Монгол дайчдын хөшөө нь Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршдог, Зөвлөлт, Монголын дайчид 1939 онд Халхын голын бүс нутагт милитарист Японы түрэмгийлэгчдийг бут цохисон ялалтанд зориулан энэхүү сүр жавхлант хөшөөг түүхэн ялалтын 50 жилийн ойг тохиолдуулан Чойбалсан хотод 1989 оны 7 дугаар сард сүндэрлүүлэн босгосон билээ.
Дорнодын уудам ногоон талд цэцэг мэт ургуулан сийлсэн хаш цагаан гантигаар ялалтын хаалгыг сүндэрлүүлэн босгож, орой дээр нь алтан соёмбоо цэнхэр тэнгэрт мандуулсан юм.
Ялалтын хаалганы гол тэнхлэгээс сум мэт дүүлэн, эх орныхоо дархан хил хязгаарыг баатарлагаар хамгаалсан Монгол цэрэг, дайчин эрийн дүрийг аранзан зэс морьтой сүрлэг хөшөөгөөр илэрхийлж харуулсан. Зэс морьтой хөшөөний гантиг сийлбэр хээ бүхий ялалтын хаалганы хананы дотор талд номин цэнхэр өнгөөр Халх голын урсгалыг дүрслэн харуулснаар уг хөшөөний суурин хэсэг дэх амьд байгальтай хослон манай ард түмний амьдрал мөнхжин цэцэглэхийг билэгдэн ерөөсөн юм. Хөшөөний ард талын нуман хэлбэртэй хоёр хананд дайн ба ялалт гэсэн монументаль, өнгөт мозайкаар Халх голын дайн эхэлсэн анхны өдрөөс дайн ялалтаар дуусах хүртэлх баатарлаг үйл явдлыг дэлгэн харуулжээ. Хөшөөг БНМАУ-ын шагналт архитекторч Д.Чойжилжав, Г.Цэрэндорж, уран барималч Л.Бэхбат, зураач Д.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй зохиогч хамт олны бүтээсэн төслөөр барьжээ. Аймгийн Барилгын цэргийн 030-р анги, чулуу олзворлолтын үйлдвэрийн хамт олон оролцон, барьж байгуулсан. Хөшөөний баруун зүүн талд 1939 онд байлдаан болж байсан Ремизовын өндөрлөгөөс зүүн урагш 1.5 км –т хөрсөн доор байсан БТ- 7 танкийг авчран байрлуулсан байна.
Эх сурвалж: www.discover-dornod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих