Монгол Улс дотоодын нөөц бололцоогоо ашиглаж хөгжих тухай их ярьдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ яриагаа ажил хэрэг болгосон нь цөөхөн. Тэр тусмаа эрчим хүчний салбарт бид дотоодынхоо хэрэгцээг ч хангаж чадахгүй хэмжээнд байсаар байна. Тиймдээ ч дотоодын ханшнаас 60 хувиар өндөр үнээр цахилгаан импортолж авдаг. Зөвхөн өнгөрсөн онд манай улс цахилгаан эрчим хүчний импортод 130 сая ам.доллар буюу 259 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнээс 98 сая ам.долларыг Хятадад, 32 саяыг Орост төлсөн. Энэ хэмжээний мөнгөөр тав, зургаан ширхэг Дөргөний, эсвэл Тайширын усан цахилгаан станц босгож болно гэж салбарын хүмүүс нь ярьдаг.
Тэгвэл энэ байдалд цэг тавих итгэл найдварыг өгсөн нэгэн төсөл хэрэгжихээр болсон. Энэ бол Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төсөл. Ач холбогдол, үр ашигтай байдлаараа Монголд хамгийн их хэрэгтэй, гэгээтэй үйл явдал гэж тооцогдох учиртай төсөл ийнхүү хөдлөхөөр болж байна. Хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн гэсэн үг. "Бодь интернэшнл” групп таван жилийн өмнөөс Бөөрөлжүүтийн талын хүрэн нүүрсний ордод түшиглэн 600МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц босгох их ажилд шамдсаны эцэст ийнхүү нэг тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт, бодит ажил болж байгаа аж.
Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг цогц төсөл гэж нэрлэсэн нь учиртай гэнэ. Уурхайг түшиглэсэн олон бүтээн байгуулалт өрнөхөөр болсон аж. 600 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц, 70 км урттай хос хэлхээт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамтай, жилд гурван сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхай 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Бөөрөлжүүтийн орд нь Улаанбаатар хотоос 120 км зайд оршдог учраас байршил, дэд бүтэц, хэрэглэгчдэдээ ойрхон, байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу талыг бий болгож байгаа. Тиймээс ч Хятадын хамгийн том эрчим хүч үйлдвэрлэгч компани болох "Пауэрчайна Ресурсэс” хөрөнгө оруулалт хийхээр болсон.
Эрчим хүч, эрдэс баялгийн эх үүсвэрийн арвин их нөөцтэй Монгол Улс бусдаас гэрэл, цахилгаан гуйхгүй болох төдийгүй өртөг нэмж, үнэ цэнийг нь өсгөн экспортолж эхлэх боломжтой. Энэ төсөл хэрэгжсэнээр 2019 оноос жилдээ 1.6 тэрбум кВт.цаг буюу манай улсын нийт эрчим хүчний 30 хувийг үйлдвэрлэж эхэлнэ. 2022 оноос 3.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчний системд нийлүүлэн гэрэл нэмнэ. Монголчууд, Монгол орон бусдаас гэрэл гуйхгүй, худалдаж авахааргүй болж, түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн үнэд хүргэнэ.
Эрчим хүч бол улс орны стартегийн чухал салбар. Бөөрөлжүүтийн талд ийм цахилгаан станц баригдсанаар нэгдүгээрт эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангадаг болох бололцоо бүрдэнэ. ОХУ, гадаадаас авч байгаа өндөр үнэтэй эрчим хүчийг дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр орлуулах боломж нээгдэж байгаа гэсэн үг. Хоёрдугаарт, Улаанбаатар, төвийн бүс, зүүн бүс, зүүн өмнөд бүсийн 2040 он хүртэлх эрчим хүчний хэрэглээнд чухал үүрэгтэй. Гуравдугаарт, Төв аймгийн Баянжаргалан суманд 300 гаруй хүний ажлын байр бий болно.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх жилээс эхлэх юм байна.
Д.Ирээдүй
Breakingnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих