Сонгуулийн дараа бүрэлдэн тогтсон шинэ парламентын намрын чуулган өнөөдөр эхэлнэ. Энэ намрын чуулганаар олон чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Тэгвэл эдгээрээс хамгийн түрүүнд хийх ёстой чухал хууль нь мэдээж ирэх жилийн төсөв юм.
Сангийн яам болон Засгийн газраас ирэх жилийн төсвийг тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-д өргөн барьсан. Албаныхан ирэх жилийн төсөвт татвар нэмэх талаар тусгаагүй гэдгийг онцолсон юм.
Улс эх орон эдийн засгийн хүнд байдалд орсон энэ үед хэрхэн аврах, яаж сэргээх, эдийн засгаа эрчимжүүлж эрүүлжүүлэх талаар эрх баригчид төдийгүй эдийн засагчдын толгойны өвчин боллоо. Манай орны төсвийн нөхцөл байдал хүндэрсэн, ирэх жилээс төлж эхлэх бондын эргэн төлөлт, замбараагүй, сахилга батгүй хэтэрхий үрэлгэн төсөв зэрэг олон чухал асуудал тулгараад байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн АСЕМ-ын үеэр хэд хэдэн томоохон өрийг тэглэсэн ч дэндүү алдагдалтай төсөв одоог болтол дорвитой нөхөн сэргэлт авахгүй байсаар байгаа. Эдийн засагчдын үзэж буйгаар энэхүү хямрал ойрын нэг хоёр жилдээ үргэлжлэх бөгөөд төсвийн зөв бодлого барихгүй бол тун удахгүй Грекийн араас ороход Монгол Улс бэлэн байна.
Төсвийн хүндрэлээс гарахын тулд томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх эсвэл татвар нэмж, халамжийн үйлчилгээгээ танана гэх зэрэг аргууд байгаа ч эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед иргэдийнхээ нуруунд ийнхүү ачаа үүрүүлж болохгүй юм. Тийм ч учраас саяхан батлагдсан төсвийн тодотголд дээрх асуудлыг багтаагаагүй билээ.
Тиймээс төсвийг эхнээсээ зөв, сахилга баттай, элдэв хэрэггүй зардлыг нь танаж хасаад зөв бөгөөд "эрүүл" төсвийг батлах хэрэгтэй. Мөн энэ намрын чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэх зэрэг олон чухал хуулиудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Өнөөдрийг чуулганы нээлт 10.00 цагаас болно. Үүний дараагаар намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана.
Ч.Ган
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих