МСНЭ-ээс жилд нэгээс хоёр удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг сэтгүүлчидтэй уулзуулж, тухайн цаг үеийн асуудлуудаар ярилцуулж байх саналыг өмнө нь тавьж байсан юм. Тэгвэл өнөөдөр МСНЭ-ээс санаачлан "Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаг үеийн сонирхол татсан олон асуултад хариулт өгөв.Сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл нарын удаа дараа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагад хөндөгдсөн сэдэв зэрэг нийгмийн зүгээс хариулт хүлээж байгаа асуултуудыг асууж, Төрийн тэргүүн тэдгээрт дэлгэрэнгүй хариулсан юм.
Ингээд Ерөнхийлөгчийн хэлж ярьсан үгсээс хүргэж байна.
Тэрбээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мэдэгдэл хийсэн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ "УИХ-ын дэд даргын албан тушаал бол Монгол Улсын төрийн албан тушаалын дөрвөн томын нэг. Дэд дарга мэдэгдэл хийнэ гэдэг бол дөрвөн томын нэг л дээ. Харин бусад гурав нь үүнд оролцсон эсэхийг би мэдэхгүй байна. Надад "Эрдэнэт”-ийн нэг ч хувийн хувьцаа байхгүй гэдгийг дахин хэлье.Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард "Эрдэнэт”-ийг бодсон, ард түмнийг бодсон нэг ч үнэр байхгүй. Харин "Эрдэнэт”-ийн шалгах гэсэн ажлын хэсгийн дарга болон УИХ-ын дэд дарга хоёр хуйвалдаан байна. Танил тал, хувийн ашиг сонирхол харагдаад байна. Би яагаад Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан гэж хараад байна вэ гэхээр Засгийн газар байгуулагдаад шууд Өмнөх засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож болно. Тэд зүгээр л цаг хүйтрэхийг хүлээсэн байна. Зөвхөн материал цуглуулах л ажил хийсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ бол зүгээр улс төр. Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг. Сүүлчийн цамцаа урагдтал би тэмцэнэ ээ ч гэх шиг. Ц.Нямдорж намаа тэгж хэлэх хүн мөн үү. Зүгээр сүржин мэдэгдэл.” гэсэн юм.
За харин С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор хэлэхдээ "Би Ерөнхийлөгчийн албанд томилогдсон өдрөөсөө эхлээд л С.Зориг агсны хэргийг илрүүлэх хэрэгтэй гэж бодож ирсэн. Энэ хэргийг илрүүлэх хэрэгтэй ч гэж боддог. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан даа.
Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй. Сүүлийн үед энэ ажилд ахиц гарч байна. Энэ хууль хяналтын байгууллагуудын ажилд Э.Бат-Үүл талархах хэрэгтэй, иргэд баярлах хэрэгтэй. Малыш Энхтүвшин над руу мессэж бичнэ гэж байхгүй. Тэр бол худлаа. Би сая С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөхдөө л тэр хүнийг харсан. Би хуулийнхан сайн ажиллаж байна гэж хэлмээр байна. Э.Бат-Үүлийг би үргэлж дэмжиж ирсэн. Баатар болтол нь дэмжсэн дээ. Цаашдаа ч дэмжинэ. С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүст хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байхгүй. Хэлмэгдүүлэх ч ёсгүй. Энэ хэргийг эхнээс нь тагнуулын байгууллагад харьяалагдсан учир нууц байгаа байх. Гэхдээ энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр ил байна гэдэгт би итгэж байна. Би Ерөнхий прокуророос асууж тодруулдаг. Хэрэг шүүхийн шатандаа очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа болов уу гэж харж байна. Аюулгүйн зөвлөлөөс С.Зоригийн хэргээр тусдаа зөвлөмж ч гаргасан.” хэмээн хэллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих