АН-ынхан
өчигдөржин хуралдав. Үргэлжлүүлж хэсэг бүлэгээрээ цугларалт маягийн юм
болов. Гурван асуудал дээр төвлөрч ярилцжээ. Нэгдүгээрт өнгөрсөн
тавдахь өдрийн орой хуралдаж УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаасаа хөөсөн
Хяналтын ерөнхий хорооны шийдэл зөв үү? Хоёрдугаарт өнөөдөр хуралдах
Төрийн байгуулалтын байнгын хороонд АН-ынхан суух уу? "Давхар дээл"-ээ
тайлах уу? Гуравдугаарт Хуул зүйн сайд Х.Тэмүүжинг хамгаалах уу?
явуулах уу? гээд маргаантай асуудлыг тал талаас нь ярилцаж. Эцэстээ
маргалдсаар зарим асуудлууд дээр нь шийдэлд хүрээгүй гэж эх сурвалж
хэллээ.
Эдгээр асуудлаас УИХ-ын гишүүдийг хамгийн их
талцуулсан нь УИХ-ын Р.Бурмааг хөөх шийдвэр байжээ. УИХ-ын нилээд нь
зөв гэсэн бол цөөнгүй хэсэг нь Р.Бурмааг хамгаална гэж ил тод хэлжээ.
Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Ардчилсан Монгол Улс асуудлыг
олонхи, цөөнхийн зарчимаар л шийдвэрлэдэг. Харин манай Ардчилсан нам
олон ургалч үзлийг хааж байна. Олон ургалж үзлийг УИХ-ын гишүүнээ хөөх
шийдвэрээр шийдэж байна. Үндсэн хуулиас давсан намын дүрэм, Үндсэн
хуулиас давсан Хяналтын ерөнхий хорооны шийдвэр гэж юу байдаг юм бэ?
Үндсэн хуулийн дээр гараад суусан Хяналтын Ерөнхий хорооны гишүүд гэж
хаана байсан юм бэ?" хэмээн байрь сууриа илэрхийлжээ. Бас зарим гишүүд
нь "УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халддаг Хяналтын Ерөнхий хороо гэж байх
ёсгүй. Хяналтын Ерөнхий хороо огцрох ёстой. Ардчиллыг, Ардчилсан намыг
муухай харагдуулж байна" гэжээ. Харин нөгөө хэсэг нь "Хяналтын Ерөнхий
хороо дүрэмээ биелүүлсэн. Бодлогоо дагахгүй байж намын листээр гишүүн
болно гэж юу байдаг юм бэ? Бодлогоо дагадаг хүнээ гишүүн болгох ёстой"
гэх мэтээр маргаан өрнүүлжээ. Эцэст нь асуудлыг ҮЗХ-ны хурлаар хэлэлцэх
ёстой гэжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Р.Бурмааг хөөх
асуудал ихээхэн эргэлзээтэй байдалд оржээ.
Учир нь Р.Бурмааг
АН-ын нөлөө бүхий гишүүн болох УИХ-ын дарга З.Энхболд, сайд Х.Баттулга
хоёр өмгөөлжээ. Хэрэв энэ хоёр эрхэм өмгөөлж байгаа бол Р.Бурмааг
хөөнө гэдэг үлгэр болоод дуусах шинжтэй. Сайд Х.Баттулга "Р.Бурмааг
тэгж ч хөөхгүй шүү. Тийм ч амархан юм гэж юу байдаг юм бэ? Хэрэв
Р.Бурмааг хөөвөл би АН-аас гарна" гэсэн утгатай үг хэлсэн гэж эх
сурвалж мэдээлэв. Ингээд Р.Бурмааг АН дахь Зүүний хүчний холбоо, МоАХ
хамгаалах нь тодорхой боллоо. Тэд "АН-ыг гудманд байхад л Р.Бурмаа
Сонгогчдын боловсрол төв гэж ардчиллын төлөө гүйж байсан. МАН-ын булхай
луйварын төлөө хэн тэмцэж байсан Р.Бурмаа тэмцэж байсан. АН-ын төлөө
хэн орилж байсан Р.Бурмаа. Одоо тэгээд яагаад байгаан" гэх мэтээр
бухимдах хэсэг ч гарч иржээ.
Ингээд Р.Бурмааг хөөх гэсэн
хэсэгийнхний сонирхол нэг л бүтэлгүй болоод иржээ. Энэ үйл явц
Р.Бурмаагийн нэр хүндийг өргөж АН-ын рейтингийг сулруулахад их хувь
нэмэр боллоо гэж ажиглагчид үзэж байна. Тэдний тайлбараар бол энэ
маргаан Р.Бурмаа УИХ-даа үлдэж, харин АН-ын Хяналтын Ерөнхий хорооныхон
солигдсоноор дуусах магадлал нь илүү гэнэ.
new
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих