Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.29/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр валютын ханшийн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.
Мэдээллийн эхэнд тэрбээр Монголбанкийг валютын ханшийн өөрчлөлтөд ямар нэгэн оролцоогүй байгаа мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр ташаа мэдээлэл цацагдаж байгаад тайлбар хийж байгаагаа онцлоод "Төв банк /МонголБанк/-ны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь тус банкны нэг үндсэн чиг үүрэг болохыг заасан байдаг. Үүнд ханшийн тогтвортой байдал ч тодорхой хэмжээгээр багтдаг. Тиймээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана. Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад ард иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлдөг. Ихэнх зээлдэгч нар вальютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” хэмээн мэдэгдэв.
Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 10.5-аас 15 хувь болгож өсгөж, валютын нөөцөө хамгаалах, хурдтай өсөж байгаа валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах зарчмыг баримталсан байна. Түүнчлэн цаашид их хэмжээний валют гаргаж интервенци хийх замаар ханшийг тогтворжуулах боломж манай улсын хувьд хомсдож байгаа аж. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, "Өнгөрсөн жилүүдэд ихэвчлэн интервенци хийснээр гадаад валютын нөөц багассан. Бид цаашид интервенци хийх ч гэсэн гол зарчим болгон ажиллахгүй. Үүний хажуугаар мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх уламжлалт аргаа хэрэглэсэн. Энэ нь цаанаа хүмүүст хүнд тусах хэдий ч эдийн засгийн суурь нөхцөл байдал сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, экспорт, импортын урсгал нэмэгдэх тусам Монголбанк бодлогын хүүгээ бууруулах арга замыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ” хэмээв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих