Улаанбаатар хотыг дэлхийг жишигт хүрсэн гэж ярьдаг болоод удаж байна
даа. Хүн ам, автомашины хэмжээ, хэрэглээний тансаг түвшин, өндөр
барилгууд гээд бүх л юм байна. Нөгөө талаас томоохон суурьшилд тохиолдож
болох бүхий л бэрхшээл бий. Замын түгжрэл, утаа, хөрсний бохирдол гэх
мэт нэрлэж болно. Энэ зэргийн зовлон зөвхөн манайд ч биш дэлхийн
томоохон хотуудад байж л байгаа.
Харин хил давсан бүхний амаа олохгүй магтаад ирдэг тэр сайхан хот болоход юу дутаад байна вэ. Өндөр барилгууд баригдаж, зам гүүр сайжирч байгаа боловч гадаадын томоохон хотуудын төрхийг олоход ямар нэгэн ая дан дутагдаад байдаг даа. Амьдрал сайхан байна гэж харах өнгөт дэлгэцийг сааралтуулаад байдаг нь утаа биш бидний сэтгэхүйд байгаа юм.
Тухайлбал, дуут дохио байна. Автобуснуудын чанга дуут дохионд цочоогүй хүн ер бий болов уу. Зүрх судасны өвчтэй болон жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ тун муу нөлөөтэй. Гэтэл тэртэй тэргүй түгжрээн дунд явж байж дуут дохиогоо чадлаараа балбаж байгаа нь харамсалтай. Мөн нийтийн үйлчилгээнд явж байгаа юм чинь тоормозныхоо чихарсан дууг арилгаж болмоор санагддаг. Энэ мэт нь биднийг амар амгалан бусдын жишигтэй явахад саад учруулаад байгаа юм. Хувийн юмыг биш гэхэд хувьсгалынхаа унааг соёлтой болговол удирдах хүмүүс иргэдээсээ оноо авах боломж байна.
За тэгээд суудлын жижиг тэрэгнийхээ дуут дохиог байрны голд орилуулж хүн дууддаг мөн цагдаа, эмнэлгийн машинууд албан үүргээр шуурхай яваагүй үедээ ч түгжрэлд орохгүй гэсэндээ дуут дохиогоо хангинуулдаг биш гэж үү. Эрхүүд хуримаа хийж байгаа хосууд өргөн зам дээр гарч бөөнөөрөө зургаа авхуулахад ард нь бөөгнөрсөн машинуудын нэг нь ч дуут дохиогоо дарахгүй хүлээж байдаг. Гэтэл Оросыг Европтоо хамгийн бүдүүлэг гэлцдэгсэн. Аль эсвэл Япон, Солонгост авто зам дээр унадаг дугуйтай хүн явж байхад ард нь чимээгүй л дагаж явдаг автомашинуудын тухай бид гайхшран ярьдаг. Тэд бусдыг хүндэтгэдэгтээ биш өөрсдийгөө амар амгалан байлгаж сайхан нийгмийн нэг хэсэг гэдгээ ухамсарлаж байгаа хэрэг. Энэ нь л бидэнд дутагдаад байгаа зүйл болов уу.
Ж.Энх /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих