"Соён гэгээрлийн цаг” буланд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, Монгол Улсын сайн малчин Ж.Түдэвдоржийг урьж ярилцлаа.
-Монголчуудын уламжлалт ёс заншил алдагдаж байгаад сэтгэл зовниж байгаагаа байнга илэрхийлж, үндэсний ухамсар, өв соёлоо сэргээхийн төлөө уриалж явдаг танд уншигчдынхаа өмнөөс баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би малчин удмын хүн. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул. Монгол Улсын сайн малчин цолтой. Удам судар хөөвөл байгаль дэлхий, газар шороогоо хайрлан хамгаалж ирсэн Салхин Сандаг овгийнх. Манай удмаас Бадамжавын Лхамжав гэж Алтай аймгийн анхны дарга, НАХЯ, ЭХЯ-ны орлогч сайдаар ажиллаж байсан, төр нийгмийн зүтгэлтэн төрснөөр бид бахархдаг. Энэ хүн бидний авга болох хүн юм л даа. Одоо ч олон малаа маллаж, хөдөө нутагтаа амьдарч байгаа ах дүү садан олон бий. Тийм болохоор малч удмаараа бахархаж, мал маллах ухаан, нүүдэлчдийн өв соёлоо хамгаалах, бэхжүүлэх тухай үгээ хэлж явдаг нэгэн.
-Өнөөдөр монголчууддаа сэрэмжлүүлэх, шүүмжлэх ямар зүйлүүд танд бодогдож байна?
-Би малчин удмын монгол хүн. Нүүдэлчдийн өв соёлыг нуруундаа үүрч ирсэн хүмүүс бол малчид. Монгол орон дөрвөн улиралтай, малчин түмэн дөрвөн цагт тохирсон нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсний гол утга учир энэ. Ахуй соёл нь ч үүндээ зохицсон байдаг. Дэлхийд ийм соёл уламжлалтай орон байхгүй. Ихэнх нь нэг төрлийн мал аж ахуй эрхэлдэг, эсвэл суурин иргэншилтэй. Гэтэл миний бие олон аймаг, сумаар явахдаа нүдээр харж сэтгэл гутсан зүйл олон байна. Малчин түмнийхээ хувьд сэтгэл гудайж ирлээ. Монгол Улс 1921 оны хувьсгал хийснээс хойш социализм, коммунизм гэж хэсэг явсан. 1990 онд ардчилал хийж байна, бэхжүүлж байна гэж бас нэг хэсэг явлаа. Энэ бүх хугацаанд малчид нүүдэлчдийн соёлыг нуруундаа үүрч ирсэн. Мал аж ахуйгаа ч эрхэлж явсан. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад сэтгэл түгшмээр, гутармаар болчихож. Та нар ч гэсэн зах зухыг нь мэдэж байгаа. Үүнд миний үеийн 70 гаруй насны ахмадууд л сэтгэл зовниж байхшиг байна. Үр хүүхдүүд маань нийгмийн хөгжлийг дагаж, соёлтой иргэншлээр амьдарч байна гээд нүүдлийн мал аж ахуй хөгжүүлж ирсэн үндэсний арга ажиллагаанаасаа салчихаж. Тэр нь юугаар тодорч байна вэ гэвэл, таван хошуу малаа малладаг, нутаг дэвсгэрээ сонгож олдог, байгаль цаг уураа ажигладаг, малчин хүний юугаар ч үнэлж баршгүй, өвгөдийн үлдээж өгсөн үнэт өв уламжлал бүдгэрчихжээ. Зарим нь устаж байна. Энд хэзээ байтлаа малчин хүн малаа машинаар тууж байсан юм бэ гэдгээс эхлэн олон зүйлийг ярьж болно.
УЛАМЖЛАЛТ СОЁЛОО УСТГАЧИХВАЛ БИД ХЭН БОЛОХ ВЭ? ЗАЛУУС ҮҮНИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА
-Ер нь дэлхийн улсууд өв соёлоо хэрхэн хамгаалж ирсэн байдаг юм бэ?
-Манайхан аль тэртээ VII -VIII зууны үе дэх өвгөдийнхөө булш бунхныг ухаж, эсвэл үлгэ гүрвэлүүдийг олдворыг төнхөж монголчууд ямар соёл уламжлалтай байв гэж эрж хайгаад явдаг. Нүүдлийн соёл иргэншлээ авч яваа гээд цээжээ дэлддэг. Гэтэл энэ чиглэлд манайхаас гадаадын улс орнууд илт давуу байдаг. Хэдийгээр техник, технологи нь өндөр хөгжсөн байдаг ч соёл иргэншлээ бүрэн бүтэн авч ирсэн, хадгалж яваа улс орон олон бий.
-Манайх хаахна нь явна?
-Манайх эсрэгээрээ хөгжиж байна гээд устгаад байна шүү дээ. Мал аж ахуйгаа бэлчээргүй, усгүй болгож, малаа маллах уламжлалт арга ажиллагааг байхгүй болгон техникжүүлж байна.Тухайлбал, машин, мотоциклиор элдэж , харгис байдлаар малаа малладаг арчаагүй юм руу орчихсон. Техник хөгжиж байгаа ч өв уламжлалаа ингэж устгах ёсгүй. Малаа маллахгүйгээр бид юу идэж, ууж хаашаа явах юм бэ. Яаж амьдрах юм бэ. Тийм биз. Тэгвэл гадынхан Монгол руу тэмүүлж, судалж байна.
-Гадны судлаачид ямар дүгнэлт хийсэн байдаг юм бол?
-Дэлхий хөгжиж байгаа хүчирхэг эрин зуунд Азийн цээжинд үлдэх хүмүүс монголчууд гэж үзэж судалдаг юм байна. Дэлхийн сонголт Монголын нүүдлийн мал аж ахуйн өнөөгийн аргаас өөр арга байдаггүй юм байна. Байгалийнхаа энгийн байдалд зохицсон, монгол хүний амьдралыг авч явдаг төдийгүй дэлхийд цорын ганц аж ахуй гэж тогтоосон байдаг. Монгол Улс юугаараа өөр байв, монголчууд юугаараа дэлхийн хүмүүсээ өөр байсан бэ гэдэг. Хэзээ ч өөрчлөгдөөгүй зүйл бол таван хошуу мал. Өнөөдөр ч таван хошуу мал таван хошуу малаараа л явж байгаа. Хүнийг хуруу шилэнд үржүүлж өсгөж болдог бол ямааг тэмээ, адууг үхэр болгодог зүйл шинжлэх ухаанд бий болж чадахгүй.
-Ахмад настнууд, 70аас дээш насныхан өв соёл устаж байгаад санаа зовж хэлж ярьж байна гэлээ. Хэлж, ярихад ойлгож авч байгаа хүн байна уу?
– Монголын өвгөд дээдсийн бүтээж бий болгож өгсөн, энэ хүртэл авч ирсэн өв сангаа алдчихаар дараа нь хаанаас хайж хэнээс олж авах юм бэ. Бид хэн болох вэ. Өнөөдрийн залуу үе үүнийг мэдэхгүй байна. Морио эмээллэхээ ч мэддэггүй юм байна. Малаа маллах аргаас салж байна. Нутаг усаа мэдэхгүй байна. Хужир ямар учиртай вэ гэхэд тайлбарлаж чадахгүй таг болж байна. Мал хэдий хэрийн арга хүчтэйг асуухад мэддэг малчин алга. Энэ мэтчилэн мал аж ахуйгаасаа тасарчихсан юм их байна. Бас дээр нь танай сэтгүүлчидтэй холбоотой шүүмжлэлийг ч бас хэлчихмээр байна, болно биз дээ, дүү минь.
-Болохгүй гэсэн зүйл ч байхгүй л дээ?
-Чи өөрөө сэтгүүлч хүн. Бодоод үз. Монголчууд ахуйгаасаа тасраад байна, өв соёлоо өөрсдөө устгаад байна, энэ тухай үгээ хэлье, яриа хөөрөө өгье гээд очиход хүлээж авдаг хэвлэл, мэдээллийн байгууллага, сонины редакц алга. Дэмий балай зүйл ярилаа гээж хөөж гаргах нь холгүй. Зарим нь төлбөр мөнгө нэхэж ч байх шиг. Монголынхоо төлөө дуу хоолойгоо өргөж яваа хүнийг уг нь дэмжмээр дээ. Үүнийг сэтгүүлч, үзэг нэгтнүүддээ заавал хэлээрэй, дүү минь.
МОНГОЛ АДУУНЫ ТУХАЙ ТУСГАЙ ХУУЛЬ ГАРГАЯ
-Та жишээ хэлээч?
-Чингис хаан 800 жилийн тэртээ найман шарга мориороо дэлхийг тамгалан байж Их Монгол Улсын ханыг шийрлэсэн түүхтэй. Тэгвэл таван хошуу малын нэг нь тэр морь байгаа биз дээ. Түүнээс хойш Монголын түүхэнд тодорсон эх орончид Чингүнжав, Ард Аюушаас өгсүүлээд дандаа морин дэл дээр улс орныхоо төлөө зүтгэж явсан. Жанжин Д.Сүхбаатар 1921 онд Шивээ хиагтыг чөлөөлөхдөө морьтойгоо давхиж явсан. Түүнийг нь мөнхөлж хонгор морьтой хөшөөг нь босгосон. Тэнд морь байгаа, Д.Сүхбаатар явган сэлэм бариагүй биз дээ. 1943-1944 оны чөлөөлөх дайнд морьтон монгол цэргүүд ялалтыг авчирсан. Тэгээд төрийнхөө сүлдэнд монгол морио залсан. Тэгвэл одоо морио яаж хэрэглэж байна гэвэл, бас л гутармаар. Наргиан, цэнгээний хэрэгсэл болгочихсон.
-Яаж?
Хаана наадам болно, тэнд морь яаж зүдэрч, зовж байгааг үл хайхран тамлаж баясцгааж байна шүү дээ. Хөлөөрөө яваад байгалийнхаа жамаар даншигтаа хүрч наадаж байсан морийг элдэв тэжээл өгч, эм тариа шахаж байгаад машинд ачиж аваад баруунаас зүүн, зүүнээс баруун хязгаар хүрч наадам цэнгэл болгодог. Үүнийг дагаж, малаа малладаг , эдэлдэг аргаасаа салсан. Сайн чанарын адуу үржүүлэх, эдэлгээ даах хүлэг бэлдэх биш зөвхөн хурдан угшил руу хошуурч байна. Дээр нь монгол морио адуу гэдэг хэмээс нь алдагдуулж байна. Тиймээс монгол адууны дархлаа, харьцаа алдагдаж байна. Монгол адуу ингэж унаган төрхөө алдаж байна. Байгальдаа зохицсон унаган мал биш болж хувирч байна. Мал эрүүл байсан бол малаар дамжин малчид, хүмүүс өвчлөх хэмжээнд хүрсэн. Шүлхий, боом гэхчлэн гардаг, гардаггүй өвчлөл газар авлаа. Зөвхөн зах зухаас нь хэлэхэд ийм байна.
-Монголчууд морин эрдэнэ, хийморь гэж шүтдэг нь нээрээ өөр болоод байна. Та нэг уриалга хэлээч, хүмүүст хандаж?
-Морь бол молор эрдэнэ, монгол эр хүний хийморь, итгэлт анд нөхөр шүү дээ. Эртнээс ингэж хэлж, ярьж ирсэн. Монгол төрийн сүлдэнд мөнхөрсөн монгол адуугаа ёс бус байлгаж, харгис аргаар маллаж, зугаа цэнгэл болгож болохгүй гэж хэлье дээ.
МОНГОЛ ХҮН МОНГОЛООРОО БАЙХ ЖАНЖИН ШУГАМААС ХАЗАЙЧИХСАН
-Морь гэснээс тэмээ ч бас тоо толгой нь цөөрч байгаа амьтан. Таван хошуу малын маань нэг шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тэмээг монголчууд эртнээс ачлага, уналгад ашиглаж ирсэн. Жин тээж уяа сойлго нь таарсан тэмээ хэчнээн бээр газрыг ч туулаад ирдэг хүчирхэг амьтан. Гэтэл сүүлийн үед энд тэнд тэмээний уралдаан, наадам зохиож утга учрыг нь алдагдуулж байгаа. Тэнд л уралдуулж, ганган тэмээ, сайхан тэмээ гэдэг нэр авахын төлөө, үзсгэлэнд явж байдаг болжээ. Энэ мэтээр таван хошуу малын үндэсний дархлаа алдагдаж байна.
-Хүний дархлаа ч бас алдагдсан…?
-Тэр бүр ч ярилтгүй. Тухайлбал, монгол хүн монголоороо байх жанжин шугамаасаа гуйвж хазайсан. Дэлхийн шинжлэх ухаан гэдгийг дагаж эрин зууныг хэрчсэн төмрийн үе дээр ирчихсэн. Төмөр давамгайлчихсан. Хүн болгон оюунаа хурцалж, мэдрэмжээ сайжруулж ажиллахын оронд сэтгэдэггүй техникээр ажилладаг болчихсон. Гар утаснаас өгсүүлээд бүх хэрэглээ ийм. Хүн өөрөө сэтгэхгүй техникийн ард зүгээр сууж байдаг болсон. Энэ мэт олон гажуудал байна даа. Үүнээс гарах ёстой. Хүн өөрөө сэтгэж хийх учиртай болохоос төмрийн боол болох ёсгүй.
-Хөдөөгүүр явахад малчид ямар байдалтай угтаж авч байна?
-Гадаад хувцастай, машин унасан хүмүүс малчид гээд угтах юм. Дээлээ өмсөхөө байж, морь унахаа больчихож. Дандаа машин, мотоциклиор малаа хариулж байна.
-Та "Малчдын сайн дурын нэгдсэн чуулган” хийх санаачилга гаргасан байсан. Юу болсон бэ?
– Үндэсний түүх, соёл нүдэн дээр ингэж устаж байна. Энэ их үнэт баялаг бидэнд хаанаас ч ямар ч үнэ цэнээр олдошгүй хэдэн түмээр тоолж баршгүй зүйл юм. Монгол хүн монголоороо байж чадахаа байж, өв соёлоо гээлээ. Иймд би үүнээс үүдэж хэлэлцүүлэг өрнүүлье, ажил зохион байгуулъя гэж бодсон юм. Өвөрхангай аймгийн нутаг Орхоны хөндийд энэ сарын 19-20-нд уулзалт зохион байгууллаа. Бүх аймгаас төлөөлөл оролцлоо. Хөдөөгийн малчид, хөдөлмөрчид өргөнөөр оролцож санал бодлоо солилцсон өргөн дэлгэр уулзалт болсон. Цаашид нүүдэлчдийн ахуй соёлыг авч үлдэх, хамгаалах чиглэлээр ажил өрнүүлнэ.
-Монголчууддаа хандаж юу хэлэх вэ?
-Малчид, монголчууд маань Монголоо гэсэн сэтгэлээ бас чиг гээгээгүй. Сэтгэл их байна, бэлэнчлэх сэтгэлгээ газар авсан байна. Монгол хүн монголоороо байж, нүүдэлчин өв соёлоо авч үлдэх ёстой юм шүү. Монголоороо байцгаая.
ОВГИЙН БИЧГИЙГ СЭРГЭЭЖ УРАГ УДМАА МЭДЭХ ЁСТОЙ
-Та бас монгол хүн ургийн бичиг хөтлөх, овогоо мэдэх тухай хэлсэн. Тэр талаараа тодруулахгүй юу. Хүмүүс хэр мэдэж байна?
-Монголчууд нэг үе ургийн бичгээ хөтөлж байсан уламжлал түүх бий. Манжийн дарлалын үед бүгдийг устгасан байдаг. Түүнээс зугтаалгаж, энд тэнд нууж хаасан зүйлүүд бий. Түүнийгээ одоо тал тал тийш хөөцөлдөж илрүүлж байна. Овгийн бичгийг хөтлүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг бий. Засгийн газрын 257 дугаар тогтоол байдаг. Төр тогтоол, шийдвэр гаргасан атлаа хэрэгжүүлдэггүй. Ард түмэн ч хөтлөх аргаа мартчихсан. Яриад хэлээд өгдөг хүн байдаггүй. Ийм болчихсон байсан. Сүүлийн үед сэргэж байна. Төрөл садангаа мэдэхгүйгээс цус ойртох, төрөл садан хоорондоо суух муу талтай шүү дээ. Хөдөөгүүр ийм асуудал зөндөө л байгаа. Үүнээс болгоомжлох хэрэгтэй байна.
Олон жишээгээр дурдаж болно. Монголчууд VII эсвэл VIII зууны үед ямар амьдарч байсан бэ гэдгийг янз бүрээр авч үздэг. Газрын хэвлийд мөнх нойрссон хаадын булш бунхныг ухаж, ямар соёл, ёс заншилтай байж вэ гээд хайгаад яваад байдаг. Бүх судалгааг харж байхад манайхаас хамгийн давуу байдалд, өв соёлоо алдаагүй явж ирсэн гадаадын улс орнууд байдаг.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих