Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас 1960 онд цэргийн албанд ирж Улаанбаатар хотын Улаанхуаранд хурандаа Жамган захирагчтай мото буудлагын хорооны бага даргын ротод алба хааж байсан Сангидоржийн Халзан гуайн ротыг 1961 оны намар гэнэт түргэний дохиогоор сэрээн жагсаажээ. Төдөлгүй дарга нар ирж тус хорооноос 300 орчим цэргийг ялган гаргаж үнэмлэх бичиг шийтгэж олгон монгол дээл өмсгөн төмөр замын буудал дээр авч ирээд Вьетнам уруу бэлгэнд явуулж байгаа адуу хүргэх тушаал өгчээ. Арваад вагонд дүүрэн адуу ачсан байх бөгөөд нэг вогонд дунджаар дөч тавиад адуутай. Вагон бүрт 7-8 цэрэг хуваарилагдан өвс усыг нь өгч 7 хоног явахад Халзан гуайн хариуцсан вагонд аргагүй л нүдэнд туссан хур дэлтэй, урт сайхан сүүлтэй, тэгш дүүрэн хондлойтой, өндөр сайхан хүрэн халзан морь явсан.
Харин нөгөө вагонд нэг сайхан хар хүрэн азрага явна гэж цэргүүд ярилцаж байлаа. Тэр хоёр морийг цэргүүд шагшин магтаж хайрлан өрөвдөж моринд хайртай буриад цэрэг Төгсөө гэдэг ийм сайхан амьтдыг юунд ингэж хүний нутаг руу явуулж байдаг юм болдоо гэмээн нулимс унагаж байсан гэдэг.
Тэр хоёр морь вагон дотор хажуу дахь морьдоо хазаж хайрч тас тангаран амьтан хүн ойртуулахгүй уурсан дошгирч байсан бөгөөд тэдэнд өвс тэжээл өгөхөд хаалгаар өгөх аргагүй тул цонхоор л өвс тэжээл хүрздэн өгч явсан ажээ. Ингээд эцсийн зогсоол дээр ирэхэд Вьетнамчууд морьд хүлээн авахад бэлтгээд төмөр замын буудлыг өндөр хашаа барьж битүү торлон хамгаалаад буудал дээр буусан адууг шууд тэр торон хашаанд оруулаад цааш нарийн хоолойгоор дамжуулан авахаар тохируулан бэлтгэсэн байжээ. Буудал дээр ирээд морьд буулгахаар вагоны хаалга нээхэд нөгөө хээр азрага, хүрэн халзан морь хоёр хамгийн түрүүн үсрэн буугаад хээр азрага хамраараа салхи татан хэд хүчтэй агаар сорон үнэрлэснээ тэр өндөр торон хашаан дээгүүр хүрэн халзан морьтой хоёулаа харайн гараад тэр их битүү ой шугуй руу шурган алга болжээ. Хүмүүс хойноос нь хөөцөлдөөд хүрэн халзан морийг нь барьж ирсэн боловч хар хүрэн азаргыг нь барьж чадалгүй алдчихсан гэдэг.
Гэтэл 1961 онд Төв аймгийн Мөнгөн морьт сумаас тусламжийн агтанд явуулсан адуунаас нэг хар хүрэн азарга 1963 онд нутагтаа гүйж ирсэн нь монгол түмнийг бишрээсэн хайрлам үйл явдал болж билээ.
Уг морины эзэн адуучин эр нэг өглөө адуугаа хураахаар хүрээд иртэл адууны захад нэг сарлагийн тугал шиг бөөдийсөн хар юм хэвтэж байж гэнэ. Яваад очвол 3 жилийн өмнө вьетнамын дайнд илгээсэн өөрийнх нь хар хүрэн азрага ижлийнхээ дэргэд ирчихсэн хэвтэж байж. Хамаг бие нь шарх сорви болсны дээр эцэж тураад арьс яс болсон амьтан эзнээ дөхөн очиход толгойгоо өргөн үүрсэж байсан гэдэг. Эзэн нь үүнийг үзээд өөрийн эрхгүй бууж толгойг нь тэвэрч аван уйлж байжээ. Ёстой тураг шувуу нисэж үл хүрэм туурайт хүлэг туулж үл барам тэр хол газраас олон ус мөрөн гатлан, олон улс гүрний хил давж, замын хүнд баригдан тушигдан хүлэгдэж чоно нохойд хөөгдөн шарх сорви олсон ч зөвхөн нутагтаа гүйж ирж чаддаг чанар ганцхүү гайхамшигт монгол адуунд л байдаг байна. Энэхүү азаргыг тухайн үеийн Улаанбаатар захиргаа худалдан авч гүү хураалган Богд ууландаа дархлан тавьсан билээ.
https://www.facebook.com/bb.dodo/posts/1075953182518325
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих