Улстөрчид шоудаж болох ч нэг сэдвээр олон удаа биш гэдгийг энэ удаа эрхэм дэд дарга нотоллоо.-
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр
Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээж түүнийг ордны "Сүхбаатар” танхимд орж ирэхээс өмнө чухам юуны
талаар мэдээлэл хийх гэж байгаа нь сэтгүүлчдэд тун сонирхолтой сэдэв
байлаа. Учир нь тэр байж байгаад нийгэмд гэнэтхэн тэсрэлттэй мэдээлэл
хийдэг хүн. Тэр ч утгаараа мань дэд даргыг хүлээсэн биз. Гэтэл дахиад л…
Тэр дахиад л "Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой мэдээлэл хийв. Гэхдээ
түүний өгсөн мэдээллээс харахад УИХ-ын дэд даргын "Эрдэнэт”-тэй
холбоотой шоуны төгсгөл иржээ гэж харахаар байлаа. Парламентын дэд дарга
"Би Эрдэнэттэй холбоотой хоёр баримт мэдээлье. Эрдэнэт үйлдвэрийнхэн
өнгөрсөн наймдугаар сарын 25-нд шохой, ган төмөр нийлүүлэгчээр Хөтөлийн
цемент шохойн үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй 2017-2021 он
хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулжээ.
Ингэхдээ Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт урьдчилгаа төлбөр болгож 15
тэрбум 258 сая төгрөгийг жил бүрийн эхний сард шилжүүлж байхаар гэрээ
хийсэн байна. Мөн Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт урьдчилгаа 40 хувь
болох 87 тэрбум 119 сая төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5
хоногийн дотор шилжүүлэхээр заажээ.Энэ оны Эрдэнэт үйлдвэрийн төсөвт
төвлөрүүлэх татвар дутаад байсны учир нь энэ. Нийтдээ 100 орчим тэрбум
төгрөгийг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийгээгүй байхад шилжүүлсэн
байна” гэхчилэн ярьсан.
Ингэхдээ дээрх гэрээнүүдийг шалгах ёстой гэдгийг ч мөн дуулгасан.
Тодруулбал сэтгүүлчид түүнээс "Гэрээнүүд хуулийн хүрээнд хийгдсэн үү,
бүлгийн гишүүдтэйгээ ярилцсан уу, баримтаа хаанаас авсан бэ” гэх зэргээр
асуухад тэр тун энгийн бөгөөд нэгэнт шийдэгдчихсэн асуудлыг хөндсөн нь
илэрхий байв. Тухайлбал дээрх асуултуудад "Гэрээ хийсэн үйл явцыг
шалгана.Энэ асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлэхээр болсон.Би УИХ-ын
гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд өмнөх хэвлэлийн хурлын мэдээллийг
Татварын ерөнхий газарт хүсэлт гаргаж авсан. Мөн Эрдэнэт үйлдвэрт
ажиллаж байгаа хүмүүс надад мэдээлэл явуулж байна. Би аливаа зүйлийг
баримттай ярьдаг хүн” гэж хариулсан.
Угаас Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан "Эрдэнэт үйлдвэр”-тэй
холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт гарчихсан. Тэр байтугай
дүгнэлтийг нь өнгөрсөн долоо хоногт буюу 11-ний өдөр Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцээд өмнөх Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль
болон бусад хууль тогтооомжийг зөрчсөн эсэх, тухайн үеийн Сангийн сайд,
Гадаад хэргийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарын тушаал, "Эрдэнэт”
үйлдвэрийн шинээр томилогдсон ТУЗ-ийн шийдвэрүүд нь холбогдох хууль
зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад хандахыг
холбогдох сайд нарт даалган, дүгнэлтээ УИХ-д танилцуулахыг Ажлын хэсгийн
ахлагч, Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон.
Ердөө л энэ. Товчхондоо бол Засгийн газар "Эрдэнэт”-тийг тойрсон
асуудлыг шийдвэрлэхээр болж, эцэст нь УИХ-ын чуулганы танхимд
танилцуулна гэчихсэн. Гэтэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж дахин энэ сэдвийг
хөндөж байгаа нь түүнд өөрөөр боорлох сэдэв үгүй болчихсон мэт
сэтгэгдлийг олон нийтэд төрүүлсэн нь ойлгомжтой.
Түүнийг олон жил парламентад суусан туршлагатай улстөрч гэхээс гадна
улстөрчдийн аливаа асуудлыг ихэд сайн мэддэг "хар хайрцаг” гэх нь ч бий.
Гэтэл өдгөө нэг асуудлыг хэд дахин ийн дэлгэсэн нэр зүүж олны анхаарлыг
татаж байгаа нь цаанаа өөр учир, жанцантай юм биш байгаа гэх хардлагыг ч
төрүүлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрлэснээр төрийн дөрөв дэх том
хүний хийж буй мэдээлэл ноцтой байж мэднэ хэмээн "Эрдэнэт”-ийн талаарх
анхны мэдэгдлийг олон хүн сонирхсон. Гэвч монголчууд өмчөө авсан гэдэг
асуудал хөндөгдөж, ерөнхийдөө намжмал болсон.
Харин хоёр дахь нь буюу өчигдөр дахин сэтгүүлчдийг цуглуулсан нь Орон
нутгийн сонгуультай холбоотой юм биш биз гэх агуулгыг дагуулсан. Энэ
талаар сэтгүүлчид ч асуусан. Харин мань хүн "Аль нэг сонгуультай огт
хамаагүй” гэж хатуухан мэдэгдэнэ билээ.
Сонгуультай холбоогүй л юм бол тэр УИХ-ын дэд дарга байж яагаад заавал
Засгийн газрын ажил руу яаран, ханцуй шамлаад байна вэ. Угаас УИХ-ын
чуулганыг 18-ныг дуустал түр завсарлуулчихсан байгааг мань дарга хамгийн
сайн мэдэж байгаа. Маргааш монголчууд Орон нутгийн сонгуульд саналаа
өгөөд, нөгөөдөр ажлаа үргэлжүүлнэ. Тэгэхэд УИХ-ын чуулган ч хуваарийн
дагуу үргэлжлэх учиртай.
Ийм товчхон асуудлыг дэвэргэх гээд одоо түүнд хэрэггүй. Үнэхээр
сонгуультай холбоогүй л юм бол тэр зүгээр л Засгийн газрын байгуулсан
ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж болох байсан. Гэвч тэгсэнгүй, тэссэнгүй.
Түүнчлэн тэрбээр өчигдөр хийсэн хэвлэлийн хурлаараа "би үхэхээр чи үх”
гээд эх сурвалжаа юу руу ч түлхэж мэднэ гэдгээ ч харууллаа. Тэрбээр
"Б.Чойжилсүрэн надад материал бэлтгэж өгөөд байгаа юм байхгүй. Ямар ч
үед материал аваад танилцах эрх нь надад бий. Засгийн газарт энэ
баримтууд байхгүй. Наймдугаар сарын 25-нд байгуулсан гэрээнүүд ч Засгийн
газарт байхгүй. Нотлох баримтын хэмжээний баримтууд надад бий. Эдгээр
зарим баримтыг Эрдэнэтэд ажиллаж байгаа хүмүүс илгээж байна. Худал
хуурмагт дургүй хүмүүс их бий. Тэд надад баримт өгч байгаа” гэсэн.
Айхтар агуулга… Тэр УИХ-ын дэд дарга учраас мэдээж төрийн
байгууллагуудаас эрх мэдлийнхээ хүрээнд, ажлын шугамаар мэдээлэл авах
эрх нь нээлттэй. Гэвч Засгийн газарт байхгүй баримтыг цуглуулж чадсан.
Айхтар "чекист”. Бас өөрийгөө болон дотны хүнээ хамгаалахын тулд эх
сурвалжаа мэдээллийн хэрэгслээр ч дэлгэж чадах, айхтар "амиатах” нөхөр
юм гэдгээ ч бас харууллаа.
Улстөрчид шоудаж болох ч нэг сэдвээр олон удаа биш гэдгийг энэ удаа
эрхэм дэд дарга нотоллоо. Үнэндээ УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Эрдэнэт
үйлдвэр”-ийг "мэрсэн” шоуны төгсгөл ирэв бололтой.
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих