Арав орчим тэрбум төгрөгийг хууль бусаар завшсан "Цэвэр агаар” сангийн захирал болон бусад удирдлах ажилтнуудтай холбоотой хэрэг өнгөрсөн өвлийн турш олны анхаарлын төвд байв. Харин уг хэрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа холбоотой гэдэг мэдээлэл олны сонорт саяхан хүрээд байна. АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөр "А.Саранзаяаг төрийн өндөр албан тушаалтнуудтай хамтарч, хууль зөрчин, хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Харин улсын мөнгө зувчуулсан хэрэгт хоригдон шалгагдаж байгаа "Цэвэр агаар” сангийн зарим ажилтнуудын ар гэрийнхэн А.Саранзаяаг энэ хэрэгт холбоотойг шүүх хурал дээр л мэдсэн. А.Саранзаяа нялх хүүхэдтэй гэх шалтгаанаар нэг ч удаа байцаалт, мэдүүлэг өгөөгүй, бас шүүх хуралд ирээгүй гэдгийг хэлж байгаа юм. Түүгээр зогсохгүй А.Саранзаяагийн хэргийг бусдынхаас нь тусгаарласныг Ерөнхий сайдын нөлөө орсон гэж хардаж байгаагаа нуугаагүй. АТГ-ынхан энэ талаар "Цэвэр агаар сан"-гийн хэргээс гадна өөр албан тушаалтнуудтай холбогдуулж шалгах зүйл байгаа учраас тусгаарлан, өдгөө үргэлжлүүлэн шалгаж байгаа. Түүний хувьд өөр нөлөө бүхий хүмүүстээ нийлж мөнгө завшсан нь тогтоогдоод байгаа" гэсэн тайлбар хийжээ.
Ийнхүү асар их хөрөнгө мөнгө завшсан хэрэгт холбогдоод байгаа А.Саранзаяа гэж хэн бэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхны эхнэр Л.Ганчимэгтэйгээ ханилж нэг хүү, хоёр охинтой болжээ. А.Саранзаяа тэдний бага охин нь юм байна. Н.Алтанхуяг сайд шинээр амьдрал зохиосон ч анхны эхнэр болон хүүхдүүдээ маш сайн харж үздэг, тэдэндээ Сонгинохайрхан дүүрэгт гурван давхар тансаг зэрэглэлийн хаус барьж өгсөн ажээ. Түүгээр зогсохгүй бага охин А.Саранзаяагаа ажилтай байлгахад ихээхэн анхаарал тавьж ирсэн баримт байна. Эцэстээ тэр их "халамж” нь охиныг нь хууль шүүхийн хаалга татахад хүргэсэн бололтой.
А.Саранзаяа Сангийн яамны Төрийн төлбөр тооцооны мэргэжилтнээр ажилладаг. Тэрээр "Цэвэр агаар” сангийнхны хуурамч төлбөр тооцоог мэддэг, нэг ёсондоо хам хэрэг үйлддэг байсан ажээ. Тэрээр Төрийн санд ажилд орохоосоо өмнө Стандартчилал хэмжил зүйн газарт "ажиллаж” байсан юм байна. Энд хашилт хэрэглэсний учир нь А.Саранзаяа тус агентлагт нэг ч өдөр ажиллаагүй. Зүгээр л тушаал гаргуулан ажилд орж, тушаал гаргуулан гачигдлын улмаас гэсэн шалтгаанаар чөлөө авч, улмаар түүнийгээ амаржсаны чөлөө болгуулжээ. Энэ бүхэнд тухайн үед Тэргүүн шадар сайд байсан аав нь шууд нөлөөлж, ногоон гэрэл асааж өгсөн байна. Баримт түшье.
Баримт-1
2009 он. Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд байхдаа өөрийн шууд мэдлийн агентлагийн нэг болох Стандартчилал хэмжил зүйн газрын даргыг ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, оронд нь өөртэй нь хамт Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан Г.Энхтайваныг түр томилжээ.
2010 он. Н.Алтанхуяг найздаа албан тушаалын бялуу хүртээснийхээ хариуд охиноо Стандартчилал хэмжил зүйн газарт ажилд оруулжээ. Тус газрын Стратегийн удирдлага, төрийн захиргааны хэлтсийн Санхүү, аж ахуйн албанд хангамжийн инженерээр Алтанхуяг овогтой Саранзаяаг 2010 оны тавдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилсугай хэмээсэн тушаал гарсан байна.
Баримт-2
Дээрх тушаал гарснаас 11 хоногийн дараа буюу 2010 он тавдугаар сарын 17-нд А.Саранзаяагийн эмээгийн бие муудаж асран халамжлах шаарлагатай болж хүсэлтээ гаргасан учир тавдугаар сарын 12-ноос эхлэн 21 хоногийн цалингүй чөлөө олгосугай гэсэн тушаалыг Н.Алтанхуяг сайдын найз Г.Энхтайван мутарлажээ. Гэтэл хэрэг дээрээ эмээгээ асрах шалтгаанаар чөлөө авсан А.Саранзаяа нь жирэмсэн байсан бөгөөд уг тушаал гарахын өмнөх өдөр буюу тавдугаар сарын 16-нд амаржсан байжээ.
Баримт-3
Нэг удаа худлаа хэлэхэд дахин хэдэн арван удаа худлаа хэлэх шаардлагатай болдог гэдэг үг бий. Стандартчилал хэмжил зүйн газрын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайван хуурамч тушаал гарган Тэргүүн шадар сайд найзынхаа өнөө маргаашгүй амаржих шахсан охиныг ажилд авснаас болж гурав дахь хуурамч /хууль бус/ тушаалаа гаргахаас өөр аргагүй болжээ.
2010 оны зургадугаар сарын 10-ны өдрөөр огноолсон тушаалдаа тэрээр Тус газрын Стратегийн удирдлага, төрийн захиргааны хэлтсийн Санхүү, аж ахуйн албанд хангамжийн инженер Алтанхуяг овогтой Саранзаяа 2010 оны тавдугаар сарын 16-нд амаржсан тул амаржсаны болон хүүхэд асрах чөлөөг 2010 оны зургадугаар сарын 07-ны өдрөөс олгосугай хэмээн дурджээ. Ажилд томилогдонгуутаа арав хоногийн дараа эмээгээ асрахаар чөлөө авсан А.Саранзаяа ийнхүү хүүхэд төрүүлсэн болж таарчээ. Өөрөөр хэлбэл тухайн үед Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг өөрийн эрх мэдлээ ашиглан арав хоногийн дараа амаржих гэж байсан охиноо Стандартчилал хэмжил зүйн газарт "ажилд оруулж”, амаржсаны нь дараа тэтгэмж олгуулах арга сэдсэн нь энэ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд байхдаа ийнхүү төрсөн охиноо төрийн агентлагт хууль бусаар ажилд оруулж байсан бол Ерөнхий сайд болмогцоо охиныхоо ажил, албан тушаалыг эрс дээшлүүлэн Сангийн яамны Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн болгосон нь аав хүний халамж гэхээсээ илүү албан тушаалаа ашиглан ашиг хонжоо олон гэсэн алсын хараа байсан ажээ. Ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр А.Саранзаяа 2010 онд хүүхэд төрүүлснээс хойш дахин төрөөгүй. А.Саранзаяа хүүхдээ ой гарантай болмогц 2011 оны сүүлээр, магадгүй 2012 оны эхээр Сангийн яаманд ажилд орсон гэнэ. Тиймээс "Цэвэр агаар” сангийн хэрэгт холбогдсон ч байцаалт өгөх, шүүх хуралд суухаас зайлсхийж нялх хүүхэдтэй гэдэг шалтаг хэлж байгаа нь үндэслэлгүй бололтой. Ард түмэнд хардах эрх бий. Нэгэнт Засгийн газрын тэргүүн хэрэг төвөгт нэр холбогдсон охиныхоо талаар тайлбар мэдээлэл хийхгүй байгаа энэ нөхцөлд хардах эрхийнхээ хүрээнд хэлэхэд Ерөнхий сайдын охин улсын их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон ч аавынхаа нөлөөгөөр сугарч үлдэх арга саам хийж байна уу гэх хардлага төрж байна.
Г.Ууганбаатар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих