Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн умард хэсэгт байрлаж Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баян-Уул сумдтай нутаг залган, ОХУ-тай 58 км нутгаар хиллэсэн 623.7 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай сум юм. Сумын төв Наранбулаг нь Улаанбаатар хотоос 669 км, Чойбалсан хотоос 176 км зайтай оршдог. Дорнодын тэгш өндөрлөг талын баруун хойд хэсэгт хамаарна.
Ихэнх нутаг нь далайн түвшинээс дээш 900-1000м, хамгийн нам дор газар Улз голын хөндий 760 км, хамгийн өндөр Халиун уул 1378 м-т байрладаг. Өнөөдөр манай сум 757 өрхийн 2936 хүн амтай, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 4 багтай.
Баяндун сум БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1925 онд Монгол улсын орон нутгийн захиргааны дүрмийн 33 дугаар заалтыг баримтлан 9 баг, 192 өрхтэй байгуулагдаж, Хан Хэнтий уулын аймагт харъяалуулсан байна.
Шинэс, нарс, хус, улиас, бургас голчлон ургадаг 27978 га ойн сан, 964 га талбай бүхий нуур, цөөрөм, гол горхийн усан сан бүхий байгальд нь чоно, үнэг, бор гөрөөс, буга, зээр, тарвага, гахай, дорго, илбэнх зэрэг ан амьтан, жигүүртэн шувуудтай. Мөн алт, цайр, хар тугалга, уран зэрэг ашигт малтмалын үлэмж нөөцтэй нутаг юм.
Баяндунчуудын эдийн засгийн үндэс нь мал аж ахуй, төмс хүнсний ногоотой хослон эрхэлдэгт оршино. Сумын хэмжээнд 137529 толгой малтай болж адуу өмнөх оныхоос 3425 толгойгоор өсгөж, 35 га талбайд төмс хүнсний ногоо тариалж жилд 70-110 тн ургац хураадаг.
Улз голын буриад хошууны төв болох Баяндун суманд 1923 оны 3 дугаар сард 30 орчим сурагчидтай, анхны бага сургууль байгуулагдсанаас хойш эдүгээ 2700 гаруй боловсон хүчин бэлтгэгдсэн. Манай сумаас Монгол улсын анхдагч 8, Монгол улсын Хөдөлмөрийн баатар 6, ардын цолтон 2, төрийн шагналтан 3, гавъяат цолтон 13, эрдэмтэн доктор 32, партизан 1, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 3, саятан нисгэгч 2, Яам агентлагийн сайд дарга, орлогч дарга 18, генерал ахлах офицер 7, спортын мастер 6 тус тус төрсөн байна.
Манай нутгийн уугуул иргэн гавъяат хуувьч, түүхийн ухааны дэд эрдэмтэн, дипломатч, дэслэгч генерал Базарын Цэдэн-Иш 2006 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдав. Мөн "Дун-Эрдэнэ” ХХК-ийн захирал Лүүрэвийн Лхагвасүрэн 2007 онд Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор, мөн хугацаанд Д.Цэрэнханд, Н.Хүрэлбаатар нар Алтангадас одонгоор, С.Алтансувд, Д.Цэрэнжав нар Байгаль орчны тэргүүний ажилтан, Г.Цэрмаа, Б.Балдорж, А.Гарамсад нар Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдлаа.
Жамп ХХК-ийн хөрөнгө оруулалтаар сансарын интернет холбооны INCOMNET станц 2007 онд ашиглалтанд орж, 2009 оны 5 сард сумын Засаг даргын Тамгын газрын бүх өрөөнд дотоод сүлжээ тавьж, интернетийн үйлчилгээнд хамрагдаж тайлан мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай дамжуулж байна. "Монгол шуудан” банкны салбар нээгдсэн нь малчид иргэдэд ашиг тусаа өгч байна. 2008 оны 8 сард Соёлын төвийн өргөтгөл хийгдэж дуусан нээлтээ хийж, тогтмол үйл ажиллагаатай ажиллаж байна. Мөн Мобиком, ЖиМобайлийн үүрэн телефоны станц ашиглалтанд орж харилцаа холбооны өндөр дэвшил гарлаа.
Сумын төв 2008 оны 12 дугаар сарын 28-нд Төвийн эрчим хүчинд холбогдож, нутгийн хөгжлийн ирээдүйд хийсэн томоохон хөрөнгө оруулалт боллоо. 2009 онд Тогтворвой амьжиргаа-2 төслийн 43.0 сая төгрөгийн санхүүжилтээр 4 душ, саунтай нийтийн халуун усны барилгын ажил дуусч өдөрт 25-50 иргэдэд байнгын тогтмол үйлчилгээ үзүүлж байна.
"Петровис” компанийн хөрөнгө оруулалтаар 2009 оны 5 сард сумын ШТС-ын барилгыг шинэчлэн тохижилт хийж эрчим хүчинд холбон, цахилгаан тоолуурт түгээгүүр тавин үйлчилж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих