УИХ-ын гишүүн асан М.Зоригттой ярилцлаа.
Сайхан намаржиж байна уу. Өнгөрсөн парламентийн хамгийн нээлттэй гишүүн байсан М.Зоригт сонгуулиас хойш юу хийж байна даа?
Сүүлийн үед дуртай зүйлсээ хийгээд, өөрийнхөөрөө амьдарчбайна. УИХ-ын гишүүн, сайд хийх их стресстэй, миний үс цайчихсан. (толгой руугаа заав) Одоо хийж байгаа ажлаас шалтгаалаад үс маань буцаад харлах байлгүй дээ.
Би хаана ч явсан аппаратаа үүрээд явдаг. Хувь хүнийхээ хувьд монгол ахуй, монгол хүн, монгол соёлоо хүндэлж биширч явдаг. Харамсалтай нь энэ бүхэн бидний амьдралаас холдсоор байна. Өөрийн гэсэн онцлогтой улс үндэстний хувьд эх орныхооонцлог болсон байгаль, соёл, аж байдлын зургуудийг буулган авч үлдээх гэж зорьдог. Бусдын ойлгож дүгнээд байгаа шиг эмэгтэйчүүдийн зургийг л авдаг юм биш. Бидний амьдралд гэгээлэг зүйлс байхаа больсон байна. Телевиз,радио, интернэт үзэж сонсоход хар бараан мэдээллүүд хөвөрдөг. Театрт кино үзье гэхээр холливудын зодоон нүдээн буу шийдэм, казино гээд болох бүтэхгүй юм гарна. Энэ бүхэн монгол хүний чанарыг гаргасан гэгээлэг соёл ахуйг харуулсан бүтээл дутагдаж байгааг хэлээд байгаа хэрэг. Саяхан хэсэг уран бүтээлч залуустай нэгдээд "Шүүдэр дундуур” хэмээх кино хийлээ. Нийгэм л юм чинь хүмүүсийн харилцаа,уламжлал соёл, өвгөдийн сургааль, үндэс ахуй, хайр дурлалын тухай харуулахыг зорьсон. Хадланд яваа зураг түгээсний учир бол тэр.
Фэйсбүүкт пост хийхгүй, жиргэхгүй өдөр гэж танд бараг байдаггүй байх. Сошиалд өдөрт хэдэн цаг зарцуулж байна?
Би ер нь сошиалын жиргээ, пост бүрийг уншаад суух зав байдаггүй. Хаа нэг орой унтахынхаа өмнө л уншдаг. Харин өөрөө постоо байнга хийдэг. Хүмүүс намайг өдөржин компьютерийн ард суудаг гэж санаад байх шиг байна. Би аппаратаараа зургаа дараад л шууд гар утсаараа постолчихдог. Утаснаасаа жиргэнэ. Яг үнэндээ гар утсаар сошиалыг ухаж унших чинь тохиромжгүй байхгүй юу. Энд тэнд коммент бичсэн, таг хийчихсэн зүйлсийг рэтвийт хийчихдэг. Тэрэнд чинь ганц л секунт хангалттай.
Даруу байсан Зоригт фэйсбүүк, твиттерт гэнэтхэн тодорч гарч ирээд нэлээд "галзуу” гэх үү цоглог гэх үү болчихсон?
Би багаасаа ангийн дарга болж үзээгүй ч дандаа ангийн манлайлагч байсан. Сошиал медиа намайг хүмүүст ийм байдгийг минь харуулж өгсөн юм. Түүнээс биш би байдгаараа л байгаа. Хүний төлөвшил их бага наснаас явагддаг шүү дээ. Гэнэт л Зоригоо сахилгагүй дэггүй болчихсон юм биш ээ.
"БАЙГАЛЬ, МОНГОЛ АХУЙ, ГОО ҮЗЭСГЭЛЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗУРГИЙГ ТҮЛХҮҮ ДАРДАГ”
Ингэхэд та яг хэзээнээс зураг авах хоббитой болчихсон юм бэ?
Би багаасаа зураг авах хоббитой байсан. Миний аав бүх төрлийн авьяастай хүн байлаа. Гэрэл зураг авна, уран зураг зурна, хийхгүй зүйл байхгүй дээ. Аав ээж маань биднийг юм юманд л сургадаг байлаа. Талх барих, хонины арьс элдэх гээд л. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг загнаж, чичилж, хэлж ярихдаа биш. Өөрсдөөсөө л үлгэрлэх, өөрийнхөө байгаа байдлаар манлайлах хэрэгтэй юм шиг санагддаг. Аав маань зураг дараад шөнөжин угаалгын өрөөнд зургаа угаана. Ээж минь загнаад л... Тэр үеэс л би аавтайгаа зураг дарж, угаах хоббитой болсон. Монголчууд маань намайг гишүүн болсны хойно л анзаарч харсан болохоос биш би өмнө нь ч аппарат тэвэрсээр л явдаг байсан. Сошиал медиа хөгжсөнөөр биднийг дэндүү ойртуулсан шиг санагддаг. Хүмүүс намайг зурагчин гэж ойлгодог. Харин би өөрийгөө мундаг зурагчин гэж хэлэхгүй. Харин ч айдаг. Гэрэл зураг сонирхогчдын групп гэж байдаг юм. Би тийшээ нэг зураг оруулахаас айдаг. Өөрийнхөө л хуудсанд тавьж хүмүүст сонирхуулдаг юм. Зураг дарах гол зорилго маань сайхан байгалиа, монгол ахуйгаа хүнд хүргэе л гэж бодсоных. Энэ хүсэл сонирхолд маань Сошиал медиа их тусалж байна.
Тэгэхээр аав тань гэрэл зургийн анхны багш байх нь ээ?
Тийм ээ, ааваараа заалгаж байсан. Тэр үед одоогийнх шиг ийм мундаг, гоё аппаратууд байгаагүй. Дарах бүртээ тохиргоо хийдэг механик аппарат байсан. Одоо бол тэнэг хүн ч аппарат бариад зураг дарчихна. Эргэн тойрон давтагдашгүй маш олон дүрс байна. Бидний амьдрал өдөр ирэх тусам л гоё сайхан, өнгөлөг болж байна.
Ихэвчлэн ямар зураг авч байна вэ?
Монгол ахуй өв соёлын маань зүйлс биднээс холдоод байгаа болохоор тэрнээс л өчүүхэн ч гэсэн авч үлдэе л гэж боддог. Монголын байгаль,,Монгол ахуйн зураг мэдээж гоо үзэсгэлэн эмэгтэйчүүдийн зургийг түлхүү авч байгаа.
Та хэдэн камертай вэ. Хоббиндоо чамгүй мөнгө зарцуулав уу?
Нэг их мөнгө зарцуулаагүй ээ. Гайгүй шүү дээ. Нэг брендээрээ дагначихсан байхад бүх дурангууд нь хоорондоо таараад явчихдаг. Хүн ер нь аль нэг брендээр л дагначих хэрэгтэй. Олон төрлийн аппарат барихаар тус бүрт нь зориулж дуран тааруулж авах хэрэг гарна. Би халаасандаа хэзээ ч бэлэн мөнгөтэй явдаггүй. Бэлэн мөнгөгүй яваад олон арван жил болж байна. Хүн өөрөө тогтвортой тогтмол байх хэрэгтэй. Кофе уухдаа ч болж өгвөл нэг л газраа ор. Тэр газрын нэр нүүр бол. Найз нөхдөө дуудаад уулз. Түүгээрээ дэмжлэг болж итгэлцлийн харьцаа бий болго. Sony брендээр зураг авбал түүгээрээ л дагна. Гутал хувцас ч мөн л адил. Би энэ гутал, савхин хүрмээ хэдэн ч жил өмсчихөв. Энэ бүгдээсээ би орлого олдог. Хэн ч хэзээ ч намайг хоёр аяга кофе уугаад гарахад алив кофеныхоо мөнгийг гэж нэхэхгүй. Итгэлцэл, тогтвортой байдал гэдэг чухал. Энэ бол миний нийгэм дэх нүүр царай, хүмүүсийн надад өгч буй итгэл юм. Сошиал медиагаар дамжуулаад Зоригоо "Sony”-гоор зураг дарж байна, Apple барьж байна, задгай цагаан унаж байна гэсэн мэдээлэл хүрч байна. Энэ бүх юм тэдэнд үзүүлж буй нэг дэмжлэг. Түүнээс биш нүүрс ухаад олсон мөнгөө цацаад явах хялбар. Харин миний ингэж явах чинь арга ухаан бас миний тааламжтай амьдрал юм.
Та яагаад "Sony”-г сонгосон юм бэ?
Би нэг хэсэг "Canon” хэрэглэж байсан. Миний зургууд олонд хүрэхийн хэрээрSony надад санал тавьсан. Бидний анхны хэрэглэж байсан Sony зурагт, хөгжим байхгүй боллоо. Харин одоо үед Sony камераараа тэргүүлж байна. Хөдөлгөөнт зургийн үзүүлэлтээрээ ч тэр Sony хамаагүй сайн. Надад олон газраас хамтарч ажиллах санал ирдэг. Харин сэтгэлд нийцдэг нь л ховор юм даа.
"ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НҮЦГЭН ЗУРАГ АВЪЯ ГЭСЭН БОДОЛ БАЙДАГ”
Охид, бүсгүйчүүдийн зураг нэлээд дардаг даа?
Ер нь хүн төрөлхтний гоо сайхны үнэлэмж, мэдрэмж дандаа л эх хүн эмэгтэй хүнтэй холбоотой байдаг. Нийгэмд байгаа аливаа зүйлсийг гоёдог чимдэг нь ухаалаг сайхан бүсгүйчүүд л байдаг шүү дээ. Олон дунд байгаа тэр сайхан гоо үзэсгэлэнгийн хажуугаар яаж зүгээр өнгөрөхөв дээ. Тэр сайхан мэдрэмжээ яагаад бусдад мэдрүүлж харуулж болохгүй гэж? Одоо чиний ч гэсэн зургийг авчихмаар л байна. Ер нь би чамтай зураг даруулаад фэйсбүүктээ оруулж л таарна л даа.
Таныг хүмүүс сошиалд хэтэрхий ил задгай пост хийж, залуу охид хүүхнүүдийн зураг авлаа гэж шүүмжилдэг. Нүцгэн зураг дардаг ч гэх шүүмжлэл байгаа. Энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ?
Би нүцгэн натур зураг авч үзээгүй. Хүмүүстэй их нөхөрсөг байдаг болохоор тоглоом шоглоомоор Зоригоогийн авсан зураг гэсэн яриа нь цааш тархаад үнэн юм шиг болчихдог болохоос биш хүүхэн нүцгэлж ирээд нэг ч зураг авч байгаагүй. Мэдээж эмэгтэй хүний нүцгэн зураг авъя гэсэн бодол байдаг. Одоохондоо тийм зураг авах тохироо бүрдэхгүй байна. Бас ур чадвар, цаг зав алга.
Нэг хэсэг "Зоригт сайд даржээ” гэсэн тренд хэллэг гарсан. Төрийн ордонд ангийн охин Одноогоо"дарлаа” гээд л?
Ц.Нямдорж гишүүнийг ч юмуу өөр хэн нэгнийг дарахад тэр бусдад тийм ч сайхан сэтгэгдэл төрөхгүй. Харин ширээний анд С.Одонтуяагийн зураг бол өөр. Манай Одноо зөөлөн, даруухан, ухаалаг, эмэгтэйлэг бүсгүй. "Тom&Toms” кафед ирсэн хүүхнүүдийн ч зургийг би дардаг. Би түрүүнд хэлсэн. Манай аав ээж өөрсдийнхөө байр байдал манлайллаараа хүүхдүүдээ хүмүүжүүлдэг гэж. Би өөрийнхөө үйлдлээр залуусыг баар савнаасаа гараасай, байгальд гарч кофений соёлоос суралцаасай гэж хүсдэг. Охид хүүхнүүд олуулаа ирж кофе уунгаа халуун яриа өрнүүлж байна. Хүн өөртөө цаг зав зориулах л хэрэгтэй. Ямарваа нэг зүйлд идэвхитэй бай, гадаа орчин ийм сайхан байна гэдгийг л зургуудаараа хэлээд уриалаад байгаа юм. Мөн улстөрд орсон, нийгэмд тодорхой хэмжээнд байр сууриа эзэлсэн амжилттай яваа нэгнээ "Олонтойгоо байгаачээ” гэж уриалаад байгаа юм. Би бусдаас их суралцдаг. Хүн болгонд өөр өөрийн гэсэн сайн сайхан чанарууд бий. Тэр болгоноос суралцах хэрэгтэй.
"БААБАРТАЙ ЦУГ СУУЖ БАЙГААД ТЭР НҮЦГЭН ЗУРГИЙГ РЕТВИЙТ ХИЙСЭН...”
Уулан дээр нүцгэн хэвтэж байгаа хоёр хүний зургийг ретвийт хийхэд таныг маш олон хүн шүүмжилж байсан?
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ширүүхэн тулаантай байсан. Би Н.Алтанхуяг даргыг тэр үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх нь буруу юм байна гэж бодсон. Энэ нь намын шинэчлэлттэй холбоотой асуудал байсан. Одоо гэнэт л шинэчлэл хийж эхлээд байгаа юм биш. Аль Н.Алтанхуяг нарын үеээс олон жилээр Үндэсний Зөвлөлдөх Хороогоо хуралдуулахгүй, намын хурлаа ч хийдэггүй өөрсдийнхөө эрх дархыг авахын тулд бүх зүйлийг царцаачихсан байсан. Одоо Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүд нь таяг тулсан тэтгэврийн хүн болж эхэллээшт. Тэр үед би олны өмнө ил тод шүүмжлэлтэй хандаж байсан. Тухайн үедээ тэдэнд миний талаар хэвлэлээр харлуулж бичих юм нь олдохгүй байсан байхгүй юу. Харин Баабар намайг "Чи өгөөш өгөөч. Нэгэнт л чиний тухай муу юм бичих хэрэгтэй бол чи тийм өгөөшийг нь өгчих хэрэгтэй. Тэгэхгүй бол наадуул чинь зохиовол бүр баларсан юм болно” гэж зөвлөсөн. Тэгтэл Биндэръя гэж жиргээч залуу тэр зургийг жиргэсэн байхаар нь "Энд нэг ийм юм байна” гэтэл Баабар "Одоо тэгвэл наанаа юм бич” гэсэн. Тэгээд л тэр зургийг ретвийт хийчихсэн. Хэрвээ та нар анзаарсан бол нөхдүүд тэр зургийг мэрж хэд хэдэн том нийтлэл, телевизийн нэвтрүүлэг хүртэл хийсэн. Олны өмнө Зоригоог харлуулах лут том сэдэв болсон байхгүй юу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих