Сүүлийн үед Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Энхтайваны Бат-Амгалангийн талаар таагүй мэдээлэл сонсогдох боллоо.
Баянзүрх дүүргийн Ардын намын хороог удирдаж байгаа энэ эр хэн гэгч вэ?
Тэрээр есдүгээр сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүрэгт зам тээврийн осол гаргажээ. Энэ талаар Улаанбаатар хотын ЗТГХМШХ-ийн хэрэг бүртгэгч, ахмад Х.Эрдэнэтуултай уулзаж тодруулахад "Улаанбаатар хотод гарч байгаа зам, тээврийн ослын дуудлага өдөрт их байгаа. Бид ачааллаа даахгүй байгаа учир зарим иргэдийн гаргасан замын осол, зөрчлийг дүүргүүдэд, тухайлбал, Хан-Уул дүүрэгт хуваарилсан. Тиймээс та Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ОНХХ болон Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсийн ахмад н.Бямбадорж нараас энэ тухай мэдээллээ тодруулаарай” гэв.
Энэ сарын 26-ны өдөр Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ОНХХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Энхбатаас Э.Бат-Амгалантай холбоотой асуудлаар тодруулахад " Зам, тээврийн осол, зөрчлийн талаар өдөрт дээд тал нь 300 орчим дуудлага ирдэг. Энэ сарын 25-ны өдөр 240 орчим дуудлага ирсэн. Тиймээс таны онцолж асууж байгаа хүнтэй холбоотой мэдээллийг манай Хэрэг бүртгэх тасгийн даргаас асуух хэрэгтэй” хэмээн хэлээд, цагдаагийн дэд хурандаа О.Баттөртэй уулзуулж, онцолж буй асуудлыг танилцуулав.
ЗТГХМШХ-ийн Хэрэг бүртгэх тасгийн дарга О.Баттөрөөс "Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын дарга Э.Бат-Амгалан согтуугаар машинаа жолоодож яваад хүн дайрч, гэмтээсэн тухай мэдээлэл манай сайтад ирсэн юм. Энэ хүн замын зөрчил гаргаж, хүн дайрсан нь үнэн юм уу. Гэмтэл авсан хүн нь Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юу. Дайруулсан хүний талаар мэдээлэл өгөх боломжтой” гэж асуухад "Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан гэх хүн энэ сарын 19-ны өдөр зам, тээврийн осол гаргасны улмаас шалгагдаж байгаа. Гэхдээ хоёр машин мөргөлдсөн байгаа юм. Нөгөө талын зорчигч нь Туул гэх эмэгтэй бүртгэгдсэн байна. Энэ зөрчлийн дагуу Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, ахмад н.Бямбадорж шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа учир эцсийн хариу гараагүй. Тиймээс нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өглөө.
Ингээд Хан-Уул дүүргийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн ахлах байцаагч, ахмад н.Бямбадоржтой утсаар холбогдож, энэ асуудлаар дахин тодрууллаа. Тэрээр хэлэхдээ "Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан гэх хүн зам, тээврийн осол гаргасан нь үнэн. Одоо мөрдөн байцаалт шалгалтын явцтай байгаа. Мөрдөн байцаалтын шалгалт шийдэгдсний дараа Прокурорт шилжинэ. Хэрэв Прокурор эрүү үүсгэвэл дахин шалгагдах юм. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдэгдлээ.
Олон түмнээс сонгогдож ялсан, бүхэл бүтэн намын дарга хүн олон нийтийн зам тээврийн хөдөлгөөнд биеэ хэрхэн авч явдаг нь эндээс тодорхой харагдаж байна.
Удахгүй орон нутгийн сонгууль болно. Гэтэл МАН-ын дарга Э.Бат-Амгалан ийм асуудалд орох гэж дээ. Олон нийтийн газарт биеэ зөв, боловсон авч явж сураагүй хүн хамгийн олон хүн амтай дүүргийн намын хороог удирдаж чадах уу.
Ер нь түүнийг дүүрэгтээ намын хурлаа хийхдээ залилан маягаар хийдэг гэсэн олон түмний ам дамжсан мэдээлэл байдаг. Энэ хүн яаж Баянзүрх дүүргийн МАН-ын дарга болсон нь их сонирхолтой. Ийм ёс зүйгүй хүн Нийслэлийн төлөөлөгч байж болох уу.
Тэрээр БЗД-ийн намын дарга дүүргийн засаг дарга асан Б.Мөнхбаатарын урд, хойно нь орж байж Чингэлтэй дүүргээс Баянзүрх дүүргийн МАН-ыг удирдах болжээ. Залилангийн аргаар ажлаа амжуулж явдаг нь үнэн юм бол Цагдаагийн байгууллага зам тээврийн осол гаргасан энэ хүнийг давхар шалгах ёстой болов уу. Ер нь аливаа осол зөрчил цаанаа учиртай байдаг. Ямар нэгэн хууль бус үйл ажиллагааг далдуур хийдэг нь илрэх гэж л ийм зөрчлүүд үүсдэг шүү дээ. Хууль ёсыг сахиулдаг хуульч, мөрдөн байцаагчид эрх биш ийм нөхцөл бүрдэлтийг онцлон ялгахаа мэдэх байлгүй дээ.
www.ulsturch.mn Сэтгүүлч Б.Баярмаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих