Яагаад ч юм бэ, Өвөр монголын тухай, өвөр монголчуудын тухай бичмээр
санагдлаа. Манжийг дагасан, муусайн урвагч, хужаагийн эрлийз гээд бид
нар явж өгнө өө. Үнэндээ тэдэнд манжийг дагахаас өөр сонголт байгаагүй.
Амар амгалан ирээдүй л чухал. Тэд тэнэг байгаагүй. Сайн дураараа буфер
бүс болоогүй.
Тэд үнэн сэтгэлдээ хойт насандаа Халх Монголын
оронд унага ч хамаагүй болж төрнө гэж ерөөл тавиад, үрэгдэх амийг
хайрлаагүй. Тэнд судалгаа хийж, тэдэнтэй найзалж нөхөрлөж явахдаа би
өөрийгөө ямар өчүүхэн, хувих хичээсэн хүн болохоо л мэдэрсэн.
Нэг ч гэсэн монгол хүний хийсэн номыг гал голомт руугаа явуулна гээд
хайр харамгүй өгсөн. Авч ирсэн. Бид хариуд нь зөрүүлээд сэтгэл рүү нь ус
л цацдаг. Тэглээ гээд тэд зогсохгүй. Харин бид л их гэмших байх даа.
Цахарын Шулуун хөх хошуу буюу Хувилай хааны дээд нийслэл Шанд (алдарт
Xanadu) хотын тайлбарлагч Дүншиг гэж тал нутгийн эрдэмтэн бий. 80 хүрч
яваа хөнгөн шингэн. Насаараа багш хийсэн. Нутаг орны түүх, Шанд хотын
түүхийг ч нэг өнгөтөөр ярьдаг хүн. Өртөө улаа, зам гудас, бэлчээр
мэдэхгүй юмгүй хүн л дээ.
Монголд нэг ирээд хэдэн өдөр би хөтөч
болж явлаа. Анх удаа ирсэн хүн л дээ. Зайсан толгой дээрээс
Улаанбаатар хотыг хараад, дуу алдаж билээ. "80 насаллаа. Монголынхоо
голомтонд ирлээ.
Туулын уснаас амслаа. Үхэхдээ яг эндээс харж
байгаа шиг харвал лавтайяа Улаанбаатарт төрнө дөө" гэж хэлээд хагас
өдөр болж билээ. Саяхан утасдаж байна. Шанд хотын жуулчлалын ажил нь
эхэлсэн гэнэ. 20 жил музей тайлбарлагч хийж байгаа хүн. Энэ хүн шиг л
амьдрахсан.
Миний хамгийн сайн найз бол яруу найрагч
Ринчиннямын Сэцэнцогт. Л.Хүрэлбаатар багшийг Японд хичээл зааж байх үед
тэнд Басёгийн хайкугийн сургуульд сурч байсан. Монголд ирэхэд нь дагаж
ирээд ном заалгаж байтал багш таалал болсон. Тэгээд л багшийнхаа ажил
явдлын үеэр танилцаж билээ.
Хоёулаа хамтдаа Хар хорин хот явж,
багшийнхаа хойноос буян үйлдсэнээс эхлээд, хөдөө гадаа хэдэн жил хамт
нийлж, аялсан. Чанчун бумбын зам, Хар хорин Шандугийн зам гээд олон
чиглэлд үзсэн дээ. Туулын эрэг дээр сууж, шүлэг бичнэ. Эхнэртээ зориулж
бичсэн "Бид хоёрын дундуур Туул гол л урсдаг" гэдэг шүлэг нь "чика”.
Нутаг буцаад жил болж байна аа.
Мань хүний ажигч гярхай малч
нүдээр Монголын амьдралаа тольдон харах ч үнэн чика шүү. Удахгүй энэ
олон найз нар тарилуудынхаа тухай "Миний өвөр монголчууд" гэж ном бичих
санаа байна. Л.Хүрэлбаатар багш минь Үндэсний номын санд ирсэн Өвөр
монгол номуудыг шүүлгэж, 1920-оод оноос 1995 он хүртэлх ихэнх номуудыг
нэг барьж авах боломж гарсан билээ.
Өвөр монголчууд асар их
буянч. Хайлаарын Соёлмаа эгч, Төмөрөө ах хоёр бол манай Монголын төвд
судлалын цувралыг анх өглөгийн эзэн болон эхлүүлсэн улс. Багшийн минь
хойноос буян хийж, нэгэн сайн үйл хийе гэж ирэхэд нь л бид азаар
тохиолдсон хэрэг л дээ.
Тэгэхэд л багшийн нэр алдар бидэнд
төдийгүй Өвөр монголд хичнээн өндөр болохыг мэдэж билээ. Одоо ч гэсэн
Өвөр Монголд "Хүрэлбаатар докторын шавь" гэдэг нэр л надад асар их
нөмөр нөөлөг болдгийг заавал дурдах хэрэгтэй. Олон академич,
докторуудыг бол тэнд хэн ч таньдаггүй.
"Огторгуйн цагаан гарди"
ном нь л тэнд хамгийн алдартай. Монгол хэлний найруулга зүй бичлэгийн
орчин үеийн сонгодог бүтээл гэж үздэг юм даа. Энд бол бараг мартагдаж
байна даа. Тэнд энэ номыг бурхныхаа оронд залсан айл ч бий. Багш минь
ийм л эрдэмтэн байсан юм даа.
Ланжуугийн Баруун хойтын их
сургууль, Өвөр монголын их сургууль, Багшийн их сургууль, Бээжингийн
Ардын их сургууль, Төвийн үндэсний их сургуульд бол Л.Хүрэлбаатар
багшийн лекц уншсан, юу хэлсэн, юу сургасан бол бүх эрдэмтдийнх нь
цээжинд бий. Багш минь ийм хүн эрдэнэ билээ.
За тэгээд өвөр
монголчуудыг хараан зүхдэг улсуудад нэг хэлэх хэдэн үг байна. Олон хүн
дунд ямар ч хүн таарна. Хүний адаг хулгайч луйварчинтай нь таарсан бол
чиний л буяны хэмжээ. Тэдэнд өртэй байснаа л төлсөн байна. Нөгөө талаар
чи ч түүнээс нэг их дээрдэх юм алга.
Японд, Америкт, Европт
хаана ч тэр өвөр монголчууд яг л төвдүүд шиг орох орон оочих аягагүй
явж байгаа. Тэдэнд Монголд ирэх боломж байгаа ч бидэнд итгэхгүй байна.
Худлаа мэдэмхийрч шүлсээ үсчүүлсэн нөхдийн хов хор хийрхэлээс болж, хэд
хэдэн хүнийг Хятадад буцаан өгөөд байгаа. Нөгөө ертөнц руу явуулжээ
гэсэн үг.
Ноднин жил нэг цахар залуу Цэнгэл шоронд 30 хоног
өлсгөлөн зарлахад хэн ч хөдлөөгүй. Гурван цаг ч өлсөж чадахгүй нялзрай
билээ, бид. Чи өөрөө хэн бэ? Тийм хүнтэй уулзана. Ядаж энэ Цэнгэлдээ
нэг иргэншил өгчих юмсан даа. Цахар үгүй цэрэг босдоггүй.
Цааз
үгүй улс тогтдоггүй гэдэг үгийг бодитоор нь харуулсан хүн. Эрүүл
мэндийн хувьд их л хэцүү байгаа л даа. Амьдад нь нэг алтан соёмботой
паспорт атгуулчих юмсан. Монгол хүн болж төрөх ийм л үнэтэй юм шүү дээ.
Үхээд ч боломж олдохгүй байж мэдэх. Нэр төрөө хайрла. Уужуу бай.
Өвөр монгол бизнесмэнүүдийг их харж харьцуулдаг л даа. Манайхан хажууд
нь өлсгөлөн гөлгөн чонын насан дээрээ яваа юм билээ. Тэд бол буян хийх
боломжийг маш их чухалчилна. Луйвар гуйвраар баяжаагүй цэвэр
хөдөлмөрөөрөө хөлжсөн учраас энэ боломжоо урьдын хийсэн буяны үр гэж
ойлгохоос ямар нэгэн тендер хуулийн цоорхой гэж ойлгодоггүй.
Буян хийлээ гэхэд хэрэгтэй зүйл бодитой зүйлд хийхээс бус, үр ашиг
муутай зүйлд хийхгүй. Ламыг шүтэх боловч, мэргэлүүлж, түргэлүүлэхгүй,
нүглийг хахуульдаж гүрэм дором хийлгэхгүй ээ. Шашнаар дамжаад, ламаар
дамжаад бусад олон хүнд хэрхэн тус болохыг л эхрэмлэдэг. Манайхан ч 10
гаран жилийн дараа л тэдний түвшинд очих байх даа.
Судлаач Г.Ням-Очир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих