Баримт-1 АТГ-аас 2012 оны нэгдүгээр сарын 16-нд "Эрдэнэт" үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энхийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр шалгаж байжээ. Учир нь тэрбээр "Хур хүү" ХХК-ийн захирал Б.Билгүүнтэй 2010 оны наймдугаар сарын 12-ны өдөр 1000 тонн ганбөмбөлөг нийлүүлэх 870 мянган ам.долларын үнэ бүхий гэрээг байгуулан улмаар урьдчилгаа болох 783 сая ам.долларыг 2010 оны наймдугаар сарын 16-ны өдөр шилжүүлэн өгч байжээ. Гэвч тус компани одоо болтол гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд "Эрдэнэт" үйлдвэрт шахаа хийсэн компанийн жагсаалтад нэр нь багтсан байгаа юм. Хамгийн сонирхолтой нь мөрдөн байцаалтын явцад "Хур хүү" ХХК-ийн захирал Б.Билгүүн нь Ц.Бат-Энхийн төрсөн эгчийнх нь хүү байсан нь нотлогджээ. АТГ-ынхан энэ хэргийг шалгаад 2012 зургадугаар сарын 27-нд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн ч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор хэрэгсэхгүй болгосон аж.
Баримт-2 Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэдэг үндэслэлээр түүнд 2012 оны хоёрдугаар сарын 3-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Мөрдөн байцаалтын үеэр С.Дэмбэрэлийг МҮХАҮТ-ын нэр дээр олгогдсон газраас 5000 ам метр талбай бүхий газрыг "Дэлхийн худалдааны төв" ТББ-д шилжүүлэн өгсөн, өнөөдүүл нь хууль бусаар байшин барьсан гэх үндэслэлээр шалгаж байж. Улмаар тэрбээр УИХ- ын гишүүн болж, хуулийнхан ч түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлээд байтал прокуророос гэв гэнэт хэргийг татан улмаар хэрэгсэхгүй болгосон байгаа юм.
Баримт-3 Хуулийнхныг гайхшруулсан бас нэг хууль бус үйлдэл нь УИХ-ын гишүүн Х.Наранхүүд холбогдох хавтаст хэрэг юм байна. Учир нь тэрбээр 2000-2007 онд "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа И.Жавхлан захиралтай "Эксим Инвест" ХХК-нд 2.4 сая ам.долларын вексель бичиж тоног төхөөрөмжийн гэрээ байгуулан улмаар гэрээний урьдчилгаа гэж 2.4 сая долларыг шилжүүлж байжээ. Үүнийг хуулийнхан шалгаад Х.Наранхүү албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онд их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэхээр бэлдэж байсан аж. Гэвч 2013 оны зургадугаар сард энэ хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд байхад прокророос мөн л гэв гэнэт татаж хэрэгсэхгүй болгож орхижээ.
Баримт-4 2013 оны тавдугаар сарын 16-нд АТГ-аас бас нэг албан тушаалтантай холбоотой хэргийг шалгасан нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Чинбаатарт холбогдох хэрэг байв. Учир нь тэрбээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа "Өсөх зоос" ХХК-ийн цуцлагдсан тусгай зөвшөөрлийг дахин сэргээсэн нь нотлогдсон бөгөөд улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгожээ.
Баримт-5 2008 оны арваннэгдүгээр сарын 06-нд олныг шуугиулсан томоохон хэргийн сэжмээс хуулийнхан атгасан нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдод холбогдох хэрэг байв. Учир нь тэрбээр албан тушаалын байдлаа урвуулан агаиглаж бусдад давуу байдал олгон 2007 оны есдүгээр сарын 14-ний өдөр хүнд даацын автомашин худалдан авах тендерийн ялагчийг хууль бусаар шалгаруулсан. Ингэхдээ тендерийн баримт бичгийн 6.1-т заасан "Гэрээний дагуу нийлүүлэх бараа нь шинэ, өмнө нь ашиглаагүй, засвар хийгээгүй хамгийн сүүлийн үеийн буюу загвар техникийн тодорхойлолтод бүрэн нийцсэн байна" гэсэн шалгуур үзүүлэлтийг тоолгүйгээр хүнд даацын гурван ширхэг автомашиныг тус бүрийг нь 133 сая 666 мянган төгрөгөөр тооцон нийт 409 сая 998 мянган төгрөгөөр буюу зах зээлийн үнээс 147 сая төгрөгийн илүү үнээр худалдан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан байгаа юм. Мөн тэрбээр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-иас ган бөмбөлгийн бэлдэцийг авч "Эрдэнэт" үйлдвэрт шууд нийлүүлэх бололцоотой байсаар атал өөрийн үеэл дүүгийн нэр дээр байдаг "Стандарт металс лимитед" ХХК-тай их хэмжээний үнийг дүн бүхий ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлэх гэрээг хийжээ. Ингэхдээ тэрбээр үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлдөө энэ тухай танилцуулаагүй бөгөөд 20 мянган тонн ган бөмбөлгийн бэлдэцийг "Эрдэнэт" үйлдвэрт нийлүүлж, гэрээний төлбөрийг үеэл дүүгийнхээ компаниар дамжуулан улмаар зөрүү ашиг болох гурван сая ам.долларыг завшсан юм. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2012 оны зургадугаар сарын 27-нд прокурорт шилжүүлсэн ч прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Баримт-6 "Монголросцветмет" ХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнээ, орлогч захирал Т.Доржбал нар 2007 оны зургадугаар сарын 25-ны компанийн зөвлөлийн 36 дугаар хурлаар 442.8 сая төгрөгийн өртөг бүхий балансын үлдэгдэл бүхий МТХБ-ын дуудлага худалдаагаар худалдан борлуулах зөвшөөрөл өгсөөр байхад дуудлага худалдаа явуулалгүйгээр "Итгэлт аудит" ХХК-иар нэг тэрбум 14 сая 600 мянган төгрөгөөр үнэлүүлжээ. Улмаар дээрх МТХБ-ыг өөрсдийн гэр бүлийн гишүүдийн хувь оролцоотой "Интердесижн" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн эзэмшиж байгаа нь албаны тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн өмчийг үнэгүйдүүлэн завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй үйлдэл гэнэ. Гэвч өнгөрсөн оны дөрөвүгээр сард энэ хэргийг мөрдөн байцаах шатанд байхад прокурорын байгууллагаас татан хэрэгсэхгүй болгожээ.
Баримт-6 Албан тушаалтантай холбоотой өөр нэг хэрэг гэвэл Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Тэрбишд холбогдох дуулиан. Хавтаст хэргээс харахад тэрбээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай "Ноблесс констракшн" ХХК-ийг татан буулгаж тус компанийн улсын төсөвт төлөх 140 сая төгрөгийн татварын өр төлбөрийг төлүүлэхгүйгээр зохицуулж өгнө хэмээн тус компанийн ерөнхий захирал Жү Мин Хи-д урьдчилан амлаж хоёр удаагийн үйлдлээр нийт 33 сая төгрөг авсан байгаа юм. Хамгийн сонирхолтой нь "Ноблесс констракшн" ХХК-ийн ерөнхий захирал өөрөө "Би татварын улсын байцаагч Б.Тэрбишд 33 сая төгрөгийн хахууль өгсөн нь үнэн" гэжээ. Энэ хэргийг 2011 оны есдүгээр сарын 21-нд шалган улмаар 2012 оны тавдугаар сарын 22-ны өдөр яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн ч Нийслэлийн прокуорорын газраас мөн л хэргийг хэрэгсэхгүй болгож замхруулжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих