Тагнуулын ерөнхий газрын дэд дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр Тагнуулын ерөнхий газрын дэд даргын албан тушаалд өнгөрсөн оны наймдугаар сард томилогдож байжээ. Харин Ерөнхий сайдын захирамжаар энэ сарын 21-нд ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа юм. Тэрээр мэргэжлээрээ 30-аад жил ажиллаж байгаа аж.
-Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг албан тушаалаас нь чөлөөллөө гэсэн мэдээ л хэвлэлүүдээр гарсан. Харин яг юунаас болоод гэдэг шалтгаан нь тодорхойгүй үлдсэн. Зургаан жилийн хугацаатай томилсон хүнээ Ерөнхий сайд яагаад гэнэт чөлөөлсөн юм бол?
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж ярьсныг та бүхэн мэдэж байгаа байх. Үүнтэй холбогдуулаад сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан эсэхийг манай байгууллага шалгасан. Огцорсон шалтгаан маань энэ л болчих шиг боллоо.
-Яагаад энэ шалгалт таныг огцруулах шалтгаан болсон гэж. Гүйцэтгэх ажиллагаа явуулсан эсэхийг шалгахдаа зөвшөөрөл аваагүй юм уу?
-Үүрэг өгсний дагуу л шалгана шүү дээ. Х.Тэмүүжин сайд прокуророор дамжуулаад Тагнуулын ерөнхий газарт өргөдөл гаргасан. Эрүүгийн цагдаагийн газраас над дээр гүйцэтгэх ажиллагаа явууллаа, үүнийг шалгаж өгнө үү гэсэн өргөдөл байсан.
-Хэзээ өгсөн өргөдөл билээ?
-Дөрөвдүгээр сарын эхээр ирсэн өргөдөл л дөө. Томилолтоор ажиллаад ирсний дараахан 14-15-ны үед Ерөнхий сайд намайг дуудаад энэ асуудлыг яагаад шалгахгүй байна вэ гэсэн. Би шалгалт явагдаж байгаа гэдгийг хэлэхэд Ерөнхий сайд "Түргэн шалга, хурдан хариуг нь өг″ гэсэн. Тэгэхээр нь Тагнуулын ерөнхий газрынхаа мөрдөн шалгах хэлтэст үүрэг өгөөд Эрүүгийн цагдаагийн газар руу яаралтай орж шалгалт хий, Х.Тэмүүжин сайдад үнэхээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна уу. Үнэн зөвийг тогтоо гэсэн үүрэг өгсөн л дөө. Энэ үүргийн дагуу манай Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгалт явуулсан. Шалгалт хийхэд гүйцэтгэх ажиллагаа явуулсан зүйл алга аа, тиймээс тогтоол үйлдчихээд ирлээ гэж хэлтсийн дарга маань танилцуулсан. Маргааш нь Нийслэлийн прокурорын газар хэргийг татаж аваад танилцуулах явцад манайх дүгнэлтээ танилцуулсан. Нийслэлийн прокурор танилцаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл алга аа гэсэн.
-Дүгнэлтийг прокурор гаргадаг юм уу?
-Тэгнэ. Бид гүйцэтгэх ажиллагаа явуулсан эсэхийг шалгаад прокурорт хандана. Прокурор дүгнэлт гаргана. Процедур нь тийм юм. Прокурор эрүүгийн цагдаагийнхан Х.Тэмүүжин сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан эсэхийг шалга гэсэн. Шалгасан, дүнгээ танилцуулсан. Ердөө л энэ.
-Гэтэл…
-Дөрөвдүгээр сарын 21-нд Ерөнхий сайд Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан бид хоёрыг дуудсан л даа. Шалгалт явуулсан уу, ямар дүн гарав гэсэн. Манайх шалгалтаа явуулаад прокурор эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл алга гэсэн байсан болохоор үүнийгээ л танилцуулсан. Болсон процессыг танилцуултал Ерөнхий сайд "Тэгвэл тантай цаашид ажиллах боломжгүй. Ажлаа өг″ гэсэн. Тэр өдөртөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас захирамжийг Тагнуулын ерөнхий газарт ирж танилцуулсан.
-Тэр доор нь л тушаал гаргачихаж байгаа юм уу?
-Тийм. Ердөө хоёр цагийн дараа л ирж танилцуулж байгаа юм. Эрдэнээг Тагнуулын ерөнхий газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн захирамж байсан. Гэхдээ би ажлаа өгөөгүй л байгаа. Яагаад гэхээр би үнэн бодит байдлыг байгаагаар нь шалгаад л гаргасан. Намайг буруутгах шалтгаан гаргаагүй л гэж бодож байна. Яах ёстой байсан байж таарах вэ.
-Хариу нь тэдний хувьд ганцхан л байх байсан юм биш үү?
-Би бол хуулийн дагуу л ажилласан. Хуулийн хүрээнд шалгалт явуулсан, хуулийн дагуу дүгнэлтээ прокуророор гаргуулсан. Прокурор тэр хэрэг дээр нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл алга аа гээд гаргачихсан байхад л Ерөнхий сайд та ажлаа өг дөө гэсэн.
-Прокурорын дүгнэлтийг албан бичгээр ч юм уу, Ерөнхий сайдад хүргүүлсэн байсан уу?
-Үгүй. Албан бичиг явуулаагүй байсан.
-Н.Алтанхуяг Ерөнхий сайд хамтран ажиллах боломжгүй гэсэн юм байна. Та мэдээж яагаад гэсэн асуулт тавьсан л байлгүй. Юу гэж байх юм.
-Би тэгж ч асуугаагүй л дээ.
-Хууль зүйн сайд яагаад өөр дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гээд байсан юм бол. Та бүхнийг шалгах явцад Х.Тэмүүжин сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх магадлалтай сэжиг таамаг огт гараагүй юу?
-Ямар ч хүн хардаж сэрдэж болно. Тэр эрх хэнд ч нээлттэй. Гэхдээ үнэхээр тийм гэж бодож байгаа бол тодорхой таамаг, баримт гаргаж өгөх ёстой л доо. Х.Тэмүүжин сайдын тухайд сэжиг төрсөн байж болно. Харин үүнийг нь Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаад гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй юм байна аа гэсэн. Прокурор танилцаад дүгнэлт гаргасан.
-УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооноос бас бичиг явуулсан гэсэн үнэн үү?
-Тусгай хяналтын дэд хорооноос "Шалгалтын явцыг танилцуулна уу. УИХ-ын гишүүн бөгөөд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм уу. Эрүүгийн хэрэг үүссэн юм уу” гэсэн бичиг ирүүлсэн. Бид албан ёсны хариу өгөөгүй байсан. Шалгаж дуусаад бүх юм жин тан болсны дараа танилцуулна гэж байсан юм. Мэдээж харьяанд нь байдаг хүчний байгууллага танилцуулах үүрэгтэй. Бүрэн гүйцэд шалгаж дуусаад танилцуулах үүрэгтэй. Гэтэл прокурорын дүгнэлт дөнгөж гарангуут л намайг ажлаас чөлөөлчихөж байгаа юм. Прокурор тэр хэргийг татаж авч үзэх эрхтэй. Тэр хүрээнд л прокуророос дүгнэлтээ гаргасан байсан. Би тэр үед Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг түр орлож байсан. Энэ хугацаанд л ийм асуудал болсон доо. Би гүйцэтгэх ажлын хуулийн хүрээнд хийх ёстой зүйлээ бодит үнэн зөвөөр нь л явуулсан.
-Та үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа бол зохих шатны байгууллагуудад хандах уу?
-Цаашид холбогдох газруудад хандана даа. Би ажил дээрээ алдаа гаргасан бол албан тушаалтай зууралдаад байхгүй. Хариуцлагаа хүлээгээд л яваад өгнө. Энэ тохиолдолд би яах ёстой юм бэ. Шударга үнэний төлөө явна биз дээ. Үүрэг хүлээсэн ажлаа үнэн зөвөөр нь хийлээ. Тийм байхад ажлаас чөлөөлнө гэдгийг ойлгохгүй байна.
-Таныг энэ байгууллагын дэд даргаар томилогдох үед мэргэжлийн хүн очлоо хэмээж байсан. Гүйцэтгэх ажиллагааг ер нь яаж явуулдаг юм бэ. Тэр хүнийг тагнамаар байна гэхээрээ л шууд гүйцэтгэх ажиллагаа явуулж болдог юм уу?
-Гүйцэтгэх ажлын тухай хуулийн хүрээнд, хуульд заасан бүх заалтыг үндэслэл болгож гүйцэтгэх ажил явуулдаг. Энэ хуулиас зөрж хийсэн бол гүйцэтгэх ажиллагаа явуулсан этгээд буруутна. Энэ хуулиа л хатуу мөрддөг ажиллагаа. Тэрнээс биш хэн дуртай нь хүрч ирээд тагнаад, чагнаад эсвэл ажиглаад явдаг юм байхгүй.
Бүх зүйл прокурорын зөвшөөрөлтэй явагддаг. Гүйцэтгэх ажиллагаа явуулах үүрэг өгөх эрх бүхий албан тушаалтан бүгд үүнийг сайн мэднэ, сайтар баримталдаг. Дахиад хэлье, гүйцэтгэх ажлыг зөвхөн прокурорын зөвшөөрлийн дагуу явуулдаг.
С.ОНОНТУУЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих