Гаити болон бусад гурван оронд 114 хүний амийг авч одсон "Мэтью” хар салхи АНУ-ын Флорида муж улсыг чиглэн ирж байна.
"Мэтью” хар салхи Карибын тэнгисийн Багамын арлуудын ойролцоо ирээд байгаа бөгөөд пүрэв гарагийн үдээс хойш баруун хойд зүгийг чиглэсэн тухай АНУ-ын цаг уурын байгууллага мэдэгдэв. Хар салхины хүч улам нэмэгдэж байгааг мөн дурджээ.
Хар салхи 220 км/цагийн хүчтэй шуурга үүсгэсэн байна.
"Мэтью” хар салхи мягмар гарагт Гаитид хүрсний дараа үер буусны улмаас наад зах нь 108 хүн амиа алдсан байна. Үүний зэрэгцээ 3000 гаруй орон сууц сүйджээ. Зарим алслагдсан нутгуудад ямар хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл хараахан ирээгүй байна.
Энэ хар салхи пүрэв гарагаас бямба гарагийн хооронд АНУ-ын өмнөд нутагт хүрэх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Флорида муж улсад онцгой байдал зарлаж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.
Мөн Флорида болон бусад гурван муж улсад хоёр сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгчээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих