Үндсэн хуульд зааснаар "Монгол Улсын газрын гадарга хийгээд
хөрсөн доорхи бүх баялаг нийт ард түмний өмч" тул үүнийг хэлбэртэлгүй
сахих ёстой. Баян-Өлгий аймгийн иргэд Асгатын мөнгөний ордоос давуу эрх
эдэлж хувь эзэмшихдээ тулбал Өмнөговь аймгийнхан Тавантолгой,
Оюутолгойгоос хувь эзэмших болно. Дээрээс нь Дорнодынхон Тамсагаасаа,
Орхоныхон Эрдэнэт үйлдвэрээсээ гээд л хөвөрч өгнө.
Монголчууд эвтэй бол хүчтэй гэдэг. Харин энэ Засгийн үед эвгүй бол бүр
хүчтэй байх ёстой гэсэн философи үйлчлээд байх шиг. Би тийм үндэстэн,
угсаатан, ястан, тийм ордтой, ийм аймгийн хүн гэх явцуурхал, талцал бус
"Би Монгол хүн" гэх бахархал л биднийг урагш хөтлөх ёстой.
Иргэнээ алагчилсан төр самуунд идэгдэж, өмхрөн ялзардгийг монголчууд
ихээхэн оновчтойгоор "Шар тос дотроосоо өтдөг" хэмээн онож хэлсэн
байдаг. Дотроосоо өтөхгүйн тулд төр нь төр шиг, ард түмэн нь эв найртай
байх болтугай.
Д.Лхагва-Очир
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих