Ялангуяа өвс сайтай Дорнод Монголын талаар нэг Хятадууд байгаа тухай иргэд мэдээлж байна.
Зарим нь бүр хадлан хадах газартаа хашаа зоож нутгийн иргэдийг оруулахгүй байгаа сурагтай. Дээрээс нь техник тоног төхөөрөмж нь дахин өвс ургах боломжгүй болгодог гэх яриа гарч байна. Нээрээ л Дорнодоос Улаанбаатар орох замд хэдхэн километр тутамд Хятадын өвс хадагч машинууд, боодол, боодол өвснүүд талын нэгээр байх юм.
Монгол 50 сая малтай.
Өвлийн хахир цагийг өнтэй давахын тулд намар нь хадлан тэжээлээ сайн бэлдэж, нөөцөлсөн байх ёстой. Гэтэл залхуудаа ч тэр үү орон нутгийн эрх дархтнуудын ноёрхлоос ч тэр үү өвсөө хадаж чадахгүйд хүрээд байгаа нь хачирхмаар. Тун удалгүй л өнөөх тонн тонноор нь урагшаа гаргасан өвснүүдээ боодол, боодлоор нь буцаагаад өөрсдөө худалдаж авна гээд бод доо. Ямар улс гэхээрээ өөрсдийнхөө өвсийг буцааж худалдаж авах мунхаг сэтгэлгээтэй байдаг байна аа. Жишээлбэл, тун саяхан Сүхбаатар аймгийн Асгатад өвс хадаж буй Хятадууд "танай даргад 12 сая төгрөг өгсөн. Энэ бол манай хадлангийн талбай”гээд хээв нэг нутгийн иргэдийг оруулахгүй, өвс хадаж буй сураг дуулдсан.
Үүнд хяналт тавих ёстой орон нутгийн удирдлагууд нь Хятадуутай сүлбэлдэж, хэдэн цаас халаасалчихаад хэдэн малчдаа өвлийг дав гэж байгаа нь дэндүү харгис гэлтэй. Өнөөх багахан үнээр ачиж явсан өвсөө өвөл болохоор бидэнд хэд дахин өндөр үнээр худалдаалсаар нэлээд хэдэн жил болж байхад үүнийг малчид ч, иргэд ч тэгтлээ эсэргүүцэхгүй байгаа нь бүр сонин.
Зарим нь бүр өвс хангалттай л байна билээ хэмээн ундууцаж суухав.
Ер нь тэгээд Монголын газар нутагт эзэн нь болж төрчихөөд, энэ том газар нутагтаа малаа тааваар нь бэлчээж, өвс ногоонд мөнгө зарахгүй өсгөж чадахгүй байна гэдэг Монголоо алдсан хэрэг.
Мөн Хятадууд Монголоос хадсан өвс тэжээлээ урагш нь гаргаад хар тамхи, мансууруулах бодис хийдэг өвсийг нь ялгаж түүгээд, буцаагаад Өвөр Монгол, манайх руу худалддаг гэх дам яриа ч бий.
Олны үг ортой гэдэг дээ.
Саяхан л гэхэд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хойд талаар марихуан хийдэг өвс түүж явсан хэдэн залуучууд нутгийн байцаагчид баригдаад, хэдэн төгрөгөөр торгуулаад салсан сураг дуулдсан. Тодруулбал, Хятадууд мөнгөний шаардлагатай оюутан, залуусыг тийм төрлийн ургамал ургадаг, тархац сайтай нутаг руу явуулдаг бололтой.
Энэ мэт Монголын газар шороон дээр ургаж буй өвс ногооноос ашиг олж, бизнес хийдэг Хятадууд үй олноороо бий.
Зөвхөн зүүн аймгууд ч гэлтгүй өвсний тархалт сайтай нутгуудад Хятадуудаас их юм байхгүй байгаа тухай ярьж байна. Манай улс ийм хяналт муутай хэрэг үү, эсвэл авлигад хэт идэгдсэн улс уу. Эрх мэдэлтнүүдийн энэ мэт сул талыг ашиглаж, Хятадууд өөр юу ч хийж байж мэднэ. Өнөөдөр малын тэжээл булааж байгаа улс хэзээ нэгэн өдөр бидний, таны хоолыг булаахаар орж ирэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих